Чихэвч зүүсэн хоёр охин галт тэргэнд дайруулж амиа алджээ

 

Энэ сарын 7-ны өдөр 17-21 насны хоёр охин галт тэргэнд дайруулж, газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хохирогч эмэгтэйчүүд чихэвчтэй, хоёр малгай давхарлан өмссөн байсан гэнэ. Галт тэрэг дуут дохио өгсөн ч тэд сонсолгүй явсаар төмөр замын гармаар гарч дайруулсан болохыг тогтоосон байна. Үнэхээр харамсалтай...

 Хайран сайхан амиа нэг муу "Чихэвч"-нээс болж алдаж байгааг юу гэж ойлгох вэ. Хайхрамжгүй, хэнэггүй зан гэх үү, аминаасаа уйдсан үйлдэл гэх үү. Юу гэж хэлсэн ч, өдгөө монголчуудын дунд тэр дундаа залуус "Чихэвч"-инд дөнгүүлдэг болжээ. Өөрсдөө тэрийгээ мэдэхгүй байгаа нь бүр өрөвдөлтэй. Өдгөө чихэвчний зохисгүй хэрэглээнээс болж, чихнээсээ салсан олон жишээг ярьж болно. Тухайлбал, Нэг танил маань “өрөөсөн” чихтэй. Хар багаасаа л электрон тоглоомонд донтож, компьютерын гар нүдэж суудаг байсныг ойр дотно хүмүүс нь сайн мэднэ. 30 хүрч яваа хэрнээ одоо ч гэсэн энд тэндхийн тоглоомын газрууд хэсдэг хэвээр. Түүнийг би олон жилийн өмнөөс мэддэг ч баруун чих нь таг дүлийг гадарлаагүй. Учир шалтгааныг асуутал чанга дуу чимээнээс болж, сонсгол нь муудсаар сүүлдээ нэг чих нь дүлийрчээ. Үйлдвэрт ажиллаж байгаагүй түүнийг ямар гээчийн дуу чимээ ийм болгосон нь надад сонин байв.

Гэтэл компьютер тоглохын тулд чихэвч байнга зүүх шаардлагатай, тэгэхгүй л бол дотор нь “орж” чаддаггүй юм байх. Тэр тусмаа тоглоомын газарт орчны чимээ ихтэй учир чихэвчнийхээ дууг хамгийн чанга дээр нь тавьдаг байжээ. Үүндээ аажмаар дасаж, чихэвчээ чангалж сонсохгүй л бол “кайф” авахаа байсан гэнэ.

Харамсалтай нь ингэх бүрт сонсголын эсүүд нь бага багаар мөхөж, дахин хэзээ ч сэргэхээргүй болсныг сүүлд мэджээ. Эхэндээ чих нь шуугьж, хатгуулан, сүүлдээ булаг гоожсоор хэнгэрэг нь цоорсон байна. Одоо хүртэл “онгорхой” чихтэй, хүнтэй юм ярихаараа нүүр нүүрээ харахын оронд нөгөө чихээ “өгдөг” болсноо надаас нуугаагүй юм.

 

 

Чихнээсээ салах уу, Чихэвчээ зохистой ашиглах уу?

 

 Тэгвэл түүний чихгүй болсон түүх эдүгээ өөр нэгэнд давтагдахгүй гэх баталгаа алга. Хөгшин, залуугүй хаана ч явсан чихнээсээ байнга л “нэг юм” уячихсан харагдана. Автобусанд хажууд зогсох залуу рок хөгжим сонирхдог нь илт, хүрэх газраа очтол би өнөөх дуунуудыг нь ээлжилж сонссоор байгаад цээжлэнгээ алдав. Яах вэ, надад бол уйдахааргүй л байсан. Гэхдээ чихэвчний хөгжмийг дэргэдэх хүмүүст сонсогдохоор чарлуулах өөрт нь ямар их дарамт, ядаргаа болдог бол.

Иймэрхүү залуус, охидтой нийтийн унаанд бишгүй л тааралдана. Хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд хамаагүй л гэнэ байх. Гэхдээ чихэвчнээс үүдэлтэй өвчин гэх шинэ нэр томъёо үүсчихээд байна, цаана чинь. Мэдлэг мэдээлэл хомс байгаагаас хүүхэд, залуус эрүүл саруул эрхтнээ эрэмдэглэж буйгаа мэдэхгүй байна шүү дээ. Бүр цаашлаад амь насаа алдахад хүртэл хүрч байна. "Чихнээсээ салах уу, Чихэвчээ зохистой ашиглах уу" гэсэн сонголт танд буй. 

 

С.Баяр