Д.Дорлигжав: Фракцын талцал АН-ын ялагдлын шалтгаан болсон

 

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Сонгуулиас хойш танай намынхан намаа шинэчлэх асуудлыг ярьж байна. Харин та бол сонгуулиас өмнө ярьж байсан. Яагаад заавал сонгуулийн өмнө шинэчлэх ёстой гэж үзсэн юм бэ?

 

Намын шинэчлэлийг дорвитойхон хийх цаг болсон гэж бодож байна. Шинэчлэлээ бүлэг, фракцын төвшинд биш нийт гишүүдээрээ нээлттэй хэлэлцүүлж шийдүүлэх ёстой. Ингэх юм бол жинхэнэ шинэчлэл болно. 

-Шинэчлэл хийх гэж эрэл хайгуул хийж, санаагаа уралдуулж байна. Ингэх ёстой л доо. Сонгуулийн өмнө би намын шинэчлэлийн тухай ярихдаа нөхдөө шүүмжлээгүй. АН-ын төр засаг барьж байх үедээ хийж бүтээснийг хэн ч үгүйсгэхгүй. Их зүйл хийсэн. Их ч бүтээн байгуулалт хийх гэж хичээсэн. Зөвхөн хүмүүст муухай харагддаг хэрүүл маргаан нь л ихсээд байсан болхоос биш бодитой ажил их хийснийг хэн ч үгүйсгэхгүй. Нөхцөл байдал ийм байсан учраас би “Нам доторхи алдаа оноогоо сонгуулийн үеэр өөр хүмүүсээр шүүмжлүүлж байхаар өөрсдөө эхлээд ярья. Бидний алдааны үндсэн шалтгаан бүлэг, фракцаас эхтэй. Тиймээс үүнийгээ өөрчилье. Нэг намын хүмүүс байж нэг фракцын төлөөлөл нь шинэ ажилд очоод нөгөө фракцынхаа хүмүүсийг ажлаас чөлөөлж, өөрийнхөө хүнийг томилдог. Хамгийн наад зах нь ийм зүйлээс л нам доторхи хэрүүл эхэлж байна. Тиймээс намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж бүлэг, фракцыг хориглоё, эсвэл албан тушаалын томилгоо гэх мэт хувь хүмүүсийн эрх ашигтай холбоотой асуудалд оролцдоггүй фракцтай байя. Намаа ингэж цэгцэлчихээд мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд оролцъё” гэсэн юм. Тухайн үед нөхдүүд минь хүлээж аваагүй. Болох байх гэж бодсон юм байлгүй дээ. Одоо бол намын шинэчлэлийг дорвитойхон хийх цаг болсон гэж бодож байна. Шинэчлэлээ бүлэг, фракцын төвшинд биш нийт гишүүдээрээ нээлттэй хэлэлцүүлж шийдүүлэх ёстой. Ингэх юм бол жинхэнэ шинэчлэл болно. Ингэхгүйгээр хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол шингэсэн үг үсэг дүрэмдээ оруулчих юм бол дахиад л хэрүүл болно.

 

-Та саяхан болсон ҮЗХ-ныхоо хуралд оролцсонгүй. Ер нь намынхаа шинэчлэлийн асуудалд саналаа нэмэрлэж байгаа юу?

-ҮЗХ-ны хурлаас өмнө ажлын хэсгүүдэд нь ажиллаж байсан. Яг хурлын үеэр хотод байсангүй. Ер нь бид нарын ярьсан дүрмийн төслүүд, Их хурлын төлөөлөгч сонгох дүрэм журам гээд хэлэлцэх асуудал нь тодорхой байсан л даа.

 

-АН өнгөрсөн сонгуулиар ялагдахад юу нөлөөлсөн гэж та үзэж байгаа вэ?

-Нам дотроо явцуурч, бүлгэрхэж зөрчил тэмцэл үүсгэсэн. Үүнээс нь болж заримдаа төрийн институцуудын ажлыг саатуулах, зарим шийдвэрийг хойшлуулах, гаргахаас татгалзах гэх мэт зүйл болсон. Энэ бол ялагдах болсон үндсэн шалтгаан. Дээрээс нь эдийн засаг аль ч намаас хамааралгүйгээр хүндэрсэн цаг үетэй давхацсан. Хүмүүсийн амьдрал ч жаахан таагүй болж, бизнесүүд зогсч эхэлсэн. Энэ бүгдийн бурууг эрх барьж байгаа хүмүүс рүү чихсэн суртал ухуулга нөгөө талаас явуулсан. Мөн сонгууль болохоос өмнөхөн Сонгуулийн тухай хуулиа өөрчилсөн нь том ялагдлын бас нэг шалтгаан болсон.

