“Арын хаалгаар орох” анхны IPO

 

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй 300 орчим компанийн хувьцааны төвлөрөл дунджаар 84 хувьтай байгаа гэнэ. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны төвлөрөл үүнээс ч илүү байдаг. Тухайлбал, нэгдүгээр ангилалд багтсан долоон компанийнх их. Хэдийгээр биржийн жагсаалтад 260 орчим компани байдаг ч үүнээс хувьцаа нь өдөр тутам арилжаалдаг нь тун цөөн.

Өдрийн арилжааны дундаж дүн 5-10 орчим сая төгрөгт хэлбэлздэг. Энэ нь чамламаар дүн юм. Үүнийг зарим хүн хувьцаа яг л самар шиг зарагдаж байна хэмээн ёжилдог. Бараа цөөнтэй дэлгүүрийн гүйлгээ тааруу байдаг шиг хувьцаа нь хэт төвлөрсөн биржийн арилжааны дүн ийм байхаас яах билээ. Иймд гүйлгээгээ сайжруулан, орлогоо өсгөхийн тулд барааныхаа нэр төрлийг олшруулах хэрэгтэй.

2005 оноос хойш Монголын хөрөнгийн биржид 12 компани IPO хийж, хөрөнгийн захаас нийт 60 орчим тэрбум төгрөг босгожээ. Үүнээс гадна бүртгэлтэй 12 компани нэмж хувьцаа гаргасан юм. Манайд хөрөнгийн зах зээлийн хөгжил сул, иргэдийн оролцоо бага учир IPO хийж, хөрөнгө босгоход хүндрэлтэй байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд үнэт цаас гаргасан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь нийт хувьцааныхаа 70-80 хувийг худалдан авах томоохон хөрөнгө оруулагч олж байж үлдсэн хувийг нь нээлттэйгээр арилжиж байв.

Учир нь томоохон хөрөнгө оруулагч олохгүй бол IPO нь амжилтгүй болох эрсдэл их. Тухайлбал, энэ онд “Багануур” компани үнэт цаас гаргаж, захиалгын хугацаагаа хэдэнтээ сунгасан ч үр дүнгүй болсон. Хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудад бол үнэт цаас гаргаж буй компаниуд нь нийт хувьцааныхаа 50-60, түүнээс ч дээш хувийг нээлттэйгээр арилждаг. Харин манайд одоогоор ийм боломж алга.

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “IPO амжилттай болох, эсэхэд зах зээлийн нөхцөл, компанийн үйл ажиллагаа буюу санхүүгийн байдал, андеррайтерын ур чадвар гэсэн гурван хүчин зүйл голлон нөлөөлж байна” хэмээн ярьсан юм. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар манай эдийн засаг 1.6 хувиар агшсан. Шинжээчдийн тооцоогоор 2016 оны эцэст ч эдийн засаг өсөлтгүй байх таамаг бий. Үржил шимгүй хөрсөнд сайн үр суулгасан ч арвин ургац авахад хэцүү шиг хямралын үед IPO хийж, мөнгө босгох боломж бага гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Эдийн засгийн байдалтай холбоотойгоор зарим компани үнэт цаас гаргахаа хойшлуулсан мэдээ ч бий. Гэхдээ зах зээл тааруу ч хөрөнгө босгох боломж байгаа гэнэ. Монголын үнэт цаасны биржийн гүйцэтгэх захирал С.Даваасамбуу “Үр ашигтай, сайн төсөл бол олон нийт сонирхож, хөрөнгө оруулах боломжтой” гэж ярьж байна.

Энэ онд биржийн лангуун дээр хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн нэмэгдэх төлөв байна. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн Маркетинг, олон нийттэй харилцах хэлтсийн захирал Ж.Мягмарсүрэн “Хоёр компани IPO хийхээр материалаа ирүүлсэн. Энэ ондоо багтаж үнэт цаас гаргах боломжтой. Одоогоор нэрийг нь нууцалж байна” хэмээн ярилаа. Үүнээс гадна “дүү” нь болох Монголын үнэт цаасны бирж ирэх улирлаас IPO хийж, үйл ажиллагаагаа нээхээр төлөвлөж байгаа аж.

