Т.Карма: Бичлэгийг нягталж сонсвол цөхрөнгөө барсан багш хүний дүр л харагдана

 

 

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Карматай ярилцлаа.

 

-Таны нэгэн хүүхдийг загнаж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

- Би хэл яриа, өөрийгөө илэрхийлэх болон авиа зүйн буруу зуршил, ээрүү гацааг арилгах сургалт явуулдаг юм. Энэ оны зургадугаар сарын 01-ээс сургалтын төвөө ажиллуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд намайг зорьж ирсэн цөөнгүй хүүхэдтэй ажиллалаа. Энэ хугацаанд нэг ч эцэг, эх гомдол мэдүүлж ирээгүй гэдгийг онцлох байна. Олон ч хүүхдийг хэл ярианы бэрхшээлээс салгасан. Гэтэл арваннэгдүгээр сарын 02-ны өдөр сургалтын төв дээр минь “Ийгл” телевизийн сэтгүүлч н.Болортуяа, зураглаачийн хамт “Та хүүхэд дарамталдаг хүн байна. Хичнээн хүүхэд дарамталсан бэ” гэсээр орж ирсэн. Чухам хэн гэдэг хүүхдийн эцэг эхээс та бүхэнд ямар гомдол очсоныг тодруулж өгөөч гэхэд тайлбар өгөөгүй. “Таны хүүхэд дарамталж байгаа бодит мэдээлэл, бичлэг бидний гарт байгаа” гээд элдвийн асуултаар булж, загнах, сүрдүүлэх хандлага гаргасан. Би учрыг нь ойлгоогүй учир түүнд тайлбар өгч, зураг авахуулахаас татгалзсан юм. Болортуяагаас Чимэддондог гэдэг хүн гомдол гаргасан тухай л мэдсэн. Тэднийг явсны дараа би бүртгэлийн дэвтрээ шүүж, овгоор нь хүүхдийг хайсан юм. Тэгээд болсон бүх үйл явдлыг сэргээн санасан. Яагаад тийм бичлэг хийгдсэн талаар хэлэх үг ч надад байгаа.

 

-Яагаад?

- 2016 оны  наймдугаар сарын 16-нд над дээр хоёр залуу хүүгээ дагуулж ирсэн юм. Хүүгийн эрх ашгийг хүндэтгэж, нэр,  сургууль, хаягийг нь дурдмааргүй байна. Би сургалт явуулсан хүүхэд бүртээ тэмдэглэл хөтөлдөг. Хүүгийн анх ирсэн байдлын талаар тэмдэглэлд “Эрүү зуулттай, зарим гийгүүлэгч авиаг дуудаж чаддаггүй. Мөн 29-р сургуулийн хэл заслын багш дээр хоёр жил хичээллэсэн ч үр дүн гараагүй, өөртөө итгэлгүй” гэсэн эцэг эхийн хэлсэн тодорхойлолт бичигдсэн байгаа. Хүүг шалгахад М үсгээс бусад нь засагдаагүй хүнд хэлбэрийн буруу зуршилтай хүүхэд байлаа. Би юу ч гэсэн адил төстэй Л, Р үсэг дээр нь ажиллая гэдгээ аав ээжид нь хэлсэн. Нэгэнт эцэг, эх нь надад найдаад авчирсан учраас чадлынхаа хэрээр хичээгээд үзье л гэж бодсон юм. Халширч бэргээгүй, бусад хүүхдээс хэд дахин илүү хүч, чармайлт гаргаж, шургуу ажилласан. Би хүүхдэд ойлгуулан ухааруулах, харьцуулах, магтах зэмлэх, аргадах, урамшуулах, гуйж гувших, уурлаж загнах гээд олон л аргыг хэрэглэдэг. Хүүгийн хэл, хэллэгийг засахын тулд янз бүрээр оролдсон, мэддэг чаддаг бүхнээ л шавхсан. Гэвч ямар ч үр дүн гараагүй. Над дээр олон хэлний бэрхшээлтэй хүүхэд ирдэг. Түүнээс хамгийн хэцүү нь тэр хүү байсан. Би цөхөрч эхэлсэн, гэхдээ шантраагүй,  ямар сайндаа ганц удаа “Р” үсэг үл ялиг чичирч хэлэхэд нь магнайгаа хагартал баярласнаа бичиж үлдээсэн байх вэ дээ. Тэр хүүтэй ганцаарчлан хичээллэж байсан болохоор бусад хүүхдийн дэргэд ичээж зовоосон, бусадтай харьцуулан дарамталсан ямар ч зүйл байхгүй ээ. Харин есдүгээр сарын 05-нд хүүгийн эцэг ирээд “Бид хүүгээ сургалтад явуулахаа болилоо” гэж хэлсэн. Өөр нэг ч гомдлын үг унагаагүй, юу ч болоогүй юм шиг хүүхдээ авч явсан. Гэтэл тэрээр хоёр сарын дараа миний эсрэг гомдлоо “Ийгл” телевизийн сэтгүүлч Болортуяад гаргасан юм байна. Хамгийн сүүлийн хичээл дээр хүүгээрээ нууцаар бичлэг хийлгэсэн нь тэр байж. Тэр бичлэгээс миний цөхрөнгөө барж, тэсэрч байсан хэсгийг зориуд таслан авч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацуулсан байна лээ. Хэрвээ нууцаар бичсэн бичлэгийг бүгдийг нь сонсвол аргадаж эхлээд аргаа барж цөхөрсөндөө аашилсан багш хүний дүр л харагдах байх. Энэ хүүхэд маань багшийн үгийг ойлгохтойгоо болсон 5-р ангийн хүүхэд, хэл ярианы хөгжил муутай болохоос биш оюуны хомсдолтой, эмзэг бага насны хүүхэд биш.  Гэтэл уурлаж, аашилсан хэсгийг нь эвлүүлэн тавьж, олон нийтэд миний нэр төрийг нь гутаах сэтгүүлч хүний ажил гэж үү. Намайг гутаан доромжлохын тулд удаан хугацаанд бэлтгэж, бүх талаар судалж, олон баримт цуглуулжээ гэдгийг би тэгэхэд л ойлгосон.  Мэдээж болсон явдалд  би өөрийгөө огт буруугүй гэж хэлэхгүй. Ер нь бид хүний үгийг сонсохоо больж дээ. Хүүхдээ буруу хүмүүжүүлчихээд аргаа барсан эцэг эхчүүд зорьж ирээд, “манай хүүхэд бүүр үг сонсохоо байчихаад байна, хүүхдийг минь сайн загнаад өгөөрэй, загнуур дутаад байгаа нөхөр” гэж гуйдаг тохиолдол ч байдаг. Ер нь багш хүүхдээ өөрчлөгдөөсэй, өөрийгөө дайчлаасай гэсэндээ загнаж зэмлэдэг шүү дээ.

 

- Хүүхдэд ёс бус үг хэрэглэсэн учир хүмүүс дургуйцаж байх шиг байсан. Энэ талаар?

- Би лалар гэдэг үгийг сургалтанд яагаад ашигласан бэ гэвэл үгийг хэлүүлэхдээ үсэгний байрлал даа хамааралтай учир Л, Р үсэг хамт орсон үг ашигладаг юм. Илэрлээ, лаларлаа, баярлалаа гэх зэрэг үгийг хэрэглэдэг. Монгол хэлний үгсийн сан баялаг билээ. Лалар гэдэг нь духан дээрээ ганц нүдтэй бурханы нэр. Самгард гаралтай үг. Хүмүүс доромж утгаар нь ойлгоод байна. Би энэ үгийг доромж утгаар нь хэрэглээгүй. Сургалтдаа л ашигласан үгийг минь гуйвуулсан байна. Мөн хэлний байрлалыг засахын тулд халбага мод хэрэглэдэг. Халбага модоор хэлийг засаж өгдөг. Эмнэлэг дээр хүүхдийн хоолой үзэхэд модон халбага ашигладаг шүү. Сургалтад ашигладагийг нь мэддэггүй хүмүүст буруу утгаар ойлгогдох нь аргагүй ээ. Сургалт авсан эцэг, эхчүүд үүнийг сайн ойлгож байгаа.

 

- Та хүүгийн ээж, аавтай нь холбогдсон уу?

- Холбогдсон. Хүүгийн эцэг, эх хоёр хоёулаа сэтгүүлч хүмүүс юм билээ. Мэргэжлийн хүмүүс байж яагаад мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад бодитой баримттай өгч болоогүй юм бол гэж гайхаж сууна. Хэрвээ надад үнэхээр гомдсон, сургалтад минь сэтгэл дундуур байсан бол надад хэлж болно шүү дээ. Хэрвээ тэрээр эцэг хүний байр сууриар хандсан бол телевизэд хандахын оронд иргэний гомдол барагдуулдаг шүүхэд хандах ёстой байсан юм.