 

-Эдийн засгийн хүндрэлийг сонгуулийн дараа ч гэсэн одоогийн эрх баригчид “АН-ын буруу бодлогоос болсон” гэж тайлбарласан. Та бол Засгийн газарт ажиллаж байсан хүн. Үнэхээр одоогийн эрх баригчдын ярьж байгаа шиг зүйл болчихов уу, эсвэл өөр шалтгаантай юу?

-АН-ын буруу сүртэй их байхгүй. Зам тавьсан, хэд хэдэн үйлдвэр босгох гэж зээл өгсөн нь буруу юм уу. Яахав, ганц нэг оновчгүй өгсөн зээл бий л байх. Гэхдээ тэр компаниуд нь зээлээ эргүүлж төлөх ёстой. Хамгийн гол нь сонгуульд ялахын тулд ямар ч хамаагүй арга хэрэглэх ёстой гэдэг утгаараа болохгүй, бүтэхгүй байгаа бүх зүйл АН-аас болсон гэдэг тайлбарыг маш их явуулсан. Нөгөө талаасаа бизнес нь зогсч амьдрал ахуй нь таагүй болж байгаа хүмүүс “Ёстой тийм шүү” гэж хүлээж авсан л даа.

 

-2000 онд АН 50 суудалтай байхдаа сонгуульд ялагдаж ганцхан суудалтай болж байсан. Тэр ялагдлын дараа олон ялалтын эхлэл нь тавигдсан гэж ярьдаг. Энэ удаагийн ялагдлын дараахь шинэчлэл нь дараа дараагийн ялалтын эхлэлийг тавьж чадах болов уу?

-2000 онд ардчиллын төлөөх таван намыг нийлүүлж байгуулсан АН-ын анхны дарга нь би. Тэр үед нэг давуу тал байсан. Юу гэхээр, тухайн үед одоогийнх шиг бүлэг, фракц болж намын шинэчлэлийг хийхэд саад болж байгаагүй. Ихэнх хүмүүс гадагшаа сургуульд явсан. Бүх гишүүдийн үнэмлэхийг шинээр хэвлүүлээд сум болгонд очиж хурал хийж даргыг нь сольж, шинэ бүрэлдэхүүн үүсгэж тамгыг нь өгөөд л болчихож байсан. Бүх суманд очиж ингэж ажилласан. Дараа нь бүх аймгийн намын хороодын хурлыг хийж шинэ дарга сонгож, дүрмийг нь батлан үнэмлэхийг нь гардуулсан. Өөрөөр хэлбэл, харьцангуй нэг зүгт түвэггүй хөдөлж эхэлсэн юм.

 

-Харин одоо ҮЗХ-гоо ч ямар нэгэн саадгүй шууд хуралдуулж чадахаа больж. Сая хуралдахдаа тийм ч сайхан уур амьсгалтай байгаагүй л юм шиг байна лээ.

-Маргаангүй хурал гэж болохоо байж л дээ. Маргаад ч болов дороо эргэлдээд байлгүйгээр урагшаа явж байна. Тиймээс шинэчлэл хийгдэх байх гэж найдаж байна.

 

-Намын шинэчлэл гэж таны төсөөллөөр юу вэ?

-Алдаа оноогоо зөв харж түүнийгээ дүрэм журмаараа зохицуулах асуудал. Хоёрдугаарт, намын шийдвэр гаргах төвшний хүмүүс дүрэм журмаа хаячихаад алга болчихдог. Үүнийг болиулах хэрэгтэй. Түүнээс биш АН-ын одоогийн үндсэн дүрэмд байдаг үнэт зүйл гэх мэт суурь зарчмыг өөрчлөх шаардлага байхгүй. Харин эргэж харж сайн уншиж ойлгох хэрэгтэй. Энэ үзэл санаагаа сайн ойлгож түүнийхээ дагуу намаа удирдах арга барил манай намд дутсан. Дүрэм журмаа хаяад л явчихсан шүү дээ. Зарим үед нам ажиллахаа больж, хурлаа ч хийхээ больсон. Тиймээс дүрэм журмаа зөрчсөн тохиолдолд яах вэ, намын даргадаа ямар хариуцлага хүлээлгэх вэ гэх мэт хариуцлагын заалтуудыг маш тодорхой болгох хэрэгтэй.

