Захиалагчийг олон нийтэд зарлаагүй цагт шүүхийн шийдвэр үргэлж хардлага дагуулах болно

 

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг дээр  хуулийнхан зөв шударга ажилласан гэх байр суурийг Улсын Ерөнхий прокурор илэрхийлсэн. Харин шүүгчид чимээ багатай байгаа. Дараагийн шатны шүүхийн шийдвэрийг нийгэм хүлээж байгаа. С.Зориг агсны дүү  С.Оюун мэдэгдэл гаргахдаа”Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэг эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн Хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм.

Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна. Хохирогч С.Оюун” гэсэн байсан.

За мөн ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг ч шүүхийн шийдвэрт эргэлзэж буй байр суурийг илэрхийлснийг хүргэе.