Д.Бямбасүрэн: МАН, АН хоёр либерализмын шаварт шигдэж, шуналыг үзэл болгосноороо ижил юм

 


Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэнг “Ярилцах цаг” булангийн  зочноор урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 
-МАН-ын төр, АН-ын төр гэж байхгүй Монгол Улс нэг л төртэй. Гэвч сүүлийн үед нэг намын байгууллага шиг болчихлоо. Энэ талаар таны байр суурийг сонирхоё?

 
-Аль ч улс орон нэг төртэй, нэг итгэл үнэмшил, нэг замтай байдаг. Гэтэл Монголын нөхцөлд улс төрийн намууд төрийн эрх мэдлийг булаацалдаж, эрх барьсан нь өөрийн дураар аашилдаг болсон нь гажуудал юм. 1990 онд Ардчилсан хувьсгалын үеэр, түүний дараа Үндсэн хууль батлахдаа шийдсэн гол асуудал нь монголчууд олон намын тогтолцоотой  байх нь Монголын нийгэмд сонголт бий болгох, хөгжлийн зам мөр, шийдэх асуудлынхаа хувилбаруудыг гаргах бололцоо олгоход чиглэж байсан. 25 жилийн дараа төр маань эргээд намын эрхшээлд орж, нам гэдэг бүлэглэл өөрийгөө төрөөс дээгүүр тавьчихлаа. Энэ нөхцөлд зайлшгүй гажуудал үүсдэг. Тэрийг л бид одоо амсч байна. Монгол Улс Үндсэн хуульдаа төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан.
 
Гэтэл одоогийн байдлаар төрийн бүх эрх мэдэл намуудын гарт байна. Намууд сонгуульд орохдоо төрийн бодлогоо явуулах хөтөлбөр гэж гаргадаг ч олон түмнээс зөвхөн саналыг нь аваад өөрсдөө төрд гарахын төлөө зүтгэж байна. Боловсруулсан бодлого нь Монгол орны нийтлэг эрх ашиг, магадгүй түүхэн хувь заяаны шаардлагад  нь тохирохгүй байна. Энэ манай төрийн эмгэнэл.
 
Төр ард түмний мэдэлд байна гэдэг нь ард түмэн төрөө байгуулж, өөрсдөө төрөө хянах боломжтой байх ёстой. Гэтэл төр ард түмний хяналтаас гарч сонгуулийн дараа  олигархиудын гарт ордог замаар явж ирсэн. Одоо цаашлаад мафиоз бүлэглэлийн гарт орох чиг хандлага  тодорч эхэллээ. Энэ нөхцөлд төр маань юу болоод байна вэ гэдгийг монголчууд бүгдээрээ бодох хэрэгтэй. Төр гэдэг нийгмийн амьдралыг зохион байгуулах, чиглүүлэх уураг тархи нь юм шүү дээ. Уураг тархиа бид өнөөдөр ямар байдлаар цэнэглэж байна вэ. Түүнийгээ эргэж харах цаг болсон.


 
-Улс төрийн намуудаас төр барих  уран жолоодлого, даацтай бодлого харагдах юм уу?
 
-Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөхдөө бүр урд өмнө түүхэнд тохиолдож байгаагүй маягаар өөрчлөгдөж байна. Дэлхийн томоохон улс орнуудын удирдагчид дэлхий ертөнц түгшүүртэй байдалд орлоо гэдгийг хэлснээс хойш миний л мэдэх 3-4 жил өнгөрлөө. Өнгөрсөн зун Монголд Ази-Европын дээд хэмжээний уулзалт болсон. Тэр уулзалтаас “Улаанбаатарын тунхаг” гэж маш чухал баримт бичиг гаргасан.
 
Түүнд орчин үеийн улс орнуудын амьдралд түгшүүртэй, тогтворгүй төлөвт орлоо гэдгийг бичсэн. Энэ бол дэлхийн том ухаарал. Харамсалтай нь манай төрийнхөн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулчихаад гаргасан дүгнэлтээ ойлгосонгүй. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа  төрийн явуулж байгаа бодлогыг харахад аргацаасан, сонгуулийн өмнө өгсөн худал амлалтуудаа өнгөлөн далдлах гэсэн арчаагүй оролдлогууд яваад байна. Төрийн гол түшдэг юм нь ард түмний итгэл үнэмшил байдаг. Сүүлийн 10 жилд Монгол төрд итгэх итгэл маш суларсан. Монголчууд үргэлж хууртаж, худал амлалтаар явж ирлээ.
 
