Ц.Нямдорж: Би худалдагдахгүй. Насны эцэст нэр, нүүрээ барж яахав


 

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт  өчигдөр  оролцож цаг үеийн асуудлаар ярилцлаа.  Энэ үеэр түүний хэлсэн ОНЦЛОХ ИШЛЭЛ-үүдийг хураангуйлан хүргэе.

 

Шинэ засаг байгууллагдсанаас хойш шинэ томилогдсон хүмүүсийн хувьд одоо бол ид ажилтайгаа танилцдаг үе л дээ. Би мэднэ. Эхний хэдэн сар ажилтайгаа танилцах, дасах, бодлогоо томъёолдог. Энэ мэт ажлууд хийгдэж байгаа учраас одоо араас нь шүүмжлээд байх төвөгтэй.

 

Би 70, 72-тай бүрэлдэхүүнд өмнө нь ажиллаж байсан. Одоо 65-тай бүрэлдэхүүнд байна. Нэг талаасаа төвөгтэй л дөө. Ялсны маргааш, нөгөөдөр нь гоё байдаг мөртлөө дараа нь ажил хийгээд эхлэхээр хэцүү.

 

Х.Бадамсүрэн уул уурхайн салбарт гайгүй бэлтгэгдсэн боловсон хүчин. Төвөгтэй албан тушаалд очиж байгаа учраас цаашид энэ хүний сайн ажиллана гэсэн баталгааг би өгч чадахгүй. Чин үнэнийг хэлэхэд зориг зүрх шаардсан ажилд очлоо. Том дарга нартай санал зөрөлдөж асуудалд хандах олон асуудал босно. Үүнийг чадах эсэх нь одоогоор оньсого. 

 

Төр засгийн хянан шалгах чадвар нь  их мууджээ.

 

Би Эрдэнэтийн асуудлаар тохироонд ороод яахав дээ. Худалдаж авсан эх үүсвэрийн асуудал л      миний анхаарлыг дээд зэргээр татаж байна. Энэ хугацаанд өдөр, шөнөгүй намайг балбаж байна шдээ. Өнгөрсөн долоо хоногт би хоёр хэрэг үйлдчихлээ.  "Эрээний хилийг хаа" гэж Нямдорж Хятадын Засгийн газарт захидал бичсэн болж таарлаа. Хоёр нь "Эрдэнэтийн удирдлагууд ажилчдын цалингаа нэмсэн чинь Нямдорж эсэргүүцэв" гэж. Гэтэл цалин нэмсэн асуудлыг би мэдээгүй л байгаа байхгүй юу. Түүнчлэн Эрдэнэтийн талаар үнэн дуугарсан хүн бүрийг намнах зорилготой сайт хүртэл гарсан байна.

 

Би худалдагдахгүй. Өдий хүртлээ худалдагдаагүй байж насны эцэст нэр, нүүрээ барж яахав. 

 

Зөвхөн "Эрдэнэт" дээр биш Монголд эрх мэдэлтнүүдийг хамарсан зохион байгуулалттай олгархи тогтолцоо өнгөрсөн дөрвөн жилд биежсэн байна. 

 

Ерөнхийлөгчийн сонгуульд би өөрөө өөрийгөө дэвшүүлдэггүй юм аа. Нам гээч юм нь дэвшүүлнэ шдээ. Нам дэвшүүлэхгүй гэвэл дэвших боломжгүй.

Одоохондоо надад Эрдэнэтээс өөр бодож байгаа юм алга.

 

Би түрээсийн байранд амьдарч байна.Миний өөрийн өмчлөлийн байр зусланд байгаа.

 

Улс төрд байя гэж бодож байгаа бол оффшор дансгүй байх гэдэг зарчмыг би ярьж байгаа.

 

Би хуулийн байгууллагад 10 гаруй жил ажиллахдаа бүх байгууллагын хуулийг шинэчилсэн. Би Хилийн цэргийг Хилийн цагдаа болгоё гээгүй. Харин ч би амиа тавин хамгаалдаг. Монголын дотоод аюулгүй байдлыг хангаж байгаа гол хүчин чинь энэ шүү дээ.Үүнийг харин ч бэхжүүлэх ёстой байтал юун татан буулгах вэ.

 

Урд айл зэс, нүүрс машин дээр хүртэл татвар ноогдуулчихлаа. Ийм хүнд цаг үед далай ламыг залах  цаг нь мөн байсан юм уу.  Урд айлын хамгийн их ярьдаг асуудал нь X-дугаар богдыг тодруулах тухай асуудал шүү дээ.

 

Би Монгол улсын гүйцэгдэхгүй тагнуул.

 

Н.Алтанхуягийн засаг унаагүй байсан бол Эрдэнэтийн асуудал ингэж шогтохгүй байсан. Би Н.Алтанхуягийг мэднэ.

 

Ц.Элбэгдоржийг хоёр удаа Ерөнхийлөгч болоход нь  Н.Алтанхуяг сонгуулийн компанит ажлыг нь удирдаж явсан хүн шүү. Сайханбилэгийг өлгийтэй байхад нь улс төрд хөтлөн оруулж олон жил хажуудаа хэвтүүлчихээд сүүлд нь мөргүүлсэн хүн.Би энэ талаас нь Н.Алтанхуягийг өрөвддөг. 

 

 

 

 

Бэлтгэсэн: Б.Алтжин