Шувууны томуугийн улмаас өндөгний үнэ эрс нэмэгджээ

Өмнөд Солонгост тахианы өндөгний үнэ  өнгөрсөн сард 21.4 хувиар  өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн байна. Тодруулбал, арван өндөг 2200 вон болжээ. Фермерүүдээс худалдан авах үнэ нь 1,5 дахин өсч 1,55 мянган /1,3 ам.доллар/ вон болсон байна. Өндөглөгч тахианы толгой хорогдсон учраас оны эхний хагас жилд өндөгний үнэ 110 хувиар нэмэгдэж магадгүй гэнэ.

Хомсдолтой тэмцэхийн тулд  тус оронд оруулж байгаа 98,6 мянган тонн өндөг ба өндгөн бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглээд байна. Оны эхний хагас жилд АНУ, Австрали, Испани зэргийн таван орноос тахианы өндөг импортлохоор төлөвлөжээ.

Түүнчлэн шувууны томууны аюулын улмаас  тахианы махны үнэ унасан байна. Арванхоёрдугаар сард борлуулж байсан тахианы махны үнэ аравдугаар сартай харьцуулахад найман хувиар хямдарчээ.

Шувууны томуу  дэгдсэний улмаас нэгдүгээр сарын 8-ны байдлаар Өмнөд Солонгост нийт тахианы 17 хувийг, нугасны 28 хувийг устгалд оруулсан байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  ийм асуудалтай Япон Улс тулгарч байсан юм. Мөн хойд Аомори мужид шувууны томуу илэрч 18000 нугасыг устгалд оруулжээ.