Тэр жил миний холын хамаатан болох нэгэн залуу Солонгос улсад ажил хийхээр одож билээ

 

Эх сурвалж:  Сүү амтагдсан шүлгийн мөрүүд групп

Тэр жил миний холын хамаатан болох нэгэн залуу Солонгос улсад ажил хийхээр одож билээ. Тэнд очоод тодорхой тогтсон ажилгүй жил шахам явсаар нэгэн тосгоны ваарчин өвгөнийд туслах ажилчнаар орж ажилласан юм билээ. Ваарчин өвгөн чандар хадгалдаг ваар хийж, оршуулгын газарт нийлүүлэх бизнес эрхэлдэг байж л дээ. Тэгээд туслах ажилчнаар манай хүнийг авсан хэрэг. Эхэндээ ваарчин өвгөн манай хүнийг зүгээр л гар хөлийнхөө үзүүрт зарж, цалин мөнгийг нь өгөөд л явдаг байж.

Нэлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа нэгэн удаа ваарчин өвгөн туслахаасаа асууж гэнэ.
-Танай нутагт насан өөд болсон хүмүүсээ хэрхэн оршуулдаг вэ? Манайхан шиг чандарладаг уу? гэжээ.
Туслах нь
-Уг нь булшилж оршуулдаг байсан юм. Саяхнаас чандарладаг болсоон гэж хариулж.
Ийн ярилцсаар манай залуугийн Солонгост ажиллах болсон зорилго, шалтгаан, ар амьдрал бүгдийг нь яриулж аваад ваарчин өвгөн ийн боджээ.
-Зиа даа Хаа газрын хүмүүс ялгаа юу байхав. Залуу зандан насандаа эр хүн хол явж, нүд тайлж, ажил хөдөлмөрийн дөр суудаг нь жам юм хойно. Энэ ядарсан залууд би ваар хийх арга туршлагаасаа заан сургаж нэг насных нь амжиргааг нь залгуулж өгъе байз хэмээн санаж, тэр өдрөөс хойш шавар шигшиж, боловсруулахаас эхлээд шатааж өнгөлөх гээд бүхий л нарийн нандин бүхнээ зааж сургаж эхэлж дээ. Манай залуугийн ч ажил өдрөөс өдөр ирэх тусам нэмэгдээд борви бохисхийх завгүй ажиллах болж. Гэтэл цалин нэмэгддэггүй гэнэ.

Манай залуу бодно. -Ингэж их хамаг ажлаа хийлгэж байж. Цалин мөнгөө нэмэхгүй юм Ер нь энэ өвгөн намайг ашиглаад хямд цалин мөнгө өгч байна хэмээн сэтгээд цалин мөнгөө нэмүүлэх гэж аргаар хэлж нэг үзээд, хоол унд архи дарсаар дайлж нэг үзээд, эцэст нь аашлаж уурлаж ч үзэж гэнэ. Гэвч цалин нэмэгдсэнгүй

Өвгөн бодно. "Энэ хүү мөнгийг л их чухалчлаад байх юм. Уг нь хэд гурван мөнгө энэ хүүг буцахад нь өгөх гээд банкинд хадгалуулчихсан юмсан Түүнийгээ одоо өгчилтэй биш Нутагтаа очиод ваар хийх багаж төхөөрөмжөө худалдаж авахад нь нэмэр болгож мөнгө хуримтлуулаад өгчих юмсан" гэж сэтгэнэ. Ийнхүү цаг хугацаа урссаар арав шахам жил болоод хүү нутаг буцах болж дээ. Ваараа ч сайн хийж сурч. Тэгээд өвгөн онгоцны буудал дээр хүүг гаргаж өгөх дөө 80 мянган вон-ны хадгаламжийн дэвтэрээ өгөөд хүүгийн хацар дээр үнсээд, баярын нулимстай үдэн гаргаж өгсөн гэдэг. Хүү ч маш их баярлаж ямар сайхан сэтгэлтэй өвгөн бэ хэмээн өөрийнхөө гаргаж байсан ааш араншиндаа гэмшин нулимс унагасан гэдэг. Ингээд нутагтаа ирэхдээ өөрийн хураасан 90-ээд сая вон дээр 80 сая вон нэмэгдээд 170 гаруй сая төгрөгтэй болсон байв. Тэгээд яахав Монголчуудын нийтлэг заншлаар байр аваа биз, машин аваа биз. иж бүрэн тавилга аваа биз. найз нөхдөө дайлаа биз, ах дүү амраг садандаа тус дэм болоо биз Мөнгө нь дуусч. Одоо тэр залуу нэгэн зах дээр лангуу ажиллуулдаг гэсэн.

Хүүг онгоцны буудал дээр гаргаж өгчихөөд буцаж явахдаа мань өвгөн Сөүлийн нэлээд том ресторанд орж, мах шарж, усан үзмийн нэлээд үнэтэй дарсаар өөрийгөө дайлсан гэдэг.
Дотроо: -Нэгэн хүнд нэг насных нь хоолоо олж идэх тэр арга замыг нь заан сургасандаа буян санаж, өөрийнхөө эрдэм ухааныг өвлүүлж үлдээсэн шавьтай болсондоо баярлаж. үндэснийхээ өв соёлыг харь оронд түгээн дэлгэрүүлснээрээ бахархаж сэтгэл дүүрэн аз жаргалаар бялхаж суужээ.
Үүнээс хойш 5н жилийн дараа өвгөн хүү хоёр утсаар холбогдоод бөөн баяр баясгалантайгаар мэнд мэдэлцсэний дараа ӨВГӨН:
-Зиа хүү минь! Юу хийж байна даа гэж тэсгэл алдан асуухад
Хүү:
-Өө би таны өгсөн мөнгөөр амжиргаагаа өөд нь татаад суух байр, унах унаатай болсон. Одоо би зах дээр лангуу түрээслэж бараа зарж байгаа Танд маш их баярладаг шүү Манай гэрийнхэн таныг эчнээ таньдаг болсон Би эдэнд таны тухай үргэлж ярьдаг гэх мэтчилэн хариулжээ.
Өвгөн хариу дуугаралгүй утсаа тасалсан гэнэ лээ...

Монголд чандар хадгалах ваарны зах зээл ядмагхан ч гэлээ Ваар хийж сурсан тэр эрдэм хэрэгтэй л байсан байхдаа.
Ер нь бид:
...Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас... ЮУ өвөртлөж ирдэг юм бол доо ??? !!!

Мөнгө дагасан сэтгэлгээнээс
Мөнгө дагуулсан сэтгэлгээ рүү шилжих л хэрэгтэй юм шиг санагдах юм даа

Эх сурвалж: Батболд.Х  Сүү амтагдсан шүлгийн мөрүүд групп