Улс орны амьдрал өөдөө гарахаас илүүтэй унах нь дийлэнх байсан болохоор өнөөдөр хар сүүдэр тусчихаад байна. Ийм  нөхцөлд төр олон түмэндээ чухам юу хэлэх вэ, юу хийх вэ гэдгээ бодох ёстой байсан. Монголын нийгэмд өнөөдөр хамгийн хэрэгтэй юм нийгмийн шударга ёс, итгэл үнэмшил. Гэтэл ард түмнийхээ итгэл үнэмшлийг хүлээж чадахгүй төр юу байх билээ. Ардын намынхан сонгуулийн дараа анхны алхмаасаа эхлэн худал амласан гэдгээ харуулж байна.


 
-Тухайлбал?
 
-Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Бид сүүлийн 20 шахам жил улс төрийн Засгийн газар гэж байгуулаад сайдын албан тушаалыг дуртай нь  мөнгөөр худалдаж авдаг бараа таваар болгочихлоо.
 
Тухайн салбарыг авч явдаг, удирддаг, мэддэг чаддаг хүмүүс засагт ажиллаасай гэж монголчууд хүсч хүлээж байсан. Гэтэл МАН энэ амлалтаасаа ухарч улс орны гол цэгүүдэд олон түмний итгэл даахгүй хүмүүсийг тавьсан. Засгийн газарт одоо томилогдоод байгаа арван хэдэн сайдын дотор ажил үүргээ гүйцэтгээд явах чадал чансаатай улс бий. Гэхдээ тэд цөөхөн. Сангийн яам, Уул уурхайн яам зэрэг эдийн засгийн гол цэгүүдэд мэргэжлийн бус хүн томилсон нь ард түмнээ мэхэлсэн хамгийн муухай алхам болсон. Худал амлалтын нэг нь эдийн засгийн өсөлт, тогтворжилтын асуудал. МАН-ынхан мөрийн хөтөлбөртөө дөрвөн жил эдийн засгаа дунджаар долоон хувь өсгөнө гэж амласан. Гэтэл одоо жилийн 02-03 хувь өсгөнө, 2018 он хүртэл тогтворжуулна гэж байна. Уг нь энэ ондоо багтаагаад  тогтворжуулах  боломж байсан.
 
Одоо Ардын намын явуулж байгаа бодлогыг харахад хоёр зүйлээр голлон  тодорхойлогдож байна. Нэгдүгээрт, улс орноо авч явах үзэл баримтлал  энэ намд алга. АН-ын алдаан дээр дөрөөлж өндийдөг үү гэхээс өөрсдөө нийгмээ аваад явах бие даасан үзэл баримтлал байхгүй. Тиймээс улс орны асуудал хэчнээн хүнд, шийдэх асуудал өчнөөн байлаа ч гэсэн олон түмнийг хуурч мэхэлж өөртөө татах, өнөө маргаашаа аргацаасан талхны үйрмэг хаяж өгөх ийм л бодлого явуулж байна. Жишээлбэл, Монголын эдийн засгийн өсөлт саарсан. Өр өсч, төсвийн алдагдал  нэмэгдэж байхад төсвийн тодотгол хийхдээ  харин ч урсгал зардлаа нэмээд баталчихаж байх жишээтэй.
 
Эдийн засгаа эрүүлжүүлж байгаа юм уу, эдийн засагтаа бүх дарамтаа нэмж байгаа юм уу гэдэг хоёр өөр асуудал. Нөгөө талаас, Ардын намын баримталж буй нэг гол шугам нь ард түмэндээ итгэх биш, гадны зээл, хөрөнгө оруулалтад шүтэж, тэдэнд газар нутгаа, байгалийн баялгаа худалдаж амьдрах гэсэн арчаагүй либераль үзэл гүнзгий шингэжээ. Тэр замаараа л явж байна. Ийм ч болохоороо тэд төр, засгийг эмхлэн байгуулсан эхний алхмаасаа хайгуулын лицензүүдийг суллаж эхэлсэн шүү дээ. УИХ-ын намрын чуулганыг нээсэн Их хурлын даргын  эдийн засгийн  бодлогыг харахад ийм л байна. Тэд ард түмнийхээ бүтээх хүчинд итгэхээс илүү гадны баячуудын гар долоох зүйл рүү шилжээд байна.


 
-Сайн зүйл, зөв бодлого  ер нь байна уу?

 
-Монголын эдийн засаг бүгд болохоо байчихсан юм биш. Монголчуудын хувьд мал нь өсч, үр тариа сайн хурааж авлаа. Яаж ч байсан идэх, уухаар дутахааргүй болсон нь сайн. Гэхдээ энэ намын гавьяа биш. Монголын эдийн засагт байгаа өөдтэй, өнгөтэй зүйлүүд жинхэнэ баялаг бүтээж байгаа хөдөлмөрч хүмүүсийн, жирийн иргэдийн гавьяа.
 
Гэтэл тэрийг нь үрэн таран хийж, хувааж идэж, цацаж байгаа хүмүүсийн хувьд өнөөдөр гавьяагаа тоочих цаг биш. Бас нэг зүйл нь тэд сонгуулиар өгсөн амлалтандаа зайлшгүй хүрч ажиллана гэсэн бол тийм бодлого, хөтөлбөртэй байх байсан. Тэгвэл эргээд жижиг сажиг зээл, хөнгөлөлтөөр асуудал шийдэх маягаар олон түмний санаа бодлыг эргүүлэх, татах алхам хийж байна.  


 
-Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрсөн пүрэв гаригт 100 хоногийнхоо тайланг тавьсан. Та ямар дүгнэлт хийж байна?

 
-Би Засгийн газрыг чухам  яаж ажиллах ёстой вэ, ямар асуудал шийдэх вэ гэдэг талаас нь л хандмаар байна. Сонгуулийн дараа би бодож байсан. Ямар ч Засгийн газар байгуулагдсан, түүний үйл ажиллагаа, шийдэх асуудал нь 1990 онд манай Засгийн газар байгуулагдаж байсан үеийнхтэй  ойролцоо юм. Тухайн үед бидний шийдэх гол асуудал, нэгдүгээрт нийгмийн байгууллаа өөрчлөх байсан. Социалист систем тэр чигээрээ мухардалд ороод задарч унахад Монголд бид шинэ замаа сонгож авах, шинэ нийгмийн замналд орох хэрэгтэй байсан.
 
Одоогийн Засгийн газрын хувьд бид нэгэнт хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмээр замнана гэж Үндсэн хуульдаа бичсэн атлаа олигархи мафиоз толгойтой зэрлэг хөрөнгөтний нийгэм рүү гулсч байгаа энэ гулсалтыг зогсоох ёстой байсан. Үүгээрээ одоогийн Засгийн газар, 1990 оны Засгийн газрын зорилттой тун ойролцоо юм. Нөгөө талаас, 1990 онд бид гадны нэг их гүрний хараа хяналт дор байсан. ЗХУ задарчихсан болохоор  тэр талаар яриад яахав. Одоо Монгол орны байдал эдийн засгийн хувьд өмнөд хөршөөс бүх талаар  хараат болж, хамаг баялаг гадныхны гарт байна. Ганц өмнөд хөршийг хэлж байгаа юм биш.
 
Оюутолгойг гартаа авсан  “Рио Тинто”, “Эм-Си-Эс”-ийн ард байгаа гадныхан, Ноён уулыг булаацалдаж байгаа гадны компаниуд гээд Монголыг зулгаадаг эзэн олон болчихож. Эдэнд бид эдийн засгийн тусгаар тогтнолоо алдчихсан. Энэ тусгаар тогтнолыг одоогийн Засгийн газар сэргээх ёстой байсан. Гуравдугаарт, бид тэр үед эдийн засгийн маш хүнд байдалд байсан. Манай улс ЗХУ-д 11 тэрбум шилжих рубль буюу 11 тэрбум ам.доллар болж хувирсан өртэй, 1990 оноос хойш төлөх хугацаа тулсан өр нь дөрвөн тэрбум шилжих рубль  байсан. Үүнийг тэр үед  хойд хөрштэй харилцаж   хойшлуулж, өрийн  дарамтыг шилжилтийн үед бууруулсан. Одоогийн Засгийн газар 20 тэрбум ам.долларын өртэй эдийн засгийг өвлөж байгаа.
 
Гадаад худалдаа алдагдалтай. 1990 онд манайх 586 сая ам.долларын экспорттой атлаа 780 сая ам.долларын зээл тусламж авдаг. Экспортоосоо 130 хувь давсан зээл тусламжаар амьдарч байсан. Тэр нь алга болвол бид яах вэ, маш хүнд үеийг туулахаар байсан. Одоо манай гадаад худалдааны тэнцэл ашигтай байна гэж ярьж байгаа ч Оюутолгой экспортынхоо орлогыг оруулахгүй, гадаад худалдааны тэнцэл өм цөм алдагдалтай байгаа. Энэ үед төр, засгийн явуулах бодлого гол асуудал дээрээ төвлөрч, үнэнийг ард түмэндээ хэлж, хүчээ төвлөрүүлж зангидах юм. Энэ их чухал.


 
-Засгийн газар байгуулагдсаны дараахан Монголбанкны ерөнхийлөгч “Монгол Улсын нийт өр ДНБ-нийхээ 210 хувьд хүрлээ” гэсэн. Цаашид яах бол?

 
-Энэ нэг талдаа эрх  барьж байсан АН-д ч, одоо байгаа МАН-д ч ялын тогтоол юм. Монголын өр ДНБ-нийхээ 58 хувиас хэтрэхгүй гэж худал, үнэн яриад яваад байсан. Гэтэл Төвбанкны ерөнхийлөгч нь 210 хувь боллоо гээд хэлчихсэн. Ийм үед олон түмэндээ үнэнийг хэлж, төр засаг алхам хийх ёстой байсан. Нэгдүгээр асуудал нь, миний ойлгож байгаагаар олон түмний итгэлийг хүлээнэ гэдэг талхны үйрмэг тараана гэсэн үг биш. Нийгэмдээ шударга ёсыг бий болгоно гэсэн үг. Саяхан телевизүүд АТГ-аас гаргасан парламентын бүх гишүүн, сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харууллаа. Ямар баян хүмүүсийг бид сонгосон юм бэ. Хэдэн зуун саяас хэдэн зуун тэрбумын орлоготой хүмүүс байна шүү дээ.
 
Төрийн мөнгө татвар төлөгчдийн халааснаас гардаг. Түүнийг тэдний хяналт дор, тэдний зөвшөөрлөөр зарах ёстой. Гэтэл нийгмийн наад захын шударга ёсны хэмжүүр болсон цалингийн системийг аваад үзэхэд, хамгийн доод хэмжээ нь 210 мянган төгрөг буюу жилдээ 2.1 сая төгрөг байхад Монголын төрийн компаниудад ажиллаж байгаа зарим хүний сарын цалин 50-60 сая төгрөг байна. Төрийн ажилтан, төрд зүтгэж байгаа хэн боловч улсынхаа Ерөнхийлөгчөөс илүү цалин авах ёсгүй. Үүнээс үзэхэд төр цалингийн системээ өөрчлөх ёстой.
 
Нөгөөтэйгүүр, төрийн компаниуд сайн менежерүүддээ шагнал өгч болно. Гэхдээ татвараа өөрчлөх хэрэгтэй. Ерөнхийлөгчөөсөө дээш цалин авч байгаа хүмүүсийн цалинд  гадаадын улс орнуудын жишгээр 40 хувь хүртэл татвар тогтоож болно. Гол нь төрийн бодлого явуулдаг хөшүүргүүдээ сайжруулах хэрэгтэй. Төр энэ алхмуудаа хийж чадсангүй.
 
Ингээд улс орныхоо амьдралыг бүтнээр нь багтааж харж чадахгүй, хэлэлцэж байгаа асуудлаа бодит үнэнээр нь харж чадахгүй болохоор Засгийн газраас авч байгаа арга хэмжээ аргацаасан төдий явлаа. Ер нь Ж.Эрдэнэбатын Засгийн газраас явуулж байгаа асуудлууд УИХ дээр унах нь олонтой, дутуу дулимаг боловсруулагдсан  байдал зөндөө харагдаж байна. Үндсэндээ энэ Засгийн газрын боловсруулсан эдийн засгийн блок ямар ч найдлага хүлээх чадваргүй байна.


 
-Одоо асуултаа өөрчлөөд Ардчилсан намын тухайд таны байр суурийг сонирхоё. Энэ намын алдаа, оноог та хэрхэн дэнсэлж байна. Сайн, муу зүйл нь юу байв?
 
-АН 1990 оны Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүчнүүдийн цөм дээр оршин тогтнож байгаа нам. Тэр үед тавьсан зорилгуудаа өөрсдийн ойлгож байсан хэмжээнд хийж гүйцэтгэсэн. Харин тухайн  үед тавьсан зорилгынхоо түвшинд хүрээд цааш хаа хүрэх вэ гэдэг дээр очоод барьц алдчихсан. АН-д либерализмаас өөр барьж авах ямар ч үзэл байхгүй.
 
Либерализм гэдэг нь явсаар байгаад хүн бүхэн дураараа аашлах үзэл болж хувирснаар төрийн жолоогоо алдчихсан. 2012 оны сонгуульд олонх болж Засгийн газраа байгууллаа, дараа нь Ерөнхийлөгчийнхөө суудлыг авлаа. Бүгдийг өөрсдийн мэдэлд авсан хэрнээ дөрвөн жил засаг барьж чадсангүй. Гол алдаа нь  АН Монгол орныхоо эрх ашгийг эрх баригчдын шуналаар орлуулсан.
 
Нам дотроо олон фракцид хуваагдсан, фракц болгоны толгойд нэг олигархи сууж байгаа. Тэрнийхээ тэмцлийг ардчилал, ил тод байдал гэж хэлэх боловч үнэн чанартаа маш их бугшсан, нам дамжсан олигархи бүлэглэлийн явуулгад өртсөн байдал гэдгийг саяын сонгууль харуулсан. Үүнээсээ болж уналаа.


 
-Гэхдээ Ардчилсан нам  Н.Алтанхуягийн Засгийн газрын үед сайн байсан гэж зарим хүн хэлдэг?
 
-Миний бодоход, Монголын түүхэнд магадгүй Чингисийн төр Манжид эзлэгдэж мөхсөнөөс хойш анх удаа ХХ зуунд сэргэсэн. Сүй Шү Жаныг уриад  бууж өгч байсан Бадамдоржийн Засгийн газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг юм. Би Н.Алтанхуягийн Засгийн газрыг тэрэнтэй ойролцоо гэж боддог. Монголын төрийн бодлогыг олигархиудын гар дээр хуваарилж задалж тавьсан.
 
Монголын эдийн засгийн тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг алдсан гэж хэлж болно. Монголын өв баялгийг үнэгүйдүүлж гадныханд тавьж өгөх алхмуудыг тэд хийсэн. Монголын газар шороог гадныханд дуудлага худалдаагаар эзэмшүүлэх алхмуудыг тэд тавьсан. Монголын өр зээлийг нэмж,  үр өгөөжгүй салбарт цацсан.  Ингэснээрээ монголчуудыг өр зээлийн барьцаанд оруулсан. Энэ алдаа урд нь 2006 оны үеэс эхлээд Ардын намынхны үйл ажиллагаанд  тод харагдаж байсан. Үүний эсрэг тэмцэж, засч залруулахын оронд урсгалынх нь хүчийг нэмж өөрсдөө дагаж урссан учраас АН-ынхан энэ сонгуулиар ялагдал хүлээлээ.


 
-АН цаашид улс төрийн тавцанд байх уу, үгүй гэдэг өнөөдрийн сэдэв, бас сонирхолтой асуултын нэг  болж байна?

 
-Тэр энэ намын үзлийн асуудал. Монгол орны замналын одоогийн шатанд тулгарч байгаа асуудлуудыг шийдэж, түүхэн сорилтыг давах үзэл номлолтой бол энэ нам байна. Ардчилсан нам 120 мянган гишүүнтэй гэдэг. Намын гишүүд нь улс орныхоо төлөө сайн сайхан ирээдүйн төлөө гэсэн сэтгэлээсээ урваагүй. Гагцхүү намын тархи нь шуналд хордчихоод байгаа юм.
 
Хэрэв нам нь үзлээ шинэчилж, шинэ үзэлтэй удирдлагыг төрүүлж чадвал АН оршин тогтнож чадна. Тэдэнд хугацаа бий юу гэвэл дараагийн сонгууль хүртэл дөрвөн жил байна шүү дээ. Сонгуулийн дараа намын даргаа солино, бид хоолонд орох ээлж гээд бужигнаад эхэлсэн бол бүр долоон дор юм болох байсан. Үзэл баримтлалаа боловсруулж, алдаа оноогоо зөв цэгнэх хэрэгтэй.
 
Сонгуульд бид яагаад ялагдав гэдэгт хариу өгөх болоход “Манай сонгуулийн штаб буруу ажилласан. Манай намын удирдлага буруу ажилласан” гэж ярих нь олон тохиолддог. Дөрвөн жил бие дааж буруу бодлого явуулаад, түүний өмнөх дөрвөн жил Ардын намын хөнжил дотор орж Оюутолгойгоо гадныханд тавьж өгөөд, дараа нь өөрсдөө төр барихдаа Ч.Сайханбилэг  нь Дубайн хэлэлцээр хийж төлөвлөгөө баталчихаад, Монголынхоо эдийн засгийг өчнөөн доройтуулчихаад ганцхан сонгуулийн үеийн сурталчилгаанд найдаж болохгүй шүү дээ. Алдаагаа зөв оношлох асуудал АН-д хамгийн чухал. Одоо либерализмын үзэл Монголд хол явахгүй.
 
Гэтэл АН либерализмын шавар дотор онолын чөдөртэй цовхчиж байгаа морь шиг л байна. Эхлээд чөдрөө тайлах хэрэгтэй. Дараа нь либерализмынхаа үзлийг эргэж харах хэрэгтэй. Монгол орныхоо өөрийн үнэт зүйл, орчин нөхцөлд дэлхийн хүн төрөлхтөний үнэт зүйлүүдийг зохицуулж, түүнийг нутагшуулж авч явах ёстой. Түүнээс биш бүх юм чөлөөтэй, би төрийн эрх мэдлийг авбал юу ч хийж болно гэсэн уриан дор явбал төрөө ч баллаад, өөрсдийгөө ч баллаад дуусна. АН-д сэргэх хүч бий юу гэвэл,бий. Гагцхүү тэр нь нэг үзэл бодолд зангидагдах ёстой. Энэ хүч бол намын эгэл жирийн гишүүд.


 
-АН-ыг шинэчлэх хүч, хөтлөх лидер алга, тэр бүү хэл ирэх онд Ерөнхийлөгчид өрсөлдөх хүн алга гэх юм?
 
-Гол нь үзэлдээ л байна. Үзлийнхээ тугийг барьж явах хүн л  намын лидер болно шүү дээ.


 
-Ерөнхийлөгчийн сонгууль ч ерөнхийдөө эхэлчихсэн, ил далд тэмцэл өрнөж байна. Хоёр том нам  өрсөлдөх байх.  Ерөнхийлөгч ямар хүн байх ёстой вэ?
 
- Монголын хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй гурван нам байна. МАН, АН, МАХН. Ганц суудалтай МАХН сонгуульд ялаад гараад ирэх хэмжээнд хүрээгүй. Нөгөө хоёр нам өөрсдийн баримталж буй бодлогод үнэнч хүмүүсээ дэвшүүлнэ. Энэ хоёр маань хэн билээ гээд жишээ аваад үзье л дээ. Монголчуудын нээх их үздэг “Халтар царайт” гэж кино байсан даа. Тэр киноны нэг гол баатар нь Хорацио.
 
Дээр үеийн МАХН, одоогийн Ардын намынхан. 1990 оны ардчилсан хувьсгалд ялагдаж, эрх мэдлээ алдсаныхаа өс хонзонг санасаар яваад өнөө хүрлээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэг талаас Хорацио гарч ирэх нь. Нөгөө тал нь “Халтар царайт” буюу ард түмнийг өмгөөлж явсан АН гэж бодъё. Тэд нь явсаар байгаад Заморагийн дүрд ороод Монголоо, монголчуудынхаа амьдралыг гадныханд худалдаж яаж мөнгө олох вэ гэдгээс өөр юм бодохоо байчихсан. Иргэн хүний, энгийн хүний түвшинд бодоход Ерөнхийлөгчийн сонгуульд Хорацио, Замора хоёр л өрсөлдөнө дөө.Хэн гарч ирэхээс бас  шалтгаална. Гэхдээ бодит байдал ийм л байна.


 
-Хоёр том намын байдал ийм байна. Цаашид Монголын улс төрийн байдал ямар байх бол. Гуравдагч хүчин гарч ирэх  болов уу? 
 
-Монголын улс төрийн нөхцөл байдал өвөрмөц. Хоёр нам хэдийгээр сонгуулийн үед өрсөлдөж байлаа ч либерализмын шаварт шигдсэн утгаараа, шуналыг Монголын нийгмийн үзэл болгож байгаагаараа, Монгол төрийг худалдааны бараа болгож байгаа утгаараа ижилхