”Исламын улс” Мосул дахь дайчдадаа цалин өгч чадахаа байжээ

"Исламын улс" террорист бүлэг Иракийн Moсул хотод байгаа өөрийн дайчдад цалин өгч чадахаа больсон байна. Энэ тухай Их Британийн Telegraph сонинд мэдээлжээ.

Сонинд мэдээлснээр, босогчид сар бүр 350 долларын цалин авдаг байна. Террористуудын орлогын гол эх үүсвэр нь хууль бус газрын тосны үйлдвэрлэл, худалдаа байжээ. Харин одоо газрын тос, дэд бүтцийг ашиглаж чадахаа байж, бүгдийг Засгийн газрын цэрэг хяналтдаа авсан тул босогчдод цалин олдохоо байсан аж.

2016 оны аравдугаар сарын 17-нд Иракийн арми, Курдын хүчин болон АНУ тэргүүтэй олон улсын эвслийн агаарын дэмжлэгтэйгээр Мосулыг чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлсэн билээ.