 

-Гэтэл одоо хүн солих тухай л яриад байгаа юм биш үү?

-Шинэчлэл гэдэг хүн дагаж явдаг юм чинь хүн солигдох ёстой л доо. Шинэ үзэл санаа, шинэ арга барил тээсэн хүн гарч ирж байж энэ бүхнийг ажил хэрэг болгоно.

 

-Таны харж байгаагаар АН-ын дараагийн дарга нь хэн бэ?

-Тэр, энэ гээд яахав. Хүн болгонд харчихсан хүн байгаа байлгүй. Намын даргад өрсөлдөж байгаа хүмүүс “Үүнийг ингэж хиймээр байна, ингэвэл зөв байна” гээд нийт гишүүдийн дунд хэлэлцүүлэг хийгээд марафонд оролцоод ирэхээр хэн намын дарга болох нь аяндаа тодорхой болох байх л даа.

Миний санаа бол сум болгоны төлөөлийг оролцуулсан 1000 гаруй жирийн гишүүдээрээ асуудлаа шийдүүлэх. Өвлийн тэсгим хүйтэнд ингээд шийдсэн нь дээр.

 

-АН-ын түүхэнд намын даргаа марафоноор сонгож байсан тохиолдол байдаг байх аа?

-Тийм.

 

-Тухайн үед энэ нь маргаан дагуулж байсан. Энэ удаад ч гэсэн маргаан дагуулж намаа бүр хагалчих вий гэсэн болгоомжлолыг зарим хүн ярьж эхэллээ. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Миний санаа бол сум болгоны төлөөлийг оролцуулсан 1000 гаруй жирийн гишүүдээрээ асуудлаа шийдүүлэх. Өвлийн тэсгим хүйтэнд ингээд шийдсэн нь дээр. Дотооддоо дээд шатандаа талцаж байхаар 1000 гаруй жирийн гишүүнээрээ шийдүүлчихвэл яасан юм бэ гэсэн бодолтой байсан. Гэвч олонхийн шийдвэрээ дагаад марафон хийхээр шийдсэн. Болохгүй ч юм байхгүй л дээ. Гэхдээ өөрийн чинь хэлж байгаа шиг сөрөг тал бий.

 

-Намын шинэчлэлтэй холбоотой дөрөв, таван төсөл боловсруулагдсан. Энэ төслүүдийн ард нэг нэг фракц байна. Тэгэхээр эндээс сайн зүйл гарах уу. Ер нь намын шинэчлэл гэдэг нь нэгдүгээрт, хэнийг намын дарга болгох вэ, хоёрдугаарт, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал болоод хувирчихлаа гэдэгтэй санал нийлэх үү?

 

-Үгүй байлгүй дээ. Бүгдээрээ хүлээн зөвшөөрөх хэмжээний дүрэм гаргахын тулд хичээнэ дээ.

 

-Та одоо аль нэг фракцад харьяалагдаж байгаа юу?

-Үгүй.

Боломж байгаа учраас хүн болгон ашиглаад байна шүү дээ. Энэ асуудлыг ул сууриар нь өөрчилье гэвэл Үндсэн хуулийн төвшинд өөрчлөлт хийх хэрэгтэй.

 

-АН-д фракц ямар ч хэрэггүй гэдгийг тантай адилхан хэлж байгаа хүн олон. Гэвч бодит амьдрал дээр фракцаасаа татгалзаж чадаж байна уу?