Тус бирж энэ онд багтаан 10 компанийн үнэт цаас гаргах томоохон зорилготой ажиллаж байгаа гэнэ. Үүнд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбараас гадна старт-ап компани ч бий аж. Монголын үнэт цаасны биржийн гүйцэтгэх захирал С.Даваасамбуу “Бид хоёрдугаар улиралд багтаан эхний IPO-гоо хийхээр төлөвлөж байна. Манай биржийн анхны ажил учир 1-3 тэрбум төгрөг босгох зорилго бий. Энэ онд 10 IPO хийж, 10-30 тэрбум төгрөг босгоно. Одоогоор бэлтгэлээ базааж буй тул компаниудын нэрийг зарлах боломжгүй байна” хэмээн ярьсан юм.

Харин Монголын хөрөнгийн биржийн энэ оны анхны IPO “Хөрөнгө оруулагч үндэстэн”-ийх байх нь. Тус компани эхний улиралд багтан, нээлттэй болохоор төлөвлөжээ. Ингэхдээ “Жинст Увс” компанитай нэгдэх замаар биржийн жагсаалтад багтах бөгөөд уг шийдвэрээ өнгөрсөн наймдугаар сард гаргаж байсан юм. Олон улсад үүнийг “биржийн арын хаалгаар орох” гэдэг байна. “Хөрөнгө оруулагч үндэстэн”-ий Хөрөнгийн зах зээлийн хэлтсийн дарга Ч.Хандаа “Жинст Увс” үйл ажиллагаа явуулдаггүй ч нээлттэй компани учир хувьцааг нь арилжих боломжтой.

Харин “Хөрөнгө оруулагч үндэстэн” үйл ажиллагаа нь жигдэрсэн, олон хувьцаа эзэмшигчтэй ч, хаалттай компани. Тиймээс хоёр компани нэгдэх нь аль алинд нь ашигтай. Мөн хувьцаа нь идэвхтэй арилжаалагддаг, төвлөрөлгүй компани биржийн жагсаалтад орж буй нь зах зээлийн хөгжилд тустай гэж үзэж байгаа” хэмээн ярьсан юм. “Хөрөнгө оруулагч үндэстэн” нь одоогоор 1.6 сая ширхэг хувьцаа гаргасан бөгөөд 800 орчим хувьцаа эзэмшигчтэй аж. Ингээд нээлттэй болсноор хувьцааг нь чөлөөтэй арилжих боломж бүрдэнэ.

Тус компанийн 20 хувийг “Ард секьюритиз” эзэмшдэг бөгөөд үүнд ногдох 320 орчим мянган ширхэг хувьцааг биржээр дамжуулан арилжиж болох аж. Компанийн гүйцэтгэх захирал Б.Тамир “Бид эхний ээлжинд байгаа хувьцаагаа биржид гаргаж байна. Удахгүй нэмэлт хувьцаа гаргана. Манай хувьцаа эрэлттэй байгаа. Тиймээс нээлттэй болсноор Монголын хөрөнгийн биржийн арилжааны дүн ч өсөх боломжтой” гэлээ. “Хөрөнгө оруулагч үндэстэн” нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийн найман хувийг эзэмшдэг бөгөөд цаашид тус хоёр компани цаашид нэгдэн, банк байгуулах зорилготой аж.

Өнгөрсөн онд “Монгол шуудан” компанийн 34 хувийн арилжаа амжилттай болсон. Эдийн засгийн өсөлт тэг рүү тэмүүлсэн хэвээр байгаа ч энэ жил мөн хэд хэдэн компани энэ мэтчилэн IPO хийх төлөвлөгөөтэй байна.

 

 
Н.Санжаасүрэн