Оросын хакерууд буруугүй

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд оросууд нөлөөлсөн гэх баримт нотолгоо олдсонгүй. Энэ талаар “ВВС” агентлаг, “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Оросуудын дэмжлэгтэй АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр тэрбумтан Дональд Трамп сонгогдсон гэх мэдээлэл орон нутгийн хэвлэлээр цацагдсан билээ. ОХУ-ын Засгийн газрын хүсэлтээр хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад нөлөөлж, Трампад ялалт авчирсан байх магадлалтай хэмээн тус улсын Тагнуулын ерөнхий газраас мэдээлж, уг хэргийг нарийн шалгахыг хүссэн юм. Трамп өрсөлдөгч Хилари Клинтоноос түрүүлж 240 мандатаа авч, Цагаан ордны тэргүүнээр сонгогдож, тангараг өргөх өдрөө тэсэн ядан хүлээж буй билээ.

 

Хэдий Хилари өрсөлдөгчөөсөө 2-3 сая санал илүү авсан ч Трамп олон мандаттай муж, хотод ялалт байгуулсан талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос уламжилсан. Хилари энэхүү асуудлыг нарийн шалгаж, зарим тойрогт саналын хуудсыг дахин тоолох хүсэлт гаргасан боловч хэдэн өдрийн дараа дээрх хүсэлтээ эргүүлэн татсан. Учир нь өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама намын нөхрөө ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг хүсчээ. Гэхдээ Обама, Хилариг ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг ятгасан ч оросууд сонгуулийн дүнд үнэхээр нөлөөлсөн эсэхийг нарийн шалгаж, мөрдлөг явуулахаа амлаж, албаныханд үүрэг өгсөн юм.

 

Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг болон Холбооны мөрдөх товчооны удирдлагууд Оросыг кибер халдлагад буруутгасан аж. Оросуудын дэмжлэгтэй ялалт байгуулсан гэгдээд буй Трамп уг мэдэгдэлд сэтгэл дундуур буйгаа хэдэнтээ илэрхийлэн “Ялалтаа улам баталгаажуулмаар байна. Энэхүү асуудлыг шалгаж, нэр төрийг минь сэргээж өгнө үү. Хэрвээ оросууд үнэхээр сонгуулийн дүнд нөлөөлсөн бол АНУ-ын Сонгуулийн ерөнхий хороо мөн Тагнуулын ерөнхий газар ажлаа тун муу хийсэн гэсэн үг. Тэдэнтэй эхэлж хариуцлага тооцох хэрэгтэй” хэмээн хатуухан мэдэгдсэн билээ.

 

Уг хэргийн шалгах ажлын комисс байгуулагдсан юм. Уг асуудлаар өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест албан ёсны мэдэгдэл хийлээ. Тэрбээр оросууд сонгуулийн дүнд нөлөөлсөн гэх баталгаатай нотолгоо олдоогүй талаар мэдэгдлийнхээ үеэр онцолжээ. Хэвлэлийн төлөлөөгч сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзаж “Техникийн хувьд нарийн судалсан зүйл бий” хэмээн хэлээд танхимыг орхин гарчээ.  Ийнхүү оросууд сонгуулийн дүнд нөлөөлсөн гэх баталгаа олдсонгүй. Трамп энэ сарын 3-нд “Тагнуулынхан тайлангаа гурван өдрөөр хойшлуулж танилцуулж байгаа нь ойлгомжгүй байна” гэж мэдэгджээ.

 

АНУ-ын Тагнуулын Ерөнхий газрын дарга Жамес Клаппер “Оросууд уг асуудалтай холбоотой гэдгийг дараа долоо хоногт илчлэх болно” гэж хэллээ.  Тэрбээр “Энэ бол дайны үйлдэл” гэж мэдэгдсэн байна. Тагнуулын байгууллага ирэх долоо хоногт мөрдлөгийн албан ёсны тайлангаа олон нийтэд танилцуулах гэнэ.

 

Хакеруудын асуудлаас болж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын 35 дипломатчдыг гэр бүлийнх нь хамтаар Америкаас албадан гаргасан юм.  Дипломатчдыг нь эх орноосоо албадан гаргасан асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эмзэг хандсан ч “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Гэхдээ би Обаматай ижил шийдвэр гаргахгүй. Америкийн дипломатчид ажлаа үргэлжлүүлэн хийх болно. Нэг л өдөр та бүхэн буруу шийдвэр гаргасанаа хүлээн зөвшөөрөх болно” гэж мэдэгджээ. Путин мөн сонгуулийн дүнд оросууд нөлөөлсөн гэх асуудалд “Үнэхээр утгагүй юм” хэмээн хариулсан байна.  Путин, Трампийг сонгуульд ялалт байгуулахад хамгийн эхэнд баяр хүргэсэн удирдагчдын нэг бөгөөд “Трампийн оролцоотойгоор хоёр улсын харилцаа дахин сайжрах болно” хэмээжээ.

 

“Хоёр улсын дунд үүсээд буй мөс шиг хүйтэн харилцааг Трамп хайлуулах байх” хэмээн Путин сэтгүүлчтэй уулзах үеэрээ ийнхүү мэдэгдэв.

 

Обама төрийн тэргүүн болсноор АНУ, ОХУ-ын харилцаа муудсан гэхэд болно. Украины зүүн хязгаарт 2013 оны долоодугаар сард үймээн дэгдэж, украинчууд Ерөнхийлөгч Виктор Януковичийг суудлаас түлхэн унагаасан билээ.  Уг үймээнийг ОХУ-ын Засгийн газар санаачилж, босогчид болон салан тусгаарлагчдыг ОХУ-ын Батлан хамгаалах яам зэвсгээр хангадаг гэх баталгаагүй мэдээллийн дараахан АНУ, Москвагийн эсрэг эдийн засаг, худалдаа, аялал жуучлал, визний хориг тавьж, НҮБ-д шахалт үзүүлэх болсон юм.

 

Орос уг гүтгэлэгийн дараа “Их 8” холбооноос гарчээ. Мөн НҮБ, Европын холбоо болон Европын хөрөнгөтөн орнууд Оросын эсрэг хориг тавих болсон юм.  Саяхан АНУ тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригийнхоо хугацааг дахин зургаан сараар сунгасан шийдвэрт Обама гарын үсэг зуржээ. Мөн Сирийн асуудлаас болж хоёр улс дахин дайсагнах болсон. Вашингтон, Москва террористуудын эсрэг хамтдаа тэмцэхээр тохиролцсон боловч нэг нэгэндээ үл итгэсний улмаас дахин муудалцахад хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг