НАТО Оросын хил рүү улам ойртсоор

 

 

ХБНГУ-ын Бремерхафен боомтод өнгөрсөн Ням гаригт /2017.01.08/ АНУ-ын цэргийн десант буулаа. Аварга том хөлөг онгоцоор хэдэн зуун танк, артиллерийн болон бусад зэвсэг техникийг зөөвөрлөн авчирчээ. Бременхафен боомтод ирсэн эдгээр зэвсэг техник Польшийн нутгаар дамжин Балтийн тэнгис хавийн орнууд руу очих ёстой. Ингэснээр ОХУ-ын хилийн ойролцоох НАТО-гийн зэвсэгт хүчний тоо, хүчин чадал нэмэгдэж байгаа юм. Цэргийн зэвсэг техникээс гадна Балтийн орнуудад НАТО-гийн 4000 цэргийн алба хаагч байрших юм. Цэргийн алба хаагчид зөвхөн АНУ-аас биш Канад, Их Британи, ХБНГУ-ын цэргүүд байна.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Германы нутаг дэвсгэр дээр гадаадын цэргийн том хүч буусан анхны тохиолдол нь энэ болов. Бременхафен хотын оршин суугчид энэ үйл явдлыг эсэргүүцэн жагсчээ. Германд буусан зэвсэг техникийг эхлээд Польшид болох Польш-АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилтад ашиглах бөгөөд дараа эдгээр алба хаагч, зэвсэг техникийг Балти хавийн орнуудад байршуулах юм. Европ дахь АНУ-ын цэргийн командлагчийн орлогч хошууч генерал Тим Рэй эхний ээлжийн ачааг талархан угтан авчээ. “Тогтмол зохиодог цэргийн хамтарсан сургуулилалтын цар хүрээг нэмэгдүүлж, илүү цогц байдлаар хийхийг зорьж байна. Пуужингийн хамгаалалт, эрсдэлт нөхцөл байдлыг хэрхэн даван туулах сургуулилалтад ач холбогдол өгч байна” хэмээн Тим Рэй ярьсаныг ОХУ-ын РИА Новости агентлаг дамжууллаа.

Удахгүй Германд АНУ-ын явган цэргийн дөрөвдүгээр дивизийн 3500 алба хаагч ирэх бөгөөд тэд Балти хавийн орнуудад байрших НАТО-гийн цэргийн гол бие бүрэлдэхүүн болох юм.

Ням гаригт Германд ирсэн зэвсэг техник нь Европт байрлах НАТО-гийн томоохон хүчний багахан хэсэг гэдгийг шинжээч онцолсон байна. Европ дахь НАТО-гийн хүч нь сансар, кибер, агаар, усан гээд бүхий л орчныг хамрах юм.

Германы хэвлэлүүд ч энэ үйл явдлын талаар байр сууриа илэрхийллээ. Bundesdeutsche Zeitung сонин “Оростой дайтах танкуудыг Германд буулгалаа” хэмээн бичжээ. Тус сонинд бичсэнээр нийт бие бүрэлдэхүүн болон зэвсэг техникийг тээвэрлэхийн тулд 900 ширхэг вагон шаардлагатай бөгөөд энэ нь 14 км урт цуваа гэсэн үг аж.

Нэгдүгээр сарын 7-16-ны хооронд нийтдээ гурван том цуваа Германд ирэх юм.

НАТО ийнхүү ОХУ-ын хилийн хавьд ихээхэн хэмжээний хүч төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаад оросууд санаа зовинож байгаагаа өмнө нь илэрхийлсэн. Тухайлбал, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “НАТО ийнхүү Оросын эсрэг хандлага баримталж байгаа нь Европ дахь намжмал байдлыг алдагдуулахад хүргэнэ. НАТО-гийн зэвсэгт хүчний дэд бүтэц Оросын хил рүү улам ойртож, хил орчимд цэргийн сургуулилалтын давтамж нэмэгдэж, пуужингаас хамгаалах системийг суурилуулах ажил үргэлжилсээр байна. НАТО Оростой мэргэжлийн түвшинд харилцан ярилцахаас зайлсхийж байна” хэмээн мэдэгдэж байсан.

Германы парламентын гишүүд ч энэ үйлдлийг таашаахгүй байгаагаа илэрхийлж байна. Германы Бундестагийн Батлан хамгаалах хорооны гишүүн Александр Ной энэ үйлдэл нь Оростой харьцах харилцааг улам хурцатгана гэдгийг анхаарууллаа. “НАТО-гийн цэргийн хүчийг Германы нутгаар дамжуулж байгаа нь тэртэй тэргүй амаргүй байгаа ОХУ болон барууны харилцааг хурцатгахаас цаашгүй” гэсэн байна.

Өнгөрсөн 2016 оны зун долдугаар сард Польшийн нийслэл Варшав хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Балти хавийн орнууд болох Латви, Литва, Эстони болон Польш улс өөрсдийн нутаг дэсвгэр дээр НАТО-гийн олон үндэстний цэргийг байршуулах хүсэлт гаргасан юм. Энэ дагуу Латви дахь батальоны цөмийг канадууд, Литвад германчууд, Эстонид британичууд, харин Польшид америкчуудаас бүрдсэн цэргийн хүчин байрших болж байгаа юм.

Бэлтгэсэн А.ШАРАВ