Т.Баярхүү: Жинхэнэ эдийн засгийн алуурчид бол Монголын банкууд болж хувирсан

 

“Өргүй Монголын төлөө нэгдэцгээе - 218.1” үндэсний хөдөлгөөнөөс долларын ханшийн өсөлт, иргэдийн хохирлын асуудлаар мэдээлэл хийсэн юм. Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй энэ талаар ярилцлаа.

 

-       Саяхан танай хөдөлгөөнөөс долларын ханшийн өсөлт, иргэдийн хохирлын асуудлаар мэдээлэл хийсэн. Гэнэт яагаад энэ тухай мэдэгдэл хийж тэмцэх болсон бэ?

-       Төр Үндсэн хуулиа дагаж мөрдөхгүй, үүргээ биелүүлэхгүй, төгрөгийн ханшийг унагааж, долларыг хоёр дахин өсгөсөн. Ард түмний цалин, орлого эрс багассан. Тиймээс эдгээр асуудлыг хуулиа хэрэгжүүлээд шийдээч ээ гэсэн шаардлагыг манай хөдөлгөөнөөс тавьж байна.  

 

-       Долларын ханш өсөх шалтгааныг та юу гэж харж байна?

-       Долларын ханш өсөх шалтгааныг эдийн засагчид дандаа худлаа тайлбарладаг. Өсөх үндсэн шалтгаан нь Олон Улсын валютын сан”, “Дэлхийн банк”-ны дэглэм юм. Доллар нь хувийн компаний өрийн бичиг гэдгийг би олон жил ярьж байна. Энэ нь АНУ-ын төр засагтай ямар ч холбоогүй. Америкт үүрлэсэн хувийн банкуудын хэвлэдэг өрийн бичиг гэсэн үг. Тэд нар хүн төрөлхтнийг яаж мөлждөг вэ гэхээр тухайн улсад нь очоод мөнгө хэвлэдэг “Төв банк”-ийг нь төрөөс нь хараат бус болгодог. Монголбанк өнөөдөр Монголын төрөөс хуулиараа хараат бус байдаг. Хараат бус байдлаар нь дамжуулаад тухайн улсын мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлдэг. Тухайлбал, Монгол Улсын төгрөг, Африкийн ранд, Тайландын бат, Пакистаны руп гэх мэт мөнгөн тэмдэгтийнх нь  ханшийг  унагах замаар тухайн улсыг үнэгүйдүүлж, байгалийн  баялгийг нь шулж, мөлжиж, дээрэмддэг. Ард түмнийг  өрөнд нь боолчилдог санхүүгийн мөлжлөгийн эзэнт гүрэн гэж үзэж болно.

 

-       Эдийн засагч  хүний хувьд “Стэнд бай” хөтөлбөр, “БНХАУ”-аас зээл авах нь хямралаас гарах шийдэл болж чадна гэж үзэж байна уу?

-       Эдгээр арга хямралаас гарах гарц биш. Энэ бол хямралыг түр зуур аргацаах хэлбэр.  “Стэнд бай” хөтөлбөр нь өвчтэй болгочоод, эмчилдэг хүний дүр эсгэдэг  залилан. Өнөө маргаашдаа бол “Стэнд бай” байна уу, гадны аль нэг банкнаас зээл авах эсэхийг төр шийднэ. Гэхдээ энэ бол гарц биш. Түр зуур олны нүдэн дээр ил байгаа идээ бээрийг цэвэрлэж байгаа юм шиг харагдахаас биш, цаашдаа эдийн засгийн бие улам л муудна. Өвчин үүсгэчээд аврагч бурхан, эмчийн дүрээр ирдэг зүйл  л Олон улсын валютын сан юм. Валютын сан нь дэлхийн олон улс нийлж байгуулсан гэсэн халхавчны дор орсон “Долларын эзэд”ийн дэглэмээ хэрэгжүүлдэг хувийн компанийн төлөөлөгчийн газар гэхэд болно. Үүнийг л Монголын ард түмэн ойлгож ухаарах хэрэгтэй байна. Хэрэв үүнийг ойлгохгүй бол энэ мөлжлөгөөс хэзээ ч гарахгүй. Аль ч намд эрхийг нь өгөөд, хэдэн ч намыг нийлүүлээд, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг Т.Баярхүүгээр солиод ч хэрэггүй. Мөнгө хүүлдэг харийнханы тогтолцоог, тэдний гар хөл болсон “Арилжааны банк” нэртэй шуналтай эздийг цэвэрлэж байж гарна. Сүүлийн жишээ бол “Эрдэнэт” үйлдвэр. Энэ бол банк яаж толгой дээр гардгийг харуулсан.

