“Стэнд бай” хөтөлбөрийн ГУРВАН ЭРСДЭЛ

 

Монгол Улс Олон улсын валютын сангаас хэрэгжүүлдэг “Стэнд бай” болзолт зээлийн хөтөлбөрт хамрагдах тухай яриа шийдвэрлэх үедээ иржээ. "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах эсэх шийдвэрийг тун удахгүй УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх гэж байна. Санал оруулж байгаа Засгийн газар, УИХ-ын гишүүдийн олонх нь нэг намынх учраас үндсэндээ хөтөлбөрт хамрагдах магадлал өндөр болчихлоо. Гэхдээ энэ зээлд хамрагдах нь ямар давуу тал, эрсдлийг үүсгэж болох вэ.

 

 

Эрсдэл 1. Хөрөнгө оруулалт татах боломж хумигдана

“Стэнд бай” хөтөлбөр бол эдийн засаг нь онцгой хүнд байдалд орсон улс орнуудад өгдөг зээл. Энэ зээлийг авснаараа манай улс хатуугаар хэлэхэд “Дампуурах дөхжээ” гэсэн ойлголтыг олон улсын хөрөнгө оруулагчдад шууд өгч байгаа юм. Ингэснээрээ хямралыг давах бусад буюу гаднаас хөрөнгө оруулалт татах хамгийн гол гарцаа хааж байгаатай ялгаагүй.

2012-2016 оны хооронд зах зээлд асар их мөнгөний нийлүүлэлт хийгдсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Үүнийг зөвхөн төсөв танаж, мөнгөний хатуу бодлого явуулаад шийдэж чадахгүй гэдгийг эдийн засагчид хүлээн зөвшөөрч байгаа. “Стэнд бай” хөтөлбөр бол төсөв, мөнгөний бодлоготой тулж ажилладаг учраас бидэнд өөр олон арга зам хэрэгтэй. УИХ 2015 оны нэгдүгээр сард эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр гэж гаргасан. Энэ хөтөлбөрт экспортыг нэмэгдүүлэх, гаднаас хөрөнгө оруулалт татах чиглэлээр авч хэрэгжүүлэх асуудлууд багтсан. Харамсалтай нь, Ардчилсан намыг эрх барьж байх үед боловсруулсан хөтөлбөр учраас энэ талаар хэн ч ярихгүй. Гэхдээ зөвхөн төсөв танаад асуудал шийдэгдчихгүй учраас гаднаас хөрөнгө оруулалт татах, мөнгө босгох нь зайлшгүй. Тэр үед “Стэнд бай”-д хамрагдсан” гэдэг “хар тамга” бидэнд гай болно. Бондын хүү өсч, хүссэн хэмжээний мөнгө орж ирэхгүй байх магадлал өндөр. Хөрөнгө оруулагчид илүү тааламжтай нөхцөл шаардаж, бид биелүүлэхээс өөр аргагүй болно. Энэ нь алсдаа илүү хохиролтой.

Монгол Улс Чингис бондын эхний төлөлтийг энэ онд хийнэ. Эрх баригчдын ярьж байгаагаар бол төлбөр хийхээсээ илүү нөхцлийг өөрчлөх буюу хугацааг нь сунгах хувилбарыг сонгох магадлал илүү байгаа. Мексик улс олон улсад гаргасан богино хугацаатай бондынхоо зээлийг төлж чадахгүй болмогцоо АНУ-ын Засгийн газрын 30 жилийн хугацаатай бондоор сольж, сүүлд амжилттай төлсөн жишээ бий. Тиймээс энэ бол боломжит хувилбар. Харин манай улсын хувьд аврагч нь урд хөрш байх магадлал өндөр. Хэдий хөрш ч гэсэн наймаанд найз байдаггүй учраас Мексикт олдсон боломж Монголд олдоно гэж найдахад бас хэцүү.  

“Стэнд бай”-гийн муу нэр бидний нэг төвшнөөс хэлэлцээр хийх боломж олгохгүй байж мэднэ. “Стэнд бай”-гаас болж олон улсаас бага хүүтэй зээл гаргах боломж хумигдчихсан, ОУВС-гийн заавраар эдийн засгаа агшааж, ард түмэн туйлдаад, өр нэхэгдэж, мөнгө юу юунаас их хэрэгтэй болсон үед бид ер ямар, ямар буулт хийхэд хүрэх бол оо.

 

Эрсдэл 2. Улс төрийн тогтворгүй байдал үүсгэнэ

“Стэнд бай” бол эдийн засагт маш өвдөлттэйгөөр хийгддэг эмчилгээ. Энэ нь ард түмэнд маш хүнд тусдаг. Манай улс 2008-2009 онд энэ хөтөлбөрт хамрагдахад хамгийн их ажлын байр бий болгодог барилга болон жижиглэнгийн худалдааны салбар элгээрээ хэвтэж байсан жишээ бий. Тиймээс “Ард түмэн энэ их өвдөлтийг тэсэх үү” гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Туршлагаас харахад, ард түмэн тэсгэл алдаад ирэхээрээ эрх баригч намыг сольж байж санаа амардаг аж. “Өвдөлт” нь хэтэрхий их байвал ээлжит сонгуулийг ч хүлээж тэвчдэггүй ажээ. Жишээлбэл, Украин улс одоо яг энэ замаар явж байна. Эхлээд өөрсдийгөө дундаж орлоготой гэж тооцоод, хямралыг богино хугацаанд давахаар маш хатуу нөхцөлтэй “standby arrangement”  хөтөлбөрт хамрагдсан. Гэтэл байдал дээрдээгүй тул таван жилийн хугацаатай хэрэгждэг “Standby credit facility” хөтөлбөр рүү шилжсэн байдаг. Үндсэндээ эдийн засгийн гол судсаа 2020 он хүртэл гадныханд атгуулчихсан.