-Сайн мэдэхгүй байна. Фракцаасаа татгалзаж байгаа эсэх нь одоо л харагдах байх. Ер нь фракц, талцал чинь зөвхөн манай намд л байгаа юм биш. МАН дотор ч гэсэн асуудал яригдаж л байх юм. Ер нь улс төрийн энэ түвэгтэй нөхцөл байдал улс төр, төрийн тогтолцоотой холбоотой юм. Бүр цаашилбал, Үндсэн хуулиас эхтэй. Хүмүүст ийм байдлаар асуудалд хандах, ажиллах боломж өгчихөөд байгаа юм. Боломж байгаа учраас хүн болгон ашиглаад байна шүү дээ. Энэ асуудлыг ул сууриар нь өөрчилье гэвэл Үндсэн хуулийн төвшинд өөрчлөлт хийх хэрэгтэй. Ингэх юм бол тогтолцоогоо дагаад улс төрийн үйл ажиллагаа өөр болно. Уг нь ингэж л өөрчлөх ёстой юм. Фракц үүсгээд боловсон хүчний бодлого, Засгийн газрын ажил руу орох боломж олгож байгаа нь тогтолцооны буруугийнх. УИХ зөвхөн хууль батлахдаа танай, манай нам гэж үзэл бодлоо уралдуулж баталдаг, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг л байгууллага шүү дээ. Гэтэл энэ байгууллага юм болгон руу ордог болчихсон. Тиймээс энэ боломжийг ашиглахын тулд бүлэг, фракц үүгээд дайрч байна шүү дээ. Зөвхөн төрийн үйл ажиллагаа бус намуудын үйл ажиллагаа ч тогтолцоотой хамаатай. Хоёр нам хоёр өөр дүрмээр тоглодог байж болохгүй ш дээ. Тухайлбал, АН марафон хийгээд даргаа сонгохоор өрсөлдөөн л юм чинь янз бүрийн маргаан гарна. Үүнийг нь “Ямар муухай юм бэ ингээд хоорондоо уралцаад байна” гэж харна. Гэтэл МАН нэг даргынхаа хэлснээр 100-200 хүн сууж байгаад шийдвэр гаргачихаад “Манайх ийм сайхан дэгтэй нам” гээд ярихаар нийгэмд зөв үнэлэмж тогтохгүй. Тиймээс улс төрийн намууд яг нэг зарчмаар, нэг дүрмээр, нэг хуулиар үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Гэтэл одоо манай намууд өөр өөрсдийнхөө дүрмээр үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Үндсэн хуулиасаа эхлээд бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой гэдэг чинь үүнийг хэлээд байгаа юм.

 

-Өмнөх парламентын үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал нэлээд хүчтэй яригдаж байсан боловч ажил хэрэг болоогүй. Энэ удаагийн парламент үргэлжлүүлээд хэлэлцэхээр төлөвлөж байх шиг байна. Гэхдээ нэг нам дангаараа ийм олон суудалтай байгаа үед энэ сэдвийг хөндөх нь хэр зөв бэ. Зөвшилцөл бий болж чадах уу?

-Үүгээр шалтаглаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хойшлуулж болохгүй л дээ. Үндсэн хуульд ямар өөрчлөлт хийх вэ гэдгийг хэдхэн нам яриад шийдэх биш ард нийтийн санал асуулгаар шийдье гэж байгаа нь зөв. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй байдаг. Юу гэхээр, ард нийтийн санал асуулга явуулсан тохиолдолд шууд хууль болоод батлагдчихдаг юм. Тиймээс шууд хуулийн төсөл болосруулчихаад зөв, буруу гэхээсээ илүү Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, эсвэл парламентын засаглалтай байх уу гэдэг зарчмаа иргэдээсээ асуух хэрэгтэй. Ард иргэдийн сонгосон зарчмын үзэл санааны дагуу намууд хэлэлцээд хуулийн төсөл боловруулж батлах ёстой. Ийм байдлаар ажиллах юм бол нэг нам бус нийт ард түмнээрээ хэлэлцэн баталлаа гэсэн үг шүү дээ.

 

-Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх нь Үндсэн хуулийг өөрчлөхтэй ялгаагүй чухал байх. Та бас Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх санал гаргаж байсан байх аа?

-Тийм. Миний гаргасан санал бий.

 

-АН өнгөрсөн дөрвөн жилд дангаараа олонхийг бүрдүүлж ажиллаагүй ч гэсэн олуулаа байсан. Одоо ярьж байгаа энэ бүх зүйлийг яагаад хийж чадаагүй юм бэ?

