Дарханы АН-ынхны шарх сэдэрч намдаа шаардлага хүргүүлэв



 

АН-ын даргыг сонгох сонгууль ид өрнөж, шинэ даргаа нийт гишүүдээсээ тодруулах Их хурлаас баталсан дүрмийн дагуу тус нам шинэчилсэн бүртгэл явуулсан билээ. Гишүүдээ шинэчлэн бүртгэх явцад гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэл гарчээ. Тухайлахад, Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд шинэчилсэн бүртгэл шударга явагдсангүй гэсэн гомдол тавьж байна.

Тэд АН-ын даргыг сонгох дотоод Сонгуулийн хороонд хандаж шаардлага хүргүүлсэн бөгөөд “Дархан-Уул аймгийн Ардчилсан нам шинэчилсэн бүртгэлийг хийхдээ үндсэн дүрмийн дагуу хийж чадсангүй. Намын дарга гэх Н.Мөнхдаш, хэрэг эрхлэх газрын дарга гэх Л.Ариунтуяа, Дархан сумын намын дарга гэх О.Цолмон, албан ёсны Дархан сумын дарга Б.Баяраа нараас хэн ч байсангүй зөвхөн намын дарга биш Б.Мягмардаш, Ц.Энхжаргал, Г.Гантулга нар “Бурхан-Халдун” ХХК-ий оффисийн байранд хүмүүсийг бүртгэсэн болж жүжиглэлээ” хэмээн буруутгаж байгаа аж.

Уг шаардлагад “Үндсэн дүрмийн дагуу дараах шаардлагыг хүргүүлж байна.

Дархан-Уул аймгийн ардчилсан нам өнөөдөр 2 тамгатай 2 намтай байгаа. Иймд намын эв нэгдэлийг хангах үүднээс Аймгийн сонгуулийн хороо болон Дархан сумын сонгуулийн хороог аль нэг талыг барилгүй 2 талаас өгсөн нэрсээс ижил тэнцүү хэмжээтэй оролцуулж хэн хэндээ хяналт тавьж сонгуулийг шударга явуулах

Аймгийн сонгуулийн хорооны даргаар тавьсан Монгол ардын намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны шилдэг гишүүн Мөнгөн сарнайн эзэн Гонгор овогтой Гантулгыг сонгуулийн хорооны гишүүнээс хасах

Дархан-Уул аймагт намын даргын сонгуулийг явуулахдаа Ардчилсан намын байр, “Ардчилалын өргөө ” гэх хаягтай ажил эхлэх зөвшөөрөл авагдаагүй, зураг төсөв нь улсын экспертизээр хянагдаагүй, улсын комисс ажиллаагүй “Бурхан-Халдун” ХХК ны оффиссын зориулалттай гэх байранд сонгуулийг явуулж болохгүй. Дархан-Уул аймгийн ардчилсан намын 5000 гаруй гишүүд ирж санал өгнө. Энэ улсын комисс хүлээж аваагүй Ардчилсан намын байрыг сольж Дархан нутаг төрийн бус байгууллагадаа болох хувийн байгууллагадаа авсан үндсэн хөрөнгөөр сольсон булхайгаа нуун далдлах зорилготой энэхүү байранд хэрхэвч сонгуулийг явуулж болохгүй. Олон хүн цугласанаас барилга нурах юм уу ямарваа нэгэн байдлаар осол аваар гарсан тохиолдолд үүний хариуцлагыг “Бурхан-халдун” ХХК ны удирдлагууд болон анхааруулсаар байтал энэ байшинд зохион байгуулсан та бүхэн хариуцна гэдгийг анхааруулж байна” гэжээ.

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүдийн шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд жагсаал цуглаан хийх тухай хуулийн хүрээнд Төв намын байранд улс төрийн суулт , дараа дараагийн шат дараалсан арга хэмжээг авч тэмцэлийн хурц хэлбэрт шилжихээ албан ёсоор мэдэгджээ.

Эцэст нь хэлэхэд АН-ын Дарханд ялагдаад байдгийн шалтгаан нь энэхүү хоёр хуваагдсан байдал билээ.

И.Болд