Лех Валенса: Би зөвлөлтийг задласан

Нийтлэгч: Г.Баянжаргал    
 

 

Мужааны хүү Лех Валенса 1967 онд Гданьск хот дахь Ленин усан онгоцны үйлдвэрт цахилгаанчинаар ажилладаг байхдаа ажилчдын жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог байжээ. 1980 оны 8-р сарын 14-нд үйлдвэрийн ажилчдын ажил хаялтыг Валенса удирдаж, хоёр өдрийн дараа Ажил Хаялт Зохицуулах Хороог байгуулсан аж. Удалгүй уг хороо Эв Нэгдлийн Чөлөөт Хөдөлмөрчдий хороо болон байгуулагдаж, даруй 10 сая гишүүдтэй болжээ. 8-р сарын 31-нд засгийн газар ажилчдад эвлэл байгуулж, ажилт хаях зөвшөөрлийг олгосон байна. Улс даяар тархсан жагсаал, цуглаан, ажил хаялтын үед коммунист удирдагч Войцех Ярузельский дайны байдал зарлахад Эв Нэгдлийн хорооны олон гишүүд нь удирдагч Лех Валенсагийн хамт баривчлагдсан юм. Лех Валенса нэг жилийн дараа суллагдаж, 1983 онд Нобелийн энхтайвны шагналыг авсан байдаг. ЗХУ-д өөрчлөн байгуулалтын уур амьсгал орсоор, эдийн засаг, улс төрийн хувьд байдал өөрчлөгдөж эхлэхэд 1988 онд Валенсагийн Эв Нэгдлийн хороо засгийн газартай чөлөөт сонгууль явуулахаар тохиролцож, түүний хамтран байгуулсан нам парламентын ихэнх суудлыг авчээ. Польшийн ерөнхийлөгчөөр 1990 оноос таван жил ажилласан Лех Валенса бага ангийн боловсролтой, цахилгаанчны мэргэжлээр төгссөн энгийн нэгэн ажилчин байсан ч өсөх наснаасаа цовоо сэргэлэн, тууштай, эрдэмтэй хүн байсан тухайгаа 2000 онд өгсөн дараах ярилцлагадаа дурджээ.

 

-Арван настай Лех Валенсагаар өөрийгөө танилцуулна уу. Чи хэн бэ? Чи хаана амьдардаг вэ?

-Би 1952-1953 оны хооронд дайны дараа ядуурал ихтэй нэгэн тосгонд амьдарч байв. Гуравдугаар ангийн сурагч би сургууль хүртлээ таван км урт замыг туулаад, дараа нь  сүм хүртэл өдөр бүр долоон км хөлөөрөө явдаг.


-Арван настай Лех Валенсагаас эцэг эх тань юу хүлээдэг байсан бэ?

-Миний үнэмшлээр эцэг эх маань маргааш хүртэл амь зогоох, тэр хүртэл яаж амьдрахаа л боддог байсан. Магад тэд маань намайг их цовоо сэргэлэн хүүхэд байсан учраас “Хүү маань том болоод юу болох бол, ямар эр хүн болох юм бол?” гэж боддог байсан байж болох юм. Би сардаа ганц цонх хагалж, зүггүйтэхгүй бол болдоггүй хүүхэд байлаа шүү дээ. Тиймээс эцэг эх маань гайхдаг байсан биз.


-Танай гэр бүл хэдэн хүүхэдтэй байсан юм бэ?

-Эцэг маань дайнаас эргэж ирэхдээ нас барсан учраас түүний  захиасаар ах нь гэр бүл, ээжийг маань халамжилдаг байсан. Тэгэхээр дөрвөн хүүхэдтэй манай гэр бүл дээр нэмээд ахын маань гурван хүүхэд гээд долуулаа амьдардаг байж. Бид хэд бүгдээрээ гайгүй хүмүүс болсон. Дээрээс нь би өөрөө Польшийн ерөнхийлөгч болж, Нобелийн энхтайвны шагналыг хүртэх гэх мэтчилэн янз бүрийн юм миний амьдралд тохиосон. Ингэж би яагаад цонх хагалдаг хүүхэд байсны зорилгыг  мэдэж авсан шүү.


