Иргэдийн ухамсрыг дээшлүүл...

 

“Дэлхийн хамгийн их утаатай хот”-ыг шалгаруулан шагнал өгдөг бол Улаанбаатарт тэр шагналыг олгочих юмсан гэх утга агуулга бүхий мэдээ Японы нэгэн сайтад гарсан байсан санагдана. Доог тохуу юм шиг атлаа,  үнэн хэрэгтээ манай  хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь дэлхийн чихэнд хүрсэн гэдгийн  баталгаа нь энэ байлаа.

Гэхдээ ганц энэ жил гэнэт л нийслэл утаанд автчихсан юм биш. Сүүлийн хэдэн жилийн турш “Азийн цагаан дагина” гэгдэж явсан Улаанбаатар хот “Утаанбаатар” хэмээн цоллуулж,  үе үеийн төр засаг утааны эсрэг тэмцсэн ч, төдийлөн үр дүнгээ өгч чадаагүй юм.

Хэчнээн ч тэрбум төгрөгийг  нүдэнд үзэгдэж, гарт баригдах үр дүнгүй зарлагадав. Тэгвэл “Мэргэжлийн” гэх Засгийн газраас  утааны эсрэг бодит арга хэмжээ авах үүднээс гэр хорооллын цахилгааны хэрэглээний шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргаж, энэ сарын 1-ний өдрөөс эхлэн биелүүлэхээр болсон. Ингэснээр гэр хорооллын 146 мянган өрх 21:00-06:00 цаг хүртэл бүх л шөнийн турш үнэгүй цахилгаан ашиглах боломжтой болсон юм. Гэхдээ 146 мянган өрхийн 110 гаруй мянга нь хоёр тарифт тоолууртай.

Тиймээс үлдсэн 36 мянган өрх хоёр тарифт тоолуурыг худалдан авч байж, цахилгааны хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа. Эл шийдвэр гарсны дараа буюу хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний дараа манай сонин “Speak out” буландаа иргэдийн байр суурийг сонирхсон юм.

Ингэхэд, уулзсан гэр хорооллын иргэд бүгд л  цахилгааны үнэ хямдрах нь ашгүй гэцгээж байв.  Харин нүүрс түлэхээ больж, цахилгаан халаагуур хэрэглэх бодол байна уу гэх асуултад “Боломж гарвал авна даа” хэмээн хариулж байлаа. Нэг талаар, Засгийн газраас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд  нүүрсний хэрэглээг аль болох багасгаж, айл өрхийг цахилгаан халаагуур хэрэглэх боломж нөхцлөөр хангах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан.

Гэтэл нөгөө талдаа, сарын цахилгааны төлбөр нь 20 мянгаас дээш гардаг гэр хорооллын айл өрх  хэдэн төгрөг хэмнэгдэх нь хэмээн сэтгэж суух. Гэр хорооллын 146 мянган өрхийн дотор янз бүрийн л амьдралтай хүмүүс бий.  Нүүрснээс татгалзаж, цахилгаан халаагуур худалдан авч хэрэглэх санхүүгийн боломжтой нэгэн байхад, нүүрсээ ч худалдан авч дийлэхгүй яваа гундуухан нэгэн ч бий байх.

Гэхдээ эх орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй хойчийнхоо эрүүл мэндийг бодоод амьдралынхаа буруу дадалд эргэлт хийвэл ямар вэ. Өнөөгийн нөхцөл байдалд тохирсон элдэв төрлийн цахилгаан бага зарцуулдаг, дулаанаа хадгалдаг, шалнаас халдаг гэх мэтчилэн  халаалтын төхөөрөмжүүдийг монгол инженерүүд ур ухаанаа гарган  бүтээж, боломжийн үнээр худалдаж буй жишээ маш олон байна.

Хамгийн гол нь тэд мэдээллээ хүмүүст хүргэж чаддаггүйд л учир байгаа юм.  Төр засгаас шөнийн цахилгааных нь тарифыг тэглэчихээд байхад “Тогны мөнгө багасах нь” гээд суугаа нөхдүүдэд эрүүл мэнд, эдийн засгийн үр ашгийг нь сайтар ойлгуулж,  мэдээллээ сайтар түгээх хэрэгтэй байна.

Ер нь ч тэгээд эх орноо байг гэхэд ирээдүй болсон үр хүүхдүүдээ эцэг эхчүүд нь бодоод бас хайрлаад энэ зэргийн ухаан гаргачихад яагаад болохгүй гэж. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэх үг байдаг даа. Өмнө нь төр засгаас  хямд үнээр иргэдэд төслийн зуух нийлүүлж байсан удаатай. Утааг л багасгах гэж. Гэтэл ихэнх айлууд нь зуухаа хэдэн бор төгрөгний төлөө зарчихсан байх жишээтэй. Нийслэлийн өнгө төрхөд иргэн бүрийн оролцоо чухал. Одоо үнэгүй юм хүлээгээд суух хөг өнгөрсөн. Хүн бүр л оролцож, хичээж байж, бидний эх орон хөгжиж цэцэглэх учиртай.