Тайваний арми бэлэн байдалд орлоо

Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн Хятадын цорын ганц нисэх онгоц тээвэрлэгч Ляонинь хөлөг Өмнөд Хятадын тэнгист болсон байлдааны сургуулилалтаас буцах замдаа Тайваний хоолойд өнөөдөр орж ирсэн байна

Хэдийгээр Тайваний усан хилд нэвтрээгүй ч агаарын хяналтын бүсэд нэвтэрсэн тул Тайваний тал байлдааны онгоц хөөргөж, хөлөг онгоцнуудаа илгээжээ.

Хятадын талын энэ алхам нь сүүлийн үед хүндрээд байгаа Хятад-Тайваний сөргөлдөөний сүүлийн илрэл болж байна. Тайваний батлан хамгаалах яамны мэдээлснээр “Хятадын хөлгийн хөдөлгөөнийг Тайвань бүрэн хянаж байгаа” гэжээ.

Өмнөд Хятадын тэнгист зохион байгуулсан Бээжингийн цэргийн сургуулилалт газар нутгийн маргаантай байгаа хөршүүдийг нь бухимдуулсан арга хэмжээ болсон юм.

Хятад улс эрдэсээр баялаг Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өөрийн нутаг гэж үзэж байгаа. Энэ усан бүсээр жил бүр $5 их наядын ачаа тээвэрлэлт зорчдог тул стратегийн чухал ач холбогдолтойд тооцогддог.

Энд Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам улсууд Бээжинтэй газар нутгийн маргаантай гэж үздэг юм.

Яг одоо Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн АНУ-аар дайран Төв Америкийн орнуудаар айлчилж байгаа. Түүнийг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамптай уулзахаас болгоомжилсон Бээжин ийм алхмаар Цай Ин Вэнд анхааруулга өгч буй бололтой.