“Өргөө” амаржих газрын хагалгааны өрөөг битүүмжилжээ


 

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн давхар тааз өнгөрөгч аравдугаар сард нурсан билээ. Тухайн үед онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын газрынхан ажиллаж, дүгнэлтийг удахгүй гаргаж, асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн. Гэвч энэ асуудал эцэстээ шүүхэд шилжжээ.

Асуудал “Өргөө” амаржих болон тухайн тасгийн барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Цаст констракшн” компаний хооронд шүүхийн шатанд явж байгаа аж. Одоогоор шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа аж. Харин энэ хугацаанд тааз нурсан хагалгааны өрөөг эд мөрийн баримт болгож битүүмжилжээ.

Улмаар энэ хугацаанд тус эмнэлгийнхэн яаралтай хагалгаагаа хийх боломжгүй болоод байгаа юм. Амаржихынхны хувьд өдөрт 5-6 яаралтай хагалгаа хийдэг байна. Гэвч энэ дөрвөн сарын хугацаанд яаралтай хагалгаагаа бүгдийг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлэхээс аргагүйд хүрчээ. Харин энгийн хагалгаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа гэлээ.

Дашрамд дуулгахад, тус амаржихын эмэгтэйчүүдийн мэс заслын өрөө бүхий өргөтгөлийг дөнгөж 2013 оны нэгдүгээр сарын 29-нд ашиглалтад оруулжээ. Албаныхны мэдээлж буйгаар гадаадын тусламжаар 7.2 сая төгрөгөөр “Цаст констракшн” компани гүйцэтгэж байсан гэлээ.