Өтгөрсөн хар утаа өнөөдөр бий болчихоогүй

 

Хотын маань иргэд гэнэт сэржээ... Өтгөн хар утаа өнөөдөр гэнэт л бий болчихсон мэт олон иргэн авирлах болов. Махан бие, цусан төрөлд төрсөн хүн ямар ч цэцгэн бясалгал, цэгэн бариа хийлгээд энэ утаан дунд эрүүл байх үндэсгүйг олон хүн гэнэт ойлгожээ... Ээжүүдэд ипотекийн зээлийн нөхцөл хэрхэн өөрчлөгдөх, Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах тал дээр ямар бодлого барьж ажиллах зэрэг нь сонин биш утааны эсрэг уриа, лоозон бариад жагсахыг чухалд тооцож байна. Олон нийтийн цахим сүлжээнд иргэд “Улаанбаатар Бээжингээс хэд дахин илүү бохирдолтой”, “Стандарт хэмжээнээс 2-7 дахин их” гэх мэт хоёр жилийн өмнөх бараан мэдээг сэргээн санаж эхлэв. Ийм ээдрээтэй цаг үед ихэнх нь дэлгэцийн араас хуурай шүүмжлэл өрнүүлж, эсрэг талд нь дүүргийн ИТХын төлөөлөгчид аян зарлаж, амны хаалт түгээгээд гүйж явна.

Жаахан хожуу ч гэсэн агаарын бохирдол аюултай нөхцөлд тулж ирснийг ойлгосон нь сайн хэрэг. Үнэндээ үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “тэмцэл” өрнүүлж ирсэн ч үр дүнд хүрсэнгүй. Утаагүй зуух, боловсруулсан түлш, агаар цэвэршүүлэгч, гэрийн эсгий, цахилгаан зуух санал болгох гэх мэт олон ч арга туршиж үзэв. 

Нөхцөл байдал дээрдсэн зүйлгүй энэ өвөлтэй золголоо. Зөвхөн энэ жишээнээс харахад манай улс өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах үе шаттай бодлогыг барьж ирсэнгүй. Мөн энэ хооронд шинжлэх ухаанч байдлаар хандаж, бохирдолтой тэмцэх үйлсэд эрдэмтдээ татан оролцуулж байсангүй. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын эсрэг зөвхөн Н.Алтанхуяг ах дүү, анд найзууд, танил талтайгаа нийлээд “тэмцэж” байсан гэсэн үг. Ийм л учраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа хүртэл “Цэвэр агаар” сангийн гэх тодотголтой их мөнгөний хэрэгт холбогдсон. Тэр ч бүү хэл хоёрхон жилийн өмнө “Агаарын бохирдол 20 хувиар буурсан” гэсэн ор үндэсгүй судалгааг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн төрийн ордноос танилцуулж, иргэдээрээ тохуурхаж байв. Түүний энэ баярт мэдээг дэмжиж, танхимынх нь сайд С.Оюун “Улаанбаатар хотын агаарын чанар гурван үзүүлэлтээр 30 хүртэл хувиар буурсан. Энэ нь хангалттай бууралт биш” гэж хүртэл дөвчигнөж байв. Гэтэл бодит байдалд агаарын бохирдлыг 20 хувиар бууруулах бус харин ч нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байсныг сонины шарлаагүй хуудсууд гэрчилдэг билээ. Тодруулбал, 2013 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлж, Багануурын түүхий нүүрсээр нийслэлийг хангах аян эхлүүлсэн тухай ч гэсэн мэднэ дээ. Нөгөө сайд асан Л.Гансүхийн торны цаад руу явчихдаг хөтөлбөр шүү дээ... Гэтэл Японы томоохон хотууд 1970-аад онд, Лондон хот 1950-иад оны эхээр агаарын бохирдлын гамшгаас салахын тулд түүхий нүүрсний хэрэглээг хориглосон байдаг. Тэгэхээр өмнөх Засгийн газар агаарын бохирдлын эсрэг тэмцэхдээ олон улсын жишгийг сөрсөн бодлого барьсан болж таарч байна.

 

БОХИРДЛЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД ТАВХАН ЖИЛИЙН ДОТОР 110 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛАВ. ХАРИН ҮР ДҮН НЬ...

 

Тоон үзүүлэлтээс харвал 2011-2014 онд сайжруулсан зуух, гэрийн дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй сууц олгох, айл өрхийн цахилгааныг хөнгөлөх зэрэг арга хэмжээнд улсын төсвөөс 92.9 тэрбум төгрөг зарцуулжээ. 2015 онд арван тэрбум, өнгөрсөн онд таван тэрбум төгрөг төсөвлөсөн гэж үзэхээр тавхан жилийн дотор 110 орчим тэрбум төгрөгийг агаарын бохирдлын эсрэг зарцуулсан байна. Мөн үүн дээр нэмж Дэлхийн банк, “Жайка”, Мянганы сорилтын сангаас нийт 46.5 сая ам.долларыг зарцуулсан байдаг. Дээрх арга хэмжээний үр дүнд агаарын бохирдол 20 хавиар буурсан гэдэг мэдэгдэл хийж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тухайн үед элэг доог болж байв. Тэгвэл Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Сүүлийн 15 жил ямар ч өөрчлөлт алга. Өнгөрсөн жил 132.5 тэрбум төгрөг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан” гэж өнгөрсөн оны сүүлчээр ярьсан байв. Энэ баримтаас үзвэл өмнөх Засгийн газар 2014 онд л гэхэд 132.5 тэрбум төгрөгөөр улсынхаа нийслэлийн утаа, угаар, хөрсний бохирдолтой тэмцсэн болж таарч байна. Тиймээс агаарын бохирдлын эсрэг өнгөрсөн жилүүдэд хэдий хэмжээний хөрөнгөөр ямр ажил хийж байсныг дүгнэх шаардлага байгаа гэдэг нь тодорхой юм.

 

 

Н.АЛТАНХУЯГИЙН ЗАРЦУУЛСАН МӨНГӨӨР ЮУ ХИЙЖ БОЛОХ БАЙВ

Утаа багатай зуух, түлш хэрэглээд ч утаа гардгаараа гарна. Энэ бол өнгөрсөн хугацаанд туршиж үзсэн арга. Мөн үр дүнгээ төдийлөн сайн өгөөгүй явцгүй шийдэл... Гэвч агаарын бохирдлыг нэг Засгийн газар гарч ирээд ганцхан далайлтаар шийдчих ажил биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Харин ганцхан жилийн дотор 100 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байсан атлаа яагаад үр дүнд хүрээгүй юм бол. Яагаад ээжүүд төв талбай дээрээ жагсч, хүүхдүүдэд амны хаалт зүүхээс өөр сонголт үлдээгүй юм бол. Үнэндээ энэ бол хариулт нэхэх үндсэн шалтгаан мөнөөсөө мөн. Уг нь тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газар зуух тараах, нүүрс түгээх ажилд толгой гашилгаж суухын оронд иргэдээ орон сууцжуулах аянд сайн дураараа нэгдсэн бол өдийд хамаагүй үр дүнтэй байх байлаа. Тав орчим жилийн хугацаанд зарцуулсан 110 орчим тэрбум төгрөгөөр л гэхэд 1160 өрхийг орон сууцанд оруулах боломжтой байж. 2015 онд агаарын бохирдолд 135.5 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг баримтыг нэмбэл өдгөө 2300 орчим өрхийг гэр хорооллоос салгах байжээ. Гэтэл өмнөх Засгийн газар нүдэнд харагдах өөрчлөлтийг бий болгосонгүй. 110 тэрбум төгрөгөөр 1160 өрхийг орон сууцанд оруулна гэсэн тооцооллоор үзэхэд нийслэлийг гэр хорооллоос салгахын тулд 17 жил шардлагатай болж байна. Энэ бол зөвхөн жишээ гэдгийг анзаарсан биз...

Гэвч Н.Алтанхуягийн болоод Ч.Сайханбилэгийн ах дүү Засгийн газрууд алийг нь ч хийсэнгүй. Угтаа дулааны V цахилгаан станцыг ашиглалтад оруулж байж, Монгол Улсын Засгийн газар иргэддээ “Нүүрс түлэхээ боль” гэдэг шаардлага тавина. Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гадаад зах зээлээс “Чингис”, “Самурай” бондууд татсан атлаа энэ төслийн ажлыг эхлүүлсэнгүй. Харин ч төмөр зам зэргээс эхлээд явж байсан төслийг зогсоосон байдаг юм.

 

ЭРДЭМТДИЙН ОРОЛЦОО ИХ

Үнэндээ үе үеийн Засгийн газар агаарын бохирдол энэ хэмжээнд хүрсний бурууг хуваан үүрч таарна. Харин аль Засгийн газар их мөнгө ямар ч хяналтгүй зарцуулж, алинд нь бага мөнгө ногдсон бэ гэдэгт л асуудал байгаа юм. Цөөн үгээр хэлбэл, их хэмжээний мөнгө зарцуулчихаад байхад иргэдийн нүдэнд яагаад өөрчлөлт харагдсангүй вэ...

Гэтэл ингэж их хөрөнгө, мөнгө зарцуулсан тэмцлийн ард бид өнөөдөр “Нийслэлийн агаарын бохирдлыг ингэж бууруулах бололцоотой” гэсэн баримт бичиг ч алга. Өөрөөр хэлбэл, ойлголтын зөрүү одоо хүртэл байсаар байна гэсэн үг. “Сайжруулсан зуух тараагаад болно” гэсэн нэг хэсэг байхад “Бүрэн шаталттай түлш хэрэглээд утааг бууруулна” гэсэн хэсэг ч бас байр сууриа хамгаалсан хэвээр. Энэ бүхний эсрэг талд “Газ” хэрэглээг дэмжих хөтөлбөр боловсруулахыг шаардаж ч юуны магад... Үнэндээ нөхцөл байдал ийм л байна. Харин ийм ойлгомжгүй цаг үед энэ Засгийн газар шинжлэх ухааны академид хандаж, эрдэмтэн судлаачдыг оролцуулах саналыг илгээжээ. Эрдэмтэд ч Засгийн газрын хүсэлтийг нааштай хүлээж авсан байна. Үүнээс гадна БОАЖ-ын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Д.Оюунхорол “Агаарын бохирдолттой өнөө маргаашаа бодож, амиа аргацаасан байдлаар тэмцээд үр дүнд хүрэхгүй. Тиймээс бид Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болох шаардлагатай. Хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулж байгаа” хэмээн ярьжээ. Тэгэхээр энэ жилээс агаарын бохирдолтой тэмцэх нэгдсэн ойлголттой, шат дараалан авч хэрэгжүүлэх хөтөлбөртэй болох нь. Үүнээс гадна энэ онд агаарын бохирдлыг бууруулахад таван тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг тэглэхэд зарцуулахаар Засгийн газар шийдсэн бол сайжруулсан зууханд 450 сая, сайжруулсан түлшинд 400 саяыг зарцуулахаар тус тус төлөвлөжээ.

 

Д.Ганбаатар