Япон, Солонгосыг муудалцуулсан ХӨШӨӨ

 

Япон улс өчигдөр Өмнөд Солонгос улсад суугаа Элчин сайдаа эргүүлэн татлаа. Энэ талаар Америкийн “CNN” агентлаг болон Британийн “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Японы Засгийн газар өчигдөр Өмнөд Солонгос дахь Элчин сайд Ясүмасү Нагаминэ болон Бусан хот Японы Ерөнхий консулыг эргүүлэн татсан билээ.  Токио ийнхүү Элчин сайдаа эргүүлэн татсан шалтгаанаа “Бусан хот дахь Японы Консулын газрын эсрэг талд байрлуулсан сууж буй охины дүрстэй хөшөөнөөс болсон” хэмээн албаныхан уламжлав.  

 

 

Уг хөшөөг Солонгосын Иргэний хөдөлгөөний хэсэг гишүүн өнгөрсөн оны аравдугаар сарын 28-ны өдөр Японы Консулын газрын өмнө байршуулсан байна. Гэхдээ охины хөшөөг байршуулсан өдөр нь хот тохижилтын ажилчид буулгажээ. Харин Иргэний хөдөлгөөний гишүүд хотын удирдлагуудад дахин дахин хүсэлт гаргаж, өнгөрсөн сарын 30-ны өдөр хөшөөг Японы Консулын  газрын өмнө байршуулах зөвшөөрөл авч, энэ сарын эхээр хөшөөг өмнөх байранд нь буцаан байршуулсан аж. Энэхүү үйл явдлаас болж Японы Элчин сайд Ясүмасү Нагаминэ Өмнөдийн удирдлагуудад хандан “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Ганцхан хөшөө хоёр улсын дунд таагүй харилцаа үүсгэж, дипломат харилцаанд хүртэл сэв суулгах хэмжээнд  хүрлээ. Эхний ээлжинд та бүхэн энэхүү хөшөөг буулгаж, албан ёсоор биднээс уучлалт гуйх хэрэгтэй” гэж мэдэгджээ. Гэхдээ уг хүсэлтийг Сөүлийн удирдлагууд хүлээн авахаас татгалзсан байна. “Хөшөө байрнаасаа хөдлөхгүй” хэмээн албаныхан мэдээлжээ.

 

Дэлхийн II дайны үед Японы армийны эзлэн түрэмгийллийн үед бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос охид, бүсгүйчүүдийн гэгээн дурсгалд зориулан Солонгосын иргэний хөдөлгөөний гишүүд дээрх хөшөөг урлажээ. Дайны үеэр Японы армийнхан ойролцоогоор 200 мянга гаруй солонгос, тайвань, хятад, индонез охид, бүсгүйг хүчирхийлэн, тамлан зовоож байсан юм. Энэ бүсгүйчүүдийн ихэнх нь солонгос бүсгүйчүүд байсан гэнэ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн солонгос бүсгүйчүүдээс өдгөө 46 нь амьд сэрүүн байна. Тэд хөшөөний нээлтэд ирж, Японы удирдлагуудыг албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан билээ.

 

Японы армийнхан солонгос бүсгүйчүүдийг дайны үеэр хүчирхийлдэг байсан гэх асуудлаас болж хоёр улсын удирдлагууд олон жилийн өмнөөс таагүй харилцаатай байсан юм.  Япон улс өнгөрсөн 2015 он хүртэл “дайны он жилүүдэд армийнхан зүй бус авир гаргаж байгаагүй” хэмээн мэдэгдэж, хохирогч гэгдээд буй эмэгтэйчүүдээс уучлалт гуйхгүй хэмээн мэдэгдсээр байсан билээ. Гэхдээ өнгөрсөн 2015 оны тавдугаар сард уг асуудлаар хоёр улсын удирдлагууд анх удаагаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан юм.

 

Уулзалтын төгсгөлд Японы Ерөнхий сайд Шинзо Абе дайны үеэр бэлгийн мөлжлөгт өртөж байсан солонгос эмэгтэйчүүдээс уулчлалт хүсч, нөхөн төлбөр өгөхөө амласан юм. Амласан ёсоороо Японы Засгийн газар хохирогчдод нэг тэрбум иен буюу 8.6 сая ам.долларын нөхөн төлбөр олгосон билээ. Нөхөн төлбөрөөр уг асуудлыг эцэслэхээр хоёр тал тохиролцсон аж.  “Цаашид энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж ойлгох болно” хэмээн Сөүлийн талаас ийнхүү мэдэгдэж байжээ.

 

 

Японы Консулын газрын өмнө сууж буй охины хөшөөг байрлуулсан өдөр Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Иошида Суга “Энэ хөшөөг Японы Консулын газрын өмнө байрлуулсан нь хоёр улсын харилцаанд таагүй нөлөө үзүүллээ. Япон болон Өмнөд Солонгос нь мөнхийн хөршүүд. Бид энэ асуудлыг шийдвэрлэх талаар Сөүлийн талд удаа дараа хатуу шаардлага тавьсан. Харамсалтай нь дорвитой хийгдсэн зүйл байхгүй учир Токио ийм арга хэмжээ авахад хүрлээ” гэж мэдэгдэж, Элчин сайдаа татаж буйгаа илэрхийлсэн байна.

 

Уг мэдэгдлийг Сөүлийн тал “хөөрхийлөлттэй” хэмээн тодорхойлжээ. Хоёр улсын харилцаа хэрхэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.  Сүүлийн үеийн мэдээгээр Япон, Өмнөд Солонгостой хийхээр ярилцаж байсан валют солилцох асуудлыг тодорхойгүй хугацаагаар зогсоож, эдийн засгийн талаарх дээд хэмжээний уулзалтуудыг цуцалсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг