Ж.Бямбасүрэн: Хилийн цагдаагаар хил хамгаалалтыг зохион байгуулна гэдэг бол ташаа мэдээлэл

 

Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн байнгын хорооны хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 22-нд хэлэлцэж гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжигдэж, УИХ-д өргөн барихаар болсон. Хүлээлттэй байсан уг хуулийн төслийн талаар ажлын хэсгийн гишүүн, ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн орлогч дарга, хурандаа Ж.Бямбасүрэнтэй ярилцлаа.

 

-Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулахгүй юу?

-Монгол Улсын хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу хуульд олон удаа нэмэлт өөрчлөлт орох, үүний улмаас хуулийн үзэл баримтлал өөрчлөгдөх, бүтэц уялдаа алдагдахад хүрэх эсвэл тухайн хуулийн нийт заалтын 50-с дээш хувьд нэмэлт өөрчлөлт орохоор бол шинэчилсэн найруулгын төсөл болдог.

Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш улсын хил хамгаалалт, улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хил хамгаалах үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчийн нийгмийн асуудлаар нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Иймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг МУ-ын Үндсэн хууль, Үндэсний Аюулгүй байдал, үзэл баримтлал, МУ-ын төрөөс хилийн талаар баримтлах бодлого, МУ-ын батлан хамгаалах бодлогод нийцүүлэн боловсруулсан. Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтүүдийг тусгаж өгсөн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын хилийн тухай хуульд хэрэглэсэн нэр томъёо болон бусад хуулинд хэрэглэгдэж буй нэр томъёотой давхардсан, ижил зохицуулалтыг агуулсан, эсхүл өөрөөр тодорхойлох зэргээр зөрчилдөж байсныг шинэчилж,  Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улсын хилийн аюулгүй байдлыг хангах асуудлыг тодорхой болгосон.

Улсын хил хамгаалалтыг өөрийн улсын онцлогт тохирсон бүсчилсэн байдлаар зохион байгуулах, түүнтэй холбоотой зохицуулалт, улсын хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хил орчмын нутаг дэвсгэрт ард, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах үед тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх үндэслэл, хэрэглэх журмын хуулийн төсөл, улсын хилийн аюулгүй байдлыг хангахад оролцох төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг тодотгож, Улсын хил хамгаалахад туслах хүчний зөвлөл, туслах хүчний гишүүн, иргэний эрх, үүргийг тус тус нарийвчлан тусгасан.

 

-Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүргийг тусгасан уу?

- Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлогдсон улсын хилийн дэглэмийн зорилгод хамаардаг улсын хил хамгаалалтын төрөл болох улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, боомтод мөрдөх журмыг мөрдүүлэх чиг үүргийг Улсын хил хамгаалах байгууллагад буцаан шилжүүлж, хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан.

 

-Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүргийг танай байгууллагад шилжүүлбэл ямар ажлуудыг хийх вэ?

- Хилийн шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, боомтын журмыг сахиулах үйл ажиллагаанд камерын систем, электрон паспорт угшигч гэх мэт орчин үеийн техник технологийг ашиглаж улсын хилээр иргэд, зорчигч тээврийг хэрэгслийг нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана. Мөн хил хамгаалах байгууллагын удирдлага хилийн боомт дээр ажиллах албан хаагчид тавих шалгуур үзүүлэлтийг гаргаж мэргэжлийн албан хаагчдыг ажиллуулна. Хилийн цэргийн дээд сургуульд шалган нэвтрүүлэх албаны чиглэлээр 4-5 жил сурч байж энэ мэргэжлийг эзэмшдэг юм л  даа.

 

-Хил хамгаалах байгууллагыг, хилийн цагдаа болгох хуулийн төсөл өргөн барилаа гэсэн мэдээлэл цахим ертөнцөд гарсан. Энэ талаар тодруулбал?

- Цахим сүлжээгээр хилийн цагдаа болгох хуулийн төсөл өргөн барилаа гэсэн ташаа мэдээлэл гарсан байна гэж сонссон. Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хилийн цагдаа гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тэгэхээр хилийн цагдаагаар хил хамгаалалтыг зохион байгуулна гэдэг бол ташаа мэдээлэл гэж ойлгож болно.

 

-Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл  батлагдсанаар гарах үр дүнг тодруулж хэлээч?

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар гарах нийгэм, эдийн засгийн үр дагаврыг дараах байдлаар төсөөлж байна. Төрөөс хилийн талаар баримтлах бодлогын Улсын хилийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон заалтууд хуульчлагдана. Улсын хил хамгаалах байгууллагаас хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, хил дээр гарсан аливаа асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх, улсын хилийн халдашгүи дархан байдлыг хангах нөхцөл бүрдэнэ.

Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хилийн боомт, түүнд мөрдөх журмыг хэрэгжүүлэх, боомтын аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцаа тодорхой болно. Хил залгаа улсуудын газар нутгийн зах хязгаартай шууд зах нийлэн хиллэж байгаа хилийн зурвас, хилийн боомт газар нь Монгол Улсын төрийн мэдэлд байх асуудал хуульчлагдана. Улсын хил хамгаалах, хилийн болон хил орчмын дэглэм, боомтын журам сахиулах үүрэг гүйцэтгэж буй хилчин тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх үндэслэлийг хуульчилж өгсөнөөр хилчид, иргэд болзошгүй эрсдлээс хамгаалагдана. Энэ мэтчилэн нэрлээд байвал олон сайн үр дагавар байна.