-Улс төрийн намын тухай хууль шиг том хуулийг нэг нам дангаараа хүч түрж гаргах нь зөв биш л дээ. Тодорхой хэмжээнд нийгмийн зөвшилцлийг хангаж батлах ёстой. Нөгөөтэйгүүр нөхдүүд маань төр засгийн ажилд түүртсэн байх. Дотооддоо ч нэгдмэл байр суурьт хүрч чадаагүй. Энэ мэт олон шалтгааны улмаас Улс төрийн намын тухай хуулийг өөрчилж чадаагүй л дээ.

 

-АН хийх ёстой цаг хугацаагаа алдсан жишээ таны хариуцаж байсан салбарт бий. Тухайлбал, Эрүү, Зөрчлийн хуулийг баталчихсан хэрнээ эцсийн найруулгыг нь сонсч ёсчлоогүй. Үүнээс болоод баталсан хуулийн чинь хэрэгжүүлэх хугацааг хойшлуулчихлаа ш дээ.

-Тийм. УИХ завсарлахаас 21 хоногийн өмнө чуулганыг хаачихсан шүү дээ, З.Энхболд дарга. Тэр хооронд энэ хуулиудыг эцэслэн батлах бүрэн боломжтой байсан. Сонгууль эхэлж байхад Ерөнхий сайд хамтарч байгаа намынхаа зургаан сайдыг огцруулах асуудал оруулж ирсэн. Яаж байгаа юм бүү мэд. Нам дээр ерөөсөө зөвлөлдөөгүй. Үүнээс үүссэн их хэрүүлээс зайлсхийхийн тулд З.Энхболд дарга чуулганыг завсарлуулсан. Уг нь бидэнд боломж их байсан. Тэр боломжоо ашиглаж чадаагүй нь ийм зөрчлүүдээс л эхтэй.

 

-Эцсийн найруулгыг нь сонсч ёсчлоогүй гэдэг шалтгаанаар шинээр байгуулагдсан УИХ Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлууллаа. Тэдний тайлбарлаж байгаа шиг төсөв санхүүгийн хүндрэлээс шалтгаалаад үнэхээр хэрэгжүүлэх боломж байсангүй юү. Эсвэл МАН-ынхан сэтгэл гаргасангүй юү?

-Сэтгэл гаргасангүй. Энэ бол их зовж байж гаргасан хуулиуд л даа. Ирцээ арайхийн бүрдүүлж, засагт хамтарч байсан МАХН-ынхныг хүчээр шахуу оруулж байж баталсан. МАН-аас үндсэндээ ганц хоёрхон гишүүн л хуралд оролцсон. Би хуулиа батлуулсны дараа, прокурор, шүүхийнхнээс эхлээд хууль хэрэгжүүлэх агентлаг, газрын хүмүүстэй олон удаа уулзаж “Энэ хуулиудыг ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхэд ямар бэрхшээл үүсэх вэ” гээд ярилцаж байсан. Прокурор, цагдаа гэх мэт зарим байгууллагуудын төсвийг нэмэх шаардлага байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ төсвийн ачааллыг их хэмжээгээр нэмэгдүүлэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаагүй. Тиймээс хугацааг нь хойшлуулахгүйгээр хэрэгжүүлэх боломжтой байсан гэсэн. Үүн дээр ямар ч маргаан байхгүй. Харин хууль дээр “Энэ нь буруу, зөв” гээд маргаж болно. Хуулиа хэрэгжүүлчихээд явцын дунд нь болохгүй, бүтэхгүй асуудлыг нь засч сэлбээд явж болох байсан. Гэтэл ингэж нийгмээр нь хохироож байгаа нь буруу.

 

-Та хуулиа батлуулсныхаа дараа харьяа агентлагийнхаа хүмүүстэй уулзаад ярилцахад “Хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэж хэлж байсан гэлээ. Гэтэл сонгуулийн дараа бүгдээрээ л “Хэрэгжүүлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн байсан. Энэ нь ямар учиртай юм бол?

