С.Эрдэнэ 18 тэрбумыг зуучилсан уу

 

Шахааны бизнес зөвхөн Эрдэнэт үйлдвэрт явагддаггүй. Улс гэх “хогийн сав”-нд хэрэгтэй, хэрэггүй зүйлс шахаж,  татвар төлөгчдийн мөнгөөс хумсалж, баяжигчид цөөнгүй. Үүний нэг жишээ нь Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан гэх сүлжээний бизнес. Уг нь энэ санг “Атарын III” аянг дэмжих зорилгоор байгуулсан. Гэвч сан том, жижиг гарын хулгайчдын сүлжээнд орооцолдож, зорилгоосоо хазайсан.

 

Өмнө нь тариа будаа хадгалах сав хэрэгтэй гэсэн нэрээр

 

Д.Содхүү Сэлэнгэ аймгийн гурил тэжээлийн үйлдвэрийн 15 000 тонны  элеваторыг 1.2 тэрбумаар

 

  • Бямбаноров, Д.Балдан-Очир нар Дарханы 22 000 тонны савыг 2.0 тэрбум төгрөгөөр
  • Т.Бадамжунай ХХАА-н сайд байхдаа Булганы 32 000 тонны элеваторыг 3.0 тэрбумаар улсад шахаж байв. Үр дүнд нь тэд бүгд газар тариалан, гурилын бизнестэй болсон.

 

 

Харин энэ бизнесийг өнөө ч үргэлжлүүлж, илүү амжилттай эрхэлж буй хүмүүсээр Д.Балдан-Очир, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарыг нэрлэж болно.

 

Д.Балдан-Очир бол “Дархан гурил тэжээл” ХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч. Эхнэр, хүүхдүүдтэйгээ хамтран “Дархан гурил тэжээл” ХК-ийг атгадаг гэж хэлж болно. Энэ компани Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн 10 000 тонн улаан буудайг хадгалж байхдаа горим зөрчиж, дэлбэлж, шатаасан удаатай. Шүүхээс “Дархан гурил тэжээл” ХК-иас  хохирлыг төлүүлэх шийдвэр гарсан байдаг. Улсад 3.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ч төлөөгүй, хэнэггүй хаячихсан.

 

Гэтэл дахин нэг “но” илэрсэн нь Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөг гаргуулан авсан явдал. 2014 онд Чингис бондын хөрөнгөөс 18 тэрбумыг авсан ч юу хийсэн, улсад юу өгсөн нь тодорхойгүй. Шатсан элеватораа засварлаж, шахах гэж оролдсон ч улс хүлээн аваагүй гэх сураг бий. Авсан хүн нь хэрэгт орох хэмжээний “но”-той асуудал бололтой.

 

 Д.Балдан-Очирын Хөгжлийн банкнаас авсан 18 тэрбум төгрөг ногоон гэрлээр данс руу нь оржээ. Учир нь түүнд том зуучлагч байсан бололтой. Тэр нь өнөөгийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гэх хардлага байна. Тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг С.Эрдэнэ шөвөгдөж, Д.Балдан-Очирт 18 тэрбум төгрөг гаргуулж өгсөн байж болзошгүй. Үүнийхээ хариуд С.Эрдэнэ “Дархан гурил тэжээл” ХК-ийн томхон хувьцаа эзэмшигч болсон гэх баримт байна. Гэхдээ С.Эрдэнэ хэмээн өөрийнхөө нэрийг оруулсангүй. Харин Э.Содгэрэл хэмээн охиноо хувьцаа эзэмшигч болгосон бололтой. Аяганы хариу өдөртөө ирсэн нь энэ.

 

Чингис, Самурай бондоос олон аж ахуйн нэгж, байгууллага зээл авсан. Харин тэр зээл ямар замаар явсан болоод үр ашиг нь өнөө ч тодорхойгүй байгаа олон баримт бийг УИХ, Засгийн газрын гишүүд ярьж буй. Тун удахгүй нэр устай нь зарлана хэмээн дуншиж байна. Тэдний дунд Д.Балдан-Очир, С.Эрдэнэ нарын 18 тэрбум ч яригдаж магадгүй.

 

В.Бат