Чимэддондогтой  уулзаж, буруу зөвөө шулуухан ярилцахад “Та ажлаа тайван хий. Би “Ийглийнхэнтэй утсаар ярья” гэхээр нь би орхисон. Нэвтрүүлэг гарах сураг сонсоод Чимэддондогтой дахин холбогдоход “Би Ийглийнхнийг гуйлаа. Миний үгийг хүлээж авсангүй” гэсэн хариу өгсөн. “Ийгл” телевизийнхэнтэй очиж уулзсан. Мэдээний албаны ерөнхий редактор н.Хулан намайг уурлаж загнасан, сэтгүүлч н.Болортуяа уулзахгүй зугтаасан. “Ийгл”-ээр тэнцвэргүй хар мэдээлэл цацагдах нь нэгэнт тодорхой болсон учир шуугианыг хүлээцтэй давахаар шийдсэн юм.

Харин “Ийгл” телевизийн захирал н.Бадамдорж “Та нэгэнт хар мэдээгээр тэнцвэргүй мэдээлэлтэй гарчихсан юм чинь одоо цагаан мэдээгээр гарчихвал тэнцвэржчихнэ” гэж тайвшруулж хэлж байсан. Би ямар хараар будаж нэг гараад, цагаанаар будаж нэг гардаг “Ийгл” телевизийн мэдээний цаг бөглөдөг тоглоом юм уу. Би дахиж хэзээ ч цагаан мэдээгээр нь орохгүй, ТВ-ээр нь гарахгүй гэдгээ мэдэгдэж байна.

 

- “Ийгл” телевизийнхэн таны бичлэгийг зөвшөөрөлгүй тавьсан гэсэн үг үү?

-Хамгийн анх энэ асуудлын тухай ярьж ирэхдээ бичлэг хийчихсэн юм билээ. Уул нь намайг зөвшөөрөөгүй учир тэд надад бичлэг хийгээгүй гэдгээ мэдэгдэж, зураглаач нь унтраасан камераа буруу харуулаад сууж байсан юм. Гэтэл тэд миний итгэлийг эвдэж, нууцаар зураг авсан байсан. Тэрхүү зөвшөөрөлгүй авсан бичлэг, яриагаа арваннэгдүгээр сарын 7-ны өдөр “Ийгл” ТВ-ээр цацсан шүү дээ. Тэрхүү мэдээг зарим вэб сайтууд хуулан тавьж, олон нийтийн мэдээллийн сүлжээнд хүмүүс шэйрлэсэн. Одоо ч тавьсаар байгаа. Олон нийтэд мэдээлэл цацагдснаас хойш надад маш их дарамт ирсэн, сэтгэлзүйн хувьд хүнд цохилтод ороод байна. Би гэртээ харьж ч чадахгүй, гудамжаар тайван алхаж ч зүрхлэхгүй, даралт ихдээд олон хонож байна. Болсон явдлын учрыг мэдэхгүй байж, зүсийг нь ч харж байгаагүй олон хүн намайг эчнээгээр доромжилж, занаж байна. Хэрвээ сэтгүүлч н.Болортуяа надтай мэргэжлийнхээ ёс зүйн дагуу харьцаж, авсан мэдээллийнхээ үнэн мөнийг тодруулахыг хичээж, бэлтгэж байгаа мэдээллээ тэнцвэртэй байлгахыг хүссэн бол ийм зүйл болохгүй байсан.

 

-Сургалтын төвд тань хичнээн хүүхэд хичээллэдэг вэ. Хэр үр дүнтэй байдаг бол?

- Миний сургалтад хэл ярианы хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд их ирдэг. Ихэвчлэн сайн үр дүн үзүүлдэг шүү.  Би инээдтэй, нулимстай, баяр хөөртэй, гомдсон, баярласан гээд л тэдэнтэйгээ хүүхдийн сэтгэлээр л ханддаг. Зарим үед өөрөө ч уйлж байсан тохиолдол бий. Сайн үр дүн үзүүлсэн хүүхдээ хараад, сэтгэлд нар гийх шиг л болдог доо. Саяхан Баянхонгор аймгаас долоон хоногийн хугацаанд сургалтад суухаар нэг хүү ирсэн. Долоо дахь өдөр болоход ээрч, гацдаг байсан бол хэвийн болчихлоо. Маш хурдан засарсанд баярлаад л сууж байна даа. 

 

О.Ариунцэцэг

Эх сурвалж: Өдрийн сонин