-Ингэхэд та яаж цахилгаанчин болсон юм бэ?

-Цахилгааны тухай мэдэж автал надад нэг юм нь таалагдаж, сонирхлыг минь өдөөж л дээ. Цахилгааныг дотроос нь харахыг хүсээд, эрэн сурвалжилж явахдаа хэд хэдэн удаан цахилгаанд цохиулж байлаа. Тэгээд өөртөө “Яаж вэ? Надад харагдахгүй мөртлөө намайг цохиж л байдаг” гэж гайхаж байв. Хамгийн гол нь цахилгааны тухай мэдэж авахаасаа өмнө цахилгаанд цохиулсандаа байгаа юм. Тиймээс л цахилгааны тухай илүү сайн мэдэж авья гэсэндээ энэ салбарт мэргэшсэн.

 

-Тэр үед яаж цахилгаанчин болдог байсан бэ?

-Бага ангид сурсаны дараа гурван жил мэргэжлийн сургуульд сураад цахилгаанчин болдог. Энэ гурван жилийн бэлтгэлээ би механик бэлтгэлтэй хослуулж сурсан. Яагаад гэвэл би машин дуртай хүүхэд байсан. Хамгийн анх сургуульд ороод 1949 онд анх удаа машин харж үзсэн шүү дээ. Үүнээс өмнө бол машины барааг ч харж үзээгүй байсан. Иймэрхүү л тосгонд амьдардаг байлаа. Анх удаа харсан тэр машиныг би их тод санаад байдаг. Том болоод дуртай машинаа худалдаж аваад өөрөө засдаг байсан даа. Ажиллагаатай машин байсан учраас их засдаг байж билээ.


-Энэ үед та улс төрийн тухай боддог байв уу?

-Үгүй. Би хэзээ ч олон нийтийн ажил руу орохыг хүсдэг байгаагүй. Тиймдээ ч энэ талын тохирох бэлтгэл сургуулилтыг би аваагүй. Гэхдээ тэр үеийн хориотой радионууд Радио Фрий Европ, ББС зэргийг сонсдог байв. Төрөөс тийм радио сонсохыг хориглодог байсан. Би тиймхэн энгийн юмыг хориглуулна гэхээр сэтгэлд ямар байдгийг мэддэг байсан учраас системд анхнаасаа дургүй байсан. Өсч томрохын хэрээр аяндаа системд улам дургүй болоод, энэ тухайгаа форумуудад очоод ярьдаг болсноос хойш бэрхшээл учирч эхэлсэн дээ. Хамгийн чухал нь надад бэрхшээл бий болох тусам би улам нээлттэй ярьдаг болсон. Ингэснээр намайг зөрчилдөөний зам руу оруулж, эцэст нь системийн эсрэг тэмцэхийн жинхэнэ зовлон рүү хөтөлсөн.


-Олны өмнө анх хэдэн настайдаа ярьж эхэлсэн юм бэ?

-Би янз бүрийн юмнаас болж зовдог байснаа санадаг. Миний хэлсэнчлэн би маш энгийн зарим, дүрэм дээрээс суурилсан газраас гаралтай хүн. Бага ангидаа л би коммунист сургуулиас болж тэр энгийн зарчим, дүрмүүдийн зарим нь зөрчигдөж байгааг шууд ажиглаж чаддаг байсан. Тиймээс би хүүхэд байхын зөрчилдөж явдаг байлаа. Мэдээж жижигхэн хэмжээнд л дээ.

 

 


-Бяцхан Валенса дэггүйтсэн тухай тэмдэглэл эцэг эхийн тань гарт очдог байсан биз дээ.

-Миний олон удаа асуудалд орж байсан гэдэг үнэн. Гэхдээ би өөрийгөө сэргэлэн цовоо хүүхэд байснаа түрүүн хэллээ. Би өөрийн гэсэн ухаантай, юмыг өөрөөр харлаа гээд бодлоо өөрчилдөггүй хүүхэд байлаа. Арван настай байхад билүү дээ, яг юунаас ч болсон юм бэ, сүмийн санваартантай хүртэл зөрчилдөж байсан юм. Хамгийн гол нь санваартны биш, миний зөв байсан гэдэгтээ байгаа. Санваартны араас дагаад өөрийнхөө зөв байсныг уйгагүй хэлсээр байгаад сүүлдээ санваартан ч буулт хийхээс өөр аргагүй болоод “За яахав, миний хүү, чи нэг бол маш хол явна эсвэл шоронд орно” гэж билээ. Үнэндээ би амьдралдаа аль алийг нь л үзсэн.


-Таны ажилладаг байсан Гданьскийн усан онгоцны үйлдвэрийн ажилчдын жаргалгүй байсны шалтгаан юу байсан бэ? 

-Усан онгоцны үйлдвэр бол хорвоо ертөнц рүү нэвтрэх нэгэн төрлийн цонх. Усан онгоцны үйлдвэрт дэлхийн янз бүрийн газраас хүмүүс  ирдэг. Тэнд далайчид, усан онгоцны эзэд байсан учраас ажлын нөхцөл, амьдрах нөхцлийн тухай халуун мэтгэлцээн болдог байв. Тэнд хүмүүс энд тэндхийн хүмүүс яаж мөнгө олж байгааг харьцуулж эхэлсэн. Гол нь юм ухаардаг хүмүүс бусдаасаа илүү хурдан эсэргүүцэж, нэг системийг нөгөөтэй нь ажлын нөхцөл, цалингаар нь харьцуулдаг байсан. Тиймээс бид үргэлж жагсана. Заримдаа том хэмжээний, заримдаа жижиг хэмжээний жагсаал болдогсон. Миний карьер ер нь бол тэр жагсаалуудаас бүрдсэн юм шүү дээ. Бидний амьдралын бас ажлын нөхцөл арай сайн байсан гэвэл би энд тантай яриад сууж байхгүй.


-Үйлдвэрийн зохицуулагчид таныг яагаад тэгж удаан тэвчсэн юм бэ?

-Тэд ч бас өөрсдөөсөө бидэнтэй адилхан асуулт асууж байсан болов уу гэж би үнэмшдэг. Горбачев бас ижилхэн л асуулт асууж байсан. Эцсийн эцэст би ЗХУ-ыг задрахад хүргэсэн. Дээрээс нь Горбачев Коммунист Намыг Нэгдүгээр Нарийн бичгийн дарга болсоноос үл хамаарч тэр Нобелийн энхтайвны шагналыг хүртсэн. Би ч бас адил. Би Горбачев, ЗХУ хоёрыг ялсандаа энх тайвны шагнал авсан бол Горбачев ялагдлаа хүлээсэндээ Нобелийг авсан шүү дээ.  


-Жагсаал яагаад Гданьскад үлдэлгүй үндэсний хөдөлгөөн болсон юм бэ?

-Товчхон хэлэхэд хэцүү. Гэхдээ гол нь коммунист систем нурах заяатай байсан. Яагаад гэвэл эдийн засгийн үр нөлөөгүй бөгөөд Баруун Европын ахиц дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чаддаггүй систем байсан. 1970-аад бас 1980-аад онд би дэлхийн хүчирхэг удирдагчидтай ярилцаад явж байхад тэдний хэн нь ч 2000 оноос өмнө хэнд ч  коммунизмыг давах боломж байхгүй гэж боддог байсан. Тийм боломж байгаа гэх үнэмшилтэй ганц ч хүнтэй би тэр хүмүүс дундаас тааралддаггүй. Би коммунизмыг энх тайванч аргаар ялна гэж үрэлжлүүлэн ярьсаар байхад хүмүүс над руу галзуу хүн рүү харж байгаа юм шиг хардаг байлаа шүү дээ.