-Яагаад тийм хариулт өгснийг мэдэхгүй байна. Ер нь хүмүүс чинь цаг үеийн өнгө аясаар дуугарах юм байна ш дээ. “Анхнаасаа хууль батлагдаж байхад “Хэрэгжүүлэх боломжгүй” гэж хэлэхгүй яасан юм бэ” гээд асуухад юм гарах л байх. Би тэр хуулиудыг зөвхөн батлахын тулд тэнд өдөр, шөнөгүй суугаагүй. Боломжийг тодорхой хэмжээгээр харж судалж хийсэн юм. Тиймээс хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан.

Сонгууль эхлэхэд миний рейтинг 70 орчим хувьтай байх жишээтэй. Хэчнээн булхайцсан ч гараад ирэхээр байдаг гэсэн үг. Гэтэл сонгууль ид дундаа ороод намууд талцаад эхлэхээр тэр бүхэн алга болчихдог байсан. Тэгэхээр намын рейтинг доогуур байхад сонгуульд өрсөлдөнө гэдэг сонгогдох магадлал маш бага. Тиймээс би энэ удаад болгоомжилсон юм.

 

-Танай Засгийн газрын гишүүд бараг бүгдээрээ УИХ-д нэр дэвшсэн. Харин та яагаад нэр дэвшээгүй юм бэ. Уг нь сонгуулийн өмнө таныг Эрдэнэтэд нэр дэвшинэ гэсэн яриа гарч байсан санагдаж байна.

-Нэгдүгээрт, дэвшинэ гэж бодож байсан тойрогтоо дэвших боломж гараагүй. Хоёрдугаарт, АН хэзээ ч ийм доогуур рейтингтэй сонгуульд оролцож байгаагүй. Тийм учраас би болгоомжилсон. Хоёр дахь шалтгаан нь дэвшихгүй байх шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлсөн. Би Увс аймагт олон удаа ялагдаж байсны гол шалтгаан нь тухайн үед АН-ын рейтинг доогуур байсантай холбоотой. Сонгууль эхлэхэд миний рейтинг 70 орчим хувьтай байх жишээтэй. Хэчнээн булхайцсан ч гараад ирэхээр байдаг гэсэн үг. Гэтэл сонгууль ид дундаа ороод намууд талцаад эхлэхээр тэр бүхэн алга болчихдог байсан. Тэгэхээр намын рейтинг доогуур байхад сонгуульд өрсөлдөнө гэдэг сонгогдох магадлал маш бага. Тиймээс би энэ удаад болгоомжилсон юм.

 

-АН-ын рейтинг өмнөх сонгуулиудаасаа ч доогуур байсан гэлээ. Тэгэхээр та ер нь сонгуулийн дүн иймэрхүү гарна гэдгийг төсөөлж байсан гэсэн үг үү?

-Үгүй. Арай ийм дүн гарахгүй байх, хүмүүс олон удаа сонгуульд оролцсон, хэрсүүжсэн, нийгэмд болж байгаа, болохгүй бүтэхгүй зүйлийг ялгаж хардаг болсон гэж бодож байсан.

 

-Та намынхаа сонгуулийн штабыг удирдсан билүү?

-Сүүлийн долоо хоногт ажиллаач гэхээр нь ажилласан. Долоо хоногийн дотор хүн юу ч хийж чадахгүй шүү дээ. Хийх ч боломжгүй л дээ.

 

-Сонгуулийн үеэр яригдаж эхэлсэн бас нэг сэдэв одоо ч яригдаж байна. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал. Та тухайн үед Засгийн газрын гишүүн байсан. Ер нь энэ асуудал ямар зарчмаар шийдэгдсэн юм бэ. Үнэхээр Ц.Нямдорж гишүүний яриад байгаа шиг зарчмаар шийдэгдсэн юм уу?

-Би тэр Засгийн газрын хуралдаанд суугаагүй. Тийм учраас юу болсныг мэдэхгүй. Хаалттай хуралдаж “Эрдэнэт”-тэй холбоотой шийдвэр гарсан л гэж сонссон. Тэр чинь сонгуулийн үед гарсан шийдвэр шүү дээ.

 

-Та ямар шийдвэр гаргачихав гэж сонирхоогүй гэж үү?

-Үгүй. Сонгууль эхэлчихсэн байсан үед хаалттай хуралдааны тэмдэглэлийг хэрэг болгож үзэх зав тэр үед байгаагүй л дээ.

 

-Одоо харахад тэр шийдвэр нь зөв байв уу, буруу байв уу. Яагаад танаас ингэж асууж байна вэ гэхээр, та “Эрдэнэт” үйлдвэрийг хэсэг хугацаанд удирдаж байсан хүн шүү дээ. Тухайн үед одоогийн ярьж байгаа шиг улстөрчид тэгж их шахаа хийдэг байсан юм уу. Танд элдэв янзын бараа бүтээгдэхүүн шахах гэж оролддог байв уу?

-Шахаа байдаг юм. Гэхдээ миний үед шахаа хийх боломж байгаагүй. Зэсийн үнэ 1325 ам.доллар хүртэл уначихсан, үйлдвэр алдагдалтай ажиллаж байсан үе. 1998-1999 онд бид зүтгэж байж дөрвөн сая ам.долларын ашигтай ажиллуулаад баярлаж байсан. Агуулахаар дүүрэн байсан шахааны барааны заримыг нь буцааж, зарахыг нь зарж байсан. Шахааны бараа авахтай манатай, амь наана, там цаана байсан үе л дээ. Намайг ажил авахад үйлдвэрт огт хамаагүй хятад вискинээс эхлээд янз бүрийн бараа бүтээгдэхүүн агуулахаар дүүрэн байсан.

 

-Сүүлийн үед хууль хүчний байгууллага бүх зүйлийг шийддэг боллоо гэж ярих боллоо. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ингэж мэдэгдээд байгаа. Үнэхээр тийм болчихоод байгаа юм уу. Та бол Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурор байсан хүн шүү дээ?

-Хүн аливаа асуудлыг өөр өөрийнхөө өнцгөөс харж ярьж байгаа. Ер нь манай төрийн бодлого оновчтой, тогтвортой бус, ажлаа цаг тухайд нь хийж чаддаггүй, бие биедээ хариуцлага тооцдоггүй, боловсон хүчнээ зөв сонгож томилж чаддаггүй зэрэг нь тогтолцооноос л эхтэй. Миний 1996 онд сонинд өгсөн ярилцлага хүртэл бий. Тухайн ярилцлагад би Үндсэн хуулийн дараа гарсан Ерөнхийлөгч, УИХ, Цэц, шүүх, прокурор, УИХ-ын дэгийн тухай хууль гэх мэт томоохон хуулиудыг шүүмжилсэн байдаг юм. “Уялдаа холбоог нь дахин авч үзэхгүй бол болохгүй нь. Үндсэн хуулиа өөрчилдөггүй юм аа гэхэд энэ хуулиудад өөрчлөлт оруулж уялдаа холбоог нь сайжруулах хэрэгтэй” гэх зэргээр байр сууриа илэрхийлж байсан.

 

-Тэгэхээр хүндээ биш тогтоолцоондоо буруу нь байна. Буруу тогтолцоон дээр очсон хүн буруу замаар явдаг гэсэн үг үү?

-Тийм. Буруу тогтолцооноос бий болсон боломжийг ашиглаад цаашаа зүтгээд байна л гэсэн үг. Одоо ч гэсэн арга ядвал Үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр сая миний хэлсэн хэдэн хуульд өөрчлөлт оруулахад асуудал харьцангуй цэгцэрнэ.

 

-УИХ нь бүх асуудал руу орж, Засгийн газрынх нь мэдэл дутаж байгаагаас гадна Ерөнхийлөгчийн институц бас бүх зүйл рүү орж байна гэсэн шүүмжлэл гардаг. Үүнтэй санал нийлэх үү?

-Бүх Ерөнхийлөгч сонгогдсон намынхаа даргатай зөрчилддөг байдал ажиглагддаг. Энэ нь бас л тогтолцоотой холбоотой. 2016 оны УИХ-ын сонгуульд нэг нам ялалт байгуулаад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан хүн бас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлнэ. Ингээд хоёр мөрийн хөтөлбөр зэрэгцүүлээд хэрэгжүүлэхдээ бие биенээ үгүйсгэдэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН эрх барьж байх үед АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчтэй байсан хэрнээ нэг нэгнээ үгүйсгэдэг байсан. Энэ бол хүндээ биш тогтолцоондоо байгаагийн илэрхийлэл. Тиймээс төр нэг зүгтэй, нэг чигтэй  болох хэрэгтэй.

 

С.Шийлэгтөмөр