ОУВС-гаас тавьсан шаардлагуудад одоо украинчууд сөхөрч байна. Улсаас татаас авдаг асан эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөлтийг хэтэрхий огцом хийснээс болоод иргэд нь эрх баригчдынхаа өмнөөс босоход бэлэн болжээ. Уг нь эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв, цахилгаан станцууд аж ахуйн тооцоогоор ажиллах ёстой. Гэвч ОУВС-гийн нөхдүүд улирал тутамд 25 хувиар нэмсээр яах ийхийн зуургүй иргэдийн амьдрах итгэлийг нухчаад хаячихсан. ОУВС, “Стэнд бай” хөтөлбөрийн арга барил нь яг энэ юм. Одоо украинд ээлжит бус сонгууль явуулахыг сөрөг хүчний намууд шаардаж байгаа бөгөөд магадлал маш өндөр байгаа юм. Манайд ч ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй.       

 

Эрсдэл 3. “Стэнд бай” цаашид ч үргэлжилсээр байх магадлалтай

Манай хамрагдах гэж байгаа “Standby arrangement” бол дээд тал нь 36 сар буюу харьцангуй богино хугацаанд хэрэгждэг хөтөлбөр. Гэвч эдийн засгийн байдал сэргэхгүй бол цаашид ч үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй. Ирак, Украины жишээг энд дурьдаж болно.

Украин эхлээд гурван жилийн хугацаатай “standby arrangement” хөтөлбөрт хамрагдсан ч эдийн засаг нь сэргээгүй тул улсынхаа нэр хүндийг сэвтээн байж бага орлоготой ядуу буурай орнууд хамрагддаг, таван жилийн хугацаатай “Standby credit facility” хөтөлбөрөөр сольсон. Иракийн хувьд 2021 он хүртэл ОУВС-гаас салахгүй байх төлөвлөгөө гарчихсан явж байгаа. Тэр хүртэл эдийн засгийн бодлогыг нь ОУВС барина гэсэн үг.   

Манай улс тус хөтөлбөрт хамгийн сүүлд 2009 онд хамрагдсан. Тэр үеийн нөхцөл байдлыг аваад үзэхэд одоогийнхтой маш төстэй. Экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ унаж, экспортын орлого буурснаас 2008 оны нэгдсэн төсвийн алдагдал 305.7 тэрбумд хүрч ДНБ-ий 2.5 хувьтай тэнцэж байв. Банкнуудын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, төлбөрийн чадвар нь эрс муудсанаас “Анод”, “Зоос” зэрэг банкууд дампуурахад хүрсэн. Банкны зээлээр үйл ажиллагаагаа явуулдаг барилгын салбарын томоохон кампаниуд хөрөнгийн дутагдалд орж, 500 гаруй тэрбум төгрөгийн барилгын ажил зогсонги байдалд ороод байлаа. Барилгын компаниуд өмнө банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд орж, эргээд банкнуудын байдалд улам хүндэрсэн. 2009 он гарсаар дотоодод валют хомсдож, ханш огцом чангаран  импортоор оруулж ирсэн өргөн хэрэгцээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнийг бүгд санаж байгаа. Валютын ханш тогтворгүй байснаас бизнес эрхлэгчдэд хүндрэл учирч, ханшны тогтворжилтыг хүлээн бизнес бүхэлдээ зогсонги байдалд орсон байлаа. Гэтэл “Муу хүний заяа завагт” гэгчээр 2010 оноос нүүрс, алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр урьд хожид байгаагүй нэмэгдсэн нь бидэнд зол болж, уснаас хуурай гарч чадсан. Байдал цаашаа жаахан л үргэлжилсэн бол Монгол Улс “Standby credit facility” руу хальтран орох нь гарцаагүй байв.

Тэгвэл 2016 онд байдал ямар байна. Энэ жилийн төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьтай тэнцэнэ хэмээн эрх баригчид мэдэгдэж байгаа. Тооцсон аргачлалын хувьд эргэлзээтэй ч урьд хожид байгаагүй их хэмжээний алдагдал хүлээх нь тодорхой болсон. 2009 оны хямралаас азаар хэлтэрсэн бид тэгвэл одоо юунд найдах вэ. Дахиад зэс, нүүрсний үнэ нэмэгдэнэ гэж найдах нь дэндүү тэнэг хэрэг болно. Гаднаас олон улсын зах дээр дахин бонд гаргаж, хөрөнгө оруулалт татаж, экспортоо дэмжих нь л бидний цорын ганц зөв зам. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бидэнд бодлогоо хэрэгжүүлэх эрх чөлөө хэрэгтэй. “Стэнд бай”-д хамрагдчихвал иийм боломж үгүй болно. Төлбөрийн балансыг тэнцвэржүүлэх чиглэл баримталдаг учраас ОУВС гаднаас их хэмжээний зээл авахыг зөвшөөрдөггүй. Цаашид экспортын гол бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсдөггүй л юм бол бид “Стэнд бай”, ОУВС-гийн гараас гарч чадахгүй байх магадлал асар өндөр байна.     

 

Б.Цогт-Ирээдүй