Канадад цаснаас болж 100 гаруй машин мөргөлдсөн осол гарлаа

Канадын Онтарио мужийн Торонто хотоос зүүн тийш 70 км-т их хэмжээний цас орж байгаагаас авто зам дээр 100 гаруй машин мөргөлдсөн том осол гарлаа хэмээн “CBC” телевиз мэдээллээ.

Боуманвиль болон Порт-Хоуп хотын хоорондох холбооны зам дээр болсон энэ том ослын улмаас цагдаагийнхан 30 орчим км газарт хоёр талын урсгалыг хаасан байна.

Ослын улмаас хүний амь эрсдэж, хүнд бэртсэн хүн байхгүй ч олон хүнийг эмнэлэгт хүргэж тусламж үзүүлсэн гэж Онтариогийн цагдаагийн газрын төлөөлөгч Керри Шмидт хэлжээ. Тэр бас энэ замд үзэгдэх орчин хязгаарлагдмал, халтиргаатай байгаа учраас зорчиж байгаа жолооч нар хурдаа тохируулж явахыг анхааруулсан байна.