 

-       Монголын ядуурал гэнэт бий болоогүй. Сүүлийн 20 жилийн хугацаанд аажмаар бий болсон гэж үздэг. Энэ тухайд?

-        Үүн дээр нэг л жишээ дурдая. Манайх хамгийн анхны удаан хугацааны буюу 30 жилийн хугацаатай зээлийг Японоос “Эрчим хүчний салбар”-т авч байсан. Үүнийг манайхан ярихдаа Япон бол манай хамгийн том донор орон, биднийг бурхан шиг харж үздэг гэж ярьдаг. Нийтдээ эрчим хүчний салбарт хоёр тэрбум ам.доллар Японуудаас 20-30 жилийн хугацаатай зээлсэн. Эхний зээлийг 1993 онд, дараагаар 1995 онд 500 сая ам.доллар ТЭЦ 3-т авч байсан. Тухайн үед долларын ханш 50 төгрөгөөр үнэлэгдсэн. Харин одоо долларын зээлийг төлөхдөө эрчим хүчинд авсан учраас дулаан цахилгааныхаа үнэ болгож төлнө. Доллар 50 төгрөг байхад дулааны үнэ 100 төгрөг байсан гэж бодвол өнөөдөр долларын үнэ 2400 бол дулааны үнэ 500 болно. Тэгэхээр юу гэх гээд байна вэ гэвэл 1995 онд П.Жасрай гуайн Засгийн газрын үед тавьсан долларын өрийг өнөөдөр татвар төлөгчид дулаан, цахилгаан байрны мөнгөн дээрээ нэмж төлөөд явж байгаа хэрэг. Тэгэхээр энэ нь 1992 оноос эхэлсэн долларын эздийн тухайн улс орныг мөлждөг тогтолцоо 20 хэдэн жил үргэлжилснийг харуулж байна. Бүх шударга бус явдал, авилгал хээл хахууль нь мөнгө хүүлдэг тогтолцооноос л үүссэн.

 

-       Мөнгө хүүлэгчид гэж та яг хэнийг хэлээд байна вэ?

-       Мэдээжийн хэрэг олигарх, төрийн толгойд гарч баяжсан хүмүүс.

Улстөрчид яагаад тендерийн мөнгөтэй зууралдаж төсвөөс болон  Хөгжлийн банкнаас зээл авдаг вэ гэхээр арилжааны банкны хүү өндөр байдаг учраас. Мөнгө хүүлэгчдийн нийгэм гэж  хэн хамгийн бага хүүтэй зээл удаан хугацаатай олж аваад, дараагаар ямар нэг бизнес хийсэн дүр эсгэж, тэрийгээ өөр зээлтэй хүн лүү шийлжүүлж чадсан нь амьдардаг зэрлэг нийгмийг хэлдэг. Хүмүүс яагаад УИХ-ын гишүүн болохыг хүсдэг вэ гэвэл УИХ-ын гишүүн болж байж их хэмжээний мөнгийг “Хөгжлийн банк”-наас хүү багатай аваад тэрийгээ дараа нь 20-30 хувийн зээлтэй өөр компани руу байшин барилга болгож зархын тулд Б.Чойжилсүрэн шиг сайд болж байгаа юм. Хэрвээ бид энэ тогтолцоог арилгахгүй бол дараа дараагийн хүү багатай зээл авч, хүмүүст байшин, барилга болгон зарж, нүүрс зөөдөг Б.Чойжилсүрэн шиг хүмүүс дуусахгүй. Чойжилсүрэнг сайн муу гэж ярих гэсэнгүй. Ерөөсөө л тогтолцоо ийм байна.

 

-       Үндэсний мөнгөн тэмдэгтийг нь үнэгүйдүүлдэг гэлээ. Энэ нь ядуурал үүсэх гол шалтгаан болсон уу?

-       Дээр хэлсэнчлэн аливаа улс орныг долларын эзэд мөлжихдөө үндэсний мөнгөн тэмдэгтийг нь үнэгүйдүүлдэг. Өөрөөр хэлбэл, доллар 50 төгрөг байхад арьс, шир, Оюу толгойгоо нэг янзаар зарна. Доллар 2400 болчиход тийм хэмжээгээр хямдхан зарж байгаа гэсэн үг. Хамгийн эмгэнэлтэй нэг жишээ дурдахад л, Оюутолгойд  ажиллаж байгаа монгол ажилчид төгрөгөөр цалингаа авна. Доллар 1300 байхад авч байгаа хоёр сая төгрөгний цалин тухайн хүнд ашигтай. Доллар 2400 болоход тэдний авах цалин хэвээрээ байна. Тэгэхээр Оюу толгойн луйварчид ханшийн зөрөөн дээр Монголд үлдээж байгаа мөнгөө хэмнээд, өөрсдийн ашгаа нэмж байгаа хэлбэр юм. Тийм учраас монгол мөнгөн тэмдэгтийн ханш унах нь нийт монголчуудын ядууралд хүрэх ганц шалтгаан болж байна. “Төв банк”, “Арилжааны банк”-ны бүтэц нь үүнийг гардаж хэрэгжүүлж байгаа эдийн засгийн алуурчид. Үүнийг өөрчлөөгүй цагт цаашаагаа өөдлөхгүй. Нийт монголчуудын хувьд тулгамдсан гол асуудал нь гэртээ суугаад дулаан цахилгааны мөнгөө арай ядан төлж байгаа тэтгэврийн хөгшнөөс эхлээд тос, байцаагаа граммлаж авдаг, улстөрчдийн хэлдгээр Должин авгайн ядуурал хүртэл төгрөгийн ханшны уналттай холбоотой.

 

-       Ямар бодлого баримталснаар үүнээс гарч чадна гэж үзэж байна вэ?

-       Өнөөдрийн нийгэмд энэ асуудлыг шийдэх хууль эрх зүй алга. Тйимээс төрөө эзэнтэй болгож байж, Үндсэн хуулийг шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Монгол Банк, арилжааны банк, хадгаламжийн тухай, Монгол Улсын нутаг дэвсгэрт үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх тухай, гадаад худалдааг зохицуулсан зэрэг таван хуулийг яаралтай зохицуулах хэрэгтэй байна. Санхүүгийн хямралыг мөнгө санхүүгийн тогтолцоо л үүсгэдэг. Санхүүгийн хямралыг хаа хамаагүй хүн бий болгохгүй. Төгрөгийг хэвлэж байгаа, ямар хүүтэй байхыг шийдэж, дараа нь арилжааны банкуудад дамжуулж ард иргэдийг мөлжиж байгаа тогтолцоо л үүсгэдэг. Төв банк, арилжааны банкууд л энэ санхүүгийн хямралыг бий болгож байна.

 

-       Хөдөлгөөнөө яагаад “218.1” гэж нэрлэсэн бэ? Цаашдаа ямар ажлыг хийхээр төлөвлөж байна?

Мэдээжийн хэрэг Үндсэн хуульд байдаг заалтыг олон түмэнд таниулахын тулд юм. Манай хөдөлгөөн тавдугаар сарын 20-нд байгууллагдсан. Санаачлагч болон долларын зээлтэй хэдэн хүмүүс нэгдэж нийлээд явж байна. Одоогоор 400-аад хүнтэй болсон. Нэг сонирхолтой зүйл хэлэхэд бизнесийн зээлтэй хуулийн этгээдүүд манай байгууллагыг дэмждэг боловч өөрсдөө гарахаасаа эмээдэг. Энэ нь байнгын банкны барьцаанд, дараа  дараагийн зээл авч бизнес хийдэг учраас. Тэд хэлэхдээ “Та нар бидний өмнөөс тэмцээд хуулийн дагуу шийдээд өгөөч ээ. Бид нар ил гарахгүй байж байгаад хамтаръя” гэсэн. Учир нь тэд өөрсдөө долларын зээлэн дээрээ хоёр дахин шатчихсан, бизнес нь зогссон байдалтай байгаа. Дараа дараагийн үйл ажиллагаагаа шат дараатайгаар хийхээр төлөвлөсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллаад, УИХ, Аюулгүйн зөвлөлд хуулийнхаа дагуу шаардлага саналуудыг хүргүүлнэ. Өөрсдийнх нь эрх ашиг нь хөндөгдөөд байгаа банкууд, эзэдтэй нь халз мэтгэлцээн хийх болно. Мөн Б.Түвшинтөгс гавьяат маань бусдыгаа төлөөлөөд “Хас банк”-ийг шүүхэд өгсөн. Тэр шүүх хурлыг нээлттэй ард түмэнд ойлгомжтой явуулахаар төлөвлөж байгаа.

 

Б.Янжиндулам