О.Баасанхүү: Бид АН-тай тохироо хийж болно, эсвэл МАН-тай ч болно

 

МАХН-аас ганцаараа УИХ-ын сонгуульд ялж, намаа бүрмөсөн устаж алга болохоос аварсан  О.Баасанхүү гишүүний ” Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагын сонин содон хэсгээс хүргэж байна.

 

-Сая 500 мянган кв.км газар нутагтай хүмүүс 100 хан км талбайгаа дархан хилээсээ харамлана гэж юу байхав дээ. Бид Улаанбаатарт байгаа сэтгэлгээгээрээ сэтгэж болохгүй. Монгол Улсынхаа бүх үүцийг задлах гэж яарахаа болиоч гээд байна. Орос Сибирийнхээ үүцийг задлаагүй, Америк Аляскаа ухаагүй байна. Улс орон болгон өөрийн бодлоготой байдаг. Бид Оюутолгой, Тавантолгойгоо мэрж дууусаагүй байна. Эрдэнэтээ барж дуусаагүй байна. Юундаа улайраад дайраад байгаа юм бэ. Одоо больчих л доо. 100 км хилийн бүсийг багасгах нь уул уурхайтай холбоотой гэдэг хардлага биш бодитой байхгүй юу даа. Нэртэй устайгаа хүмүүс нь байж л байна. Манайхан цөөхүүлээ хүмүүс. Цөөхүүлээ болохоор танай ах дүү чинь хэн бэ гээд явж байхад л мэдэгддэг. Ялангуяа мөнгөтэй хүн бол бүр цөөхөн. Хэн, хаана бизнес хийх гэж байна, яаж явах гэж байна гэдгийг би мэддэг. Яахав хууль хүчний байгууллагыг нь хэдхэн хүн атгадаг учраас чанга яривал хүн гүтгэсэн болно гээд байж байгаа болохоос биш. Юм гэдэг чинь ноцтой шүү.

-Гэр бүлийн хүчирхийллийг зарим эмэгтэй гишүүд уламжлалт аргаар зохицуулдаг гэж хэлж байна лээ. Хүн зодох ямар уламжлалт арга байдгийг би ойлгохгүй байгаа. Зөөлөн алгадах, чанга алгадах гэж байдаг юм уу.

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль дээр МАН-ын гоё эмэгтэйчүүд дуугарвал гоё харагдана. Даанч эмэгтэйчүүд маань эрх ашгийн сонирхолтой юм уу, дуугарахгүй юм.

-Парламентын анхдугаар чуулганы үеэр үүрийн 04 цаг хүртэл хуралдаж байлаа. Ирц бараг 100 хувь шахуу байсан. Энэ бол эрч хүчтэй бөгөөд мундаг парламент байна даа гэж итгэмээр байсан даа. Гэхдээ үнэндээ бол тэнд албан тушаал, бялуу хувааж байсан учраас ний нуугүй хэлэхэд сонирхол байсан юм шиг байна лээ. Одоо бол нийгмийн хойшлуулашгүй зөндөө асуудал байна. Гэтэл 20 гишүүн гадаадад явна гэдэг юу гэсэн үг вэ.

-АН-ын 9 гишүүн алга болчихсон. Гомдогсодын арми юм уу хаашаа юм. АН-аас 4 хүн чуулганд сууж байвал маш олуулаа байна гэсэн үг.

-Чуулганы ирц эрх баригч нам 65-уулаа болоод байхад хүрэхгүй байна гэдэг бол Монгол төрийн эмгэнэл

-Ер нь бол бид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байж болно л доо. Гэхдээ ийм эрт хэлэх ёсгүй. Бид АН-тай тохироо хийж болно. Тохироо гэдэг нь манай намын 2020 оны ялалтад та нар яаж нөлөөлөх юм гэсэн асуудал шүү дээ. Эсвэл МАН-тай мөн адил тохироо хийж болно. Иймэрхүү зүйлийг ярина уу гэхээс шууд гараа өргөөд буугаад өгч болохгүй.

-Гуравдугаар сарын 1-ээс өмнө би ямар ч байсан нэр дэвших бололцоотой зургаан хүнийхээ нэрийг гаргачихна. Одоо нэрийг нь ярихаар нөгөө хүмүүсийг айлгаад байх юм.

-Би МАХН-д нэг суудал авч өгсөн. Миний суудлаар дамжуулж улсаас 114 сая төгрөгөөр намыг санхүүжүүлж байгаа. Би одоо хүртэл тойрогтоо зориулж тэр 114 сая төгрөгөөс аваагүй.

-Би ганцаараа байгаа учраас үнэндээ ганцаардаж байгаа. Гэхдээ би бусад шиг ганцаардаж байна гээд гадаа гарч дуу дуулаагүй.

-Г.Уянгыг хараад би заримдаа инээд ч хүрэх шиг санагддаг. Явж байгаа Ерөнхийлөгчийн тухай яриад яах юм. Ирж байгаа Ерөнхийлөгчийн тухай ярих хэрэгтэй. Л.Энх-Амгалан, Г.Уянга хоёрт адилхан зүйл байгаад байгаа юм. Л.Энх-Амгалан маань УИХ-ын гишүүнээсээ буюу ард түмнээсээ түдгэлзэхээ больчихлоо гэдэг шиг байгаа биз. Уг нь бол яадаг вэ гэхээр УИХ-ын даргад хүсэлт өгөөд УИХ-ын дарга нь байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Тэгээд Р.Амаржаргал шиг кнопдоод үлдлээ, явлаа гэж шийддэг. Тэрнээс биш дэд хороогоор өөрийгөө ёс зүйтэй гэж нотлуулаад халдашгүй байдлаар энэ хүний эрхэнд битгий халдаарай гэж хэлүүлээд түүгээрээ шоуддаггүй юм.

-Би хэзээ ч худлаа амалдаггүй. Намынхаа баярын дараа гуравдугаар сарын 1-нд би Сүхбаатар, Ялалтын талбай дээрээ халуун савтай цайгаа тавиад ард түмнээсээ МАХН-ын гишүүдээ бүртгэнэ. Тэндээсээ жаахан хандив авна. Тэгээд утсаар нь дамжуулаад 1206 хүн цуглуулаад хандиваар нь “Улаанбаатар палас”-т хурал хийнэ.

 politik.mn