Н.Оюун: Надад хар тамхи өгсөн хүн намайг прокуроруудтай наймаалцсан байсныг сүүлд мэдсэн


 

Zaluu.com сайтаас зохион байгуулж буй “Хар тамхины эсрэг аян” үргэлжилж байна. Бид өмнөх ярилцлагаараа санамсаргүй байдлаар хар тамхи зөөвөрлөж яваад Хятадын шүүхээс цааз авсан Энхээгийн ярилцлага, мөн Хонконгт очоод 14 хоногийн турш хар тамхи хэрэглэсэн Ганаа нарын ярилцлагыг хүргэсэн бол энэ удаад хар тамхины хэргээр Казакстаны шүүхээс ял сонссон Оюуны ярилцлагыг хүргэх гэж байна.

Бид энэхүү аяныг зохион байгуулж байгаа нь хар тамхи гэх "цагаан тахал"-ын аймшигт хор хөнөөлийн талаар сурвалжилж хүүхэд залуусдаа үнэнийг хүргэж, үүнээс болж амьдралдаа алдаж эндсэн иргэдийн үнэнийг өгүүлсэн гэмшлийн үгийг хүргэхийг хүссэн юм. Тиймээс ШШГЕГ-ын  харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хар тамхины хэргээр ял эдэлж буй эмэгтэйчүүдтэй ярилцсан ярилцлагаа цуврал болгон хүргэж байгаа билээ.

 

-Бид өмнөх ярилцлагаараа найзынхаа өгсөн зүйлийг дайж явсаныхаа төлөө Хятадын шүүхээс цаазын ял сонссон Энхээтэй ярилцсан. Харин таны хувьд яаж яваад энэ хэрэгт холбогдов?

-Миний хувьд санаатай ч гэх юм уу санамсаргүй ч гэх юм уу  их л сонин байдлаар энэ хэрэгт холбогдчихсон. Би анх 2008 онд Казакстан улс руу цагны наймаа хийхээр явсан юм. Тэгээд наймаагаа эхлээд удаагүй байхдаа боломжгүй болоод шатчихсан. Мөнгө ч гүй яахаа мэдэхгүй явахад нэгэн танил маань “нэг зүйл хилээр дамжуулаад гаргаад өг. Мөнгө өгье” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд авч гарах гэж байгаад Казакстаны хил дээр баригдсан даа.

 

-Тэгээд Казакстаны шүүхээс хэдэн жилийн хорих ялаар шийтгүүлэв. Эх орондоо хэзээ ирсэн бэ?

-Казакстаны шүүхээс 17 жилийн хорих ял сонссон. 2008 оноос хойш л шоронд хоригдож байна. Үхтэл үр харам гэгчээр миний аав ээж хоёр зургаан жил хөөцөлдсөний эцэст 2014 онд би ялтан солилцоогоор эх орондоо ирсэн. Найман жил хүний нутгийн шоронд хоригдчихоод эх орондоо ирэх тэр мэдрэмж үнэхээр сайхан байсан. Анх Казакстаны шүүхээс ял сонсчихоод за даа би бараг энд л үхэх байхдаа. Монголдоо очиж чадах болуу гэсэн бодол л хамгийн түрүүнд бууж байсан. Хүн угаасаа олон жилийн хорих ял сонсохоор сэтгэл зүйн хувьд шоконд орж, шантардаг юм билээ. Надад хүний нутгийн хорих ангид өнгөрүүлсэн он жилүүд үнэхээр хүнд байсан.

 

-Казакстаны хорих ангийн нөхцөл нь хэр байв. Ар гэрийнхнээс нь эргэлт хэр очдог байсан бэ?

-Хүний нутагт хоригдоно гэдэг хүнд шүү дээ. Сэтгэл зүйгээрээ үхдэг. Ялангуяа ганцаараа байх бүр хэцүү. Казакстанд эмэгтэйчүүдийн зургаан хорих анги байдаг. Би хамгийн том буюу Алматагийн хорих ангид байсан. Тэнд 1500 эмэгтэй жирийн дэглэмтэй ангид ял эдэлж байсан. Тэдний дийлэнх нь хар тамхины хэргээр ял эдэлж байгаа нь үнэхээр харамсалтай. Олон орны эмэгтэйчүүд хоригдож байсан. Хүмүүс нь чи манай агаараар амьсгалж байгаа шүү. Тэрийгээ мэдэж байгаа юу. Манай газар дээр гишгэж амьдарч байна гэж сэтгэл санааны дайралт их хийнэ. Тэр бүхэнд үнэхээр их шантарч хэцүү байсан ч хүн амьдрахын төлөө хайртай хүмүүсийнхээ төлөө тэсдэг юм билээ. Хүүгээ монголд байгаа гэж бодохоор л бүх зүйлийг тэсээд гарахаас өөр аргагүй байдаг юм.

 

-Та хэдэн граммыг явч гараад ийм өндөр ял авсан бэ. Ер нь хар тамхины хэрэгт холбогдвол ял нь их өндөр байдаг гэдгийг мэддэггүйгээс монголчууд маань энэ төрлийн хэрэгт их холбогдож байх шиг байна?

-Тийм шүү. Хэрвээ би хар тамхины хэрэгт холбогдвол ял нь ийм өндөр байдгийг мэдсэн бол би хэзээ ч энийг зориглож хийхгүй байсан. Миний хувьд үнэхээр жаахан граммыг авч гарсан. Тэгээд л бүхэл бүтэн 17 жилийн хорих ял сонссон шүү дээ. Одоо түүнээсээ 8 жилийг нь эдэлсэн. Ахиад 9 жил үлдээд байна. Ингээд бодохоор л үнэхээр харамсалтай. Энэ цаг хугацаанд хүү минь сургуульд орсон. Хүүгийнхээ жаргалтай, хүнд хэцүү үеүдэд би байж чадаагүй. Хүүд минь ч гэсэн ээж нь байхгүй маш хэцүү байдгийг өвөө эмээгээс нь сонсох бүртээ зүрх минь өвддөг. Казакстаны хувьд хуулиндаа тэдээс тэдэн граммыг авч явбал тэдэн жилийн ял гээд заачихсан байдаг юм билээ.

 

-Танд хар тамхи өгсөн хүн өөрөө хар тамхи хэрэглэдэг, зөөвөрлөдөг хүн үү. Та хэр сайн таних бэ?

-Би сайн танихгүй ээ. Дам дамаа л юм болсон. Одоо бодоход их л том сүлжээний золиос болсон юм шиг байгаа юм. Намайг гаргаад өг мөнгө өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Гэтэл тэр жаахан граммны цаана миний амьдрал ингэж орвонгоороо эргэнэ чинээ санаагүй. Миний хэрэг барьцаатай байсныг ч сүүлд мэдсэн.

 

-Барьцаатай гэдэг нь?

-Надад хар тамхи өгсөн хүн өөрөө хар тамхины хэргээр мөрдөнд сууж байсан хүн юм билээ. Тэгээд прокурор, цагдаагийнхантай хувийн яриа хийгээд “Та нар намайг сулла. Оронд нь би өөр улсын тэдэн хүнийг барьж өгье” гэж наймаалцсан байгаа юм. Тэгээд тусгайгийнхны өгсөн хар тамхийг надад өгч хил гаргуулах гэж байхад нь би тагнуулын төв газрын ажилчдад баригдсан. Ерөөсөө л би солилцоо, тусгайгийн албан хаагчдын ажиллагаанд баригдсан гэсэн үг.

 

-Шүүхийн танхимд хэлээд ч нэмэргүй юу?

-Хэлээд тусыг олоогүй ээ. Хүч хүрдэггүй юм билээ. Ер нь хар тамхины хэрэг чинь асар том сүлжээ. Тэгээд цаана нь яг хэргийг гардаж хийгээд байгаа нөхдүүд нь баригддаггүй. Харин над мэт шиг мөнгөний төлөө хүний гуйсан зүйлийг дайж яваад баригдсан хүмүүс л шоронгийн цаана суудаг юм байна гэдгийг мэдсэн. Хорих ангид ч гэсэн яг энэ байдлаар орсон эмэгтэйчүүд олон байсан.

 

-Казакстанд хар тамхины бүлэглэл хэр их байдаг бол. Та хэрэглэж байсан хүмүүстэй таарч байв уу?

-Бүлэглэл энтэрийг нь сайн мэдэхгүй. Юутай ч би том бүлэглэлийн золиос болсон байх. Ер нь хар тамхи хэрэглэсэн хүмүүс нэг их урт насалдаггүй юм байна гэдгийг л асар сайн ойлгосон. Яагаад гэхээр хар тамхи хэрэглэж байгаад баригдаад шоронд орсон эмэгтэйчүүд Казакстаны хорих ангид маш их байсан. Тэдний зарим нь нүдэн дээр минь л үхэж байлаа. Хэрэглэснээсээ болж хөл гарынх нь бүх судас нарийсч , арьс нь ялзарсан төмс шиг болчихсон. Бүх бие нь сорви. Тэгээд биеийн эсэргүүцэл маш сул. Тэдний дийлэнх нь 10 гаруй жил хэрэглэсэн хүмүүс байгаа юм. Тэгээд 30 40 хүрээд л нас барчихдаг. Тэр бүхнийг харахдаа их л хортой юм байна даа гэж бодсон. Миний нүдэн дээр тэнд 5 6 эмэгтэй хар тамхины хэрэглээний уршгаасаа болж амиа алдсан. Үнэхээр аймшигтай.

 

-Энэ бүхнийг нүдээрээ харсан хүний хувьд залуучууддаа хандаж сэрэмжлүүлэг хүргэвэл?

-Би өөрөө хар тамхи хэрэглэж үзээгүй, сайн мэдэхгүй ч их хортой гэдгийг нь маш сайн мэдэрсэн. Залуучууддаа хандаж хэлэхэд, хар тамхи битгий хэрэглээчээ гэж л гуймаар байна. Хэрэглэсэн хүмүүс ямар аймар байдалд ордогийг мэдэх учраас тэр. Судас нарийсна. Биеийн эсэргүүцэлгүй болдог. Биеийн эсэргүүцэл сул болохоор ханиад хүрэхэд л шууд сүрьеэ болох жишээтэй. Хар тамхи хэрэглэдэг хүмүүсийн нэг хөл нь бүдүүн нөгөө хөл нь нарийн байх тохиолдол элбэг. Тариа хийх гэхээр судас нь олдохгүй. Үнэхээр аймшигтай дүр төрхтэй болдог юм билээ. Нэг л орчихвол өөрийгөө татаж чаддаггүй гэсэн. Тиймээс залуучууд минь хар тамхинаас л хол байгаарай. Үүнийг хэрэглээд байвал манай улс гэж үлдэхгүй байх шүү. Манай улс чинь хүн амын тоо хэд билээ. Ард иргэд минь хүүхдүүдээ хаана юу хийж яваа хэнтэй нөхөрлөж байгааг нь сайн хараарай. Хар тамхи аюултайг бас сайн ойлгуулах хэрэгтэй гэж л захимаар байна.

Б.Чимэг

 

Өмнөх ярилцлагуудыг энд дарж уншина уу

 

Эх сурвалж: Zaluu.com