Яагаад ёс суртахуун гэж?

 

-Та нар хүүхэд байж архи ууж болж байгаа юм уу?
 
-Үгүй, архи уугаагүй. Тамхи л татсан. Цүнхээ үүрч, саравчтай малгай дарж өмссөн туранхайвтар хүү хээв нэг ингэж хэлээд хана түшин гуйвна.
 
 –Чи согтуу л байна ш дээ. Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ гэвэл цаана нь байсан нэг охин, хоёр хөвгүүн нөгөө согтуугаа чирсээр лифт рүү орлоо. Ичиж айсан, эсэхийг  мэдэхгүй л дээ. Хамгийн харамсалтай нь энэ бол эмгэнэл. Нөгөө талаас нийгмийн оюун санааны амьдрал ямар их ядуурсны  илэрхийлэл, бас том хүмүүсийг харах  толь, тэдний бодит тусгал.
 
Хүн гэдэг амьтан оюун ухаан, ухамсраараа адгууснаас ялгаатайг мэдэхгүй хүн (homosapiens) байхгүй дээ. Гэтэл тэр ухамсрын тод илэрхийлэл бол зарим хүний сайн мэддэг хэрнээ огт тоодоггүй өнөөх ёс суртахуун хэмээх ухагдахуун шүү дээ. Ёс суртахуун гэж яг юу юм бэ? Энгийн агуулгаараа хүн хүнтэйгээ зохицон амьдрах ухаан. Бас  нийгмийн харилцааг зохицуулах арга.
 
Энэ утгаараа хувь хүний ёс суртахуун нийгмийн үнэт зүйлийн нэг яах аргагүй мөн. Ёс суртахууны хүмүүжил, төлөвшилтэй хүн зориудаар хазгай гишгэх нь ховор бөгөөд үүрэгт ажлаа дутуу гүйцэтгэлээ ч өөртөө дүгнэлт хийж, засч залруулж чаддаг. Үүнд л ёс суртахууны үнэ цэнэ оршино. 
 
“Таны бодлоор, таны харж байгаагаар өнөөдөр ёс суртахууны хувьд цэвэр тунгалаг салбар манайд байна уу?” гэдэг асуултад “Үгүй” гэх хариулт жин дарж байна. “Жинхэнэ ёс зүйтэй даргыг нэрлээч” гэвэл ичингүйрэх (магадгүй улстөрчдийн өмнөөс ичсэн байх) хүн олон байна. Шийдвэр гаргагч улстөрчид нь ёс суртахууны хувьд хоцрогдохоор төрийн нэр хүнд унана.
 
Дагаад төр засагтаа итгэх олон түмний итгэл буурна. Төрдөө итгэх итгэл алдрах нь нийгмийн сэтгэлзүйд  туйлын халтай үзэгдлийг төрүүлнэ. Энэ бол зүгээр л аюул. Ийм үед сонгогчдод хандаж “Чи ёс суртахуунтай бай” гэж шаардах эрх улстөрчдөд бий юу? Ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж УИХ-д сонгогдсон эрхэмээс ёс зүйтэй шийдвэр гарах уу?  Архи ууж, агсам согтуу тавьж, эхнэр, хүүхдээ хүчирхийлдэг овилгогүй эр нэг өдөр архи уугаад ороод ирсэн том хүүдээ сургааль айлдах нь  үнэ цэнийн хувьд утгагүй шүү дээ. Үүнтэй яг адилхан гэсэн үг. 
 
Шударга ёс бол ёс суртахууны хамгийн том хэмжүүр. Хаана шударга ёс байна, тэнд нийгэм эрүүл байдаг. Нийгэм хэдийчинээ эрүүл байна, улс орон аяндаа хөгжинө, цэцэглэнэ. Өндөр хөгжил нь тусгаар тогтнолын баталгаа. 
 
Хөгжингүй орнуудад хүүхдээ албаны унаагаар сургуульд нь хүргэж өгсөн сайдаа тэр дор нь огцруулдаг, төсвийн мөнгөөр тансагласан эрх мэдэлтэнг нэг хоног бүү хэл нэг цаг минут ч суудалд нь уядаггүй, садар самууны асуудалд ороогдсон Ерөнхийлөгчөө шүүхэд дуудаж чаддаг юм билээ.
 
Ёс суртахууны хариуцлага ийм л хүчтэй бөгөөд үр дүн нь нийгэмд л үлддэг. Нийгмийн сайн сайхан нь ёс суртахуунд байдаг болохоор тэр биз ээ. Үүнийг бид мэдэхгүй биш мэддэг. Бүр 26 жил ярьж байна. Харамсалтай нь тусгаж авахгүй байна. “Ямар ард түмэн байна, тийм төр засаг байдаг” гэж  ярих дуртай хүн олон. Харин би эсрэгээрээ “Ямар төр засаг байна, тийм ард түмэн байдаг нь ардчилалд хөл тавьсан манай 26 жилийн түүхээс тодорхой харагдлаа” гэж адрамаар санагдлаа.
 
Учир нь урваж шарвадаг, үзэл бодлоо худалддаг, сандал ширээ наймаалцдаг, намчирхдаг, хууль зөрчдөг, тодорхой эрх ашгийн төлөө хуйвалддаг, хонзогнодог гээд энэ бүх ёс суртахуунгүй үзэгдэл улстөрийн хүрээнд байсаар  л байгаа цагт нийгмийн оюун санаа, үнэт зүйл шалдаа унах нь ойлгомжтой. “Ёс зүйгүй хүнтэй бүү ярь, бүү харилц” гэж Дорнын нэгэн гүн ухаантан сургасныг ёс суртахуун, ёс зүйгүй улстөрчдөд хаяглах минь.
 
Дажсүрэнгийн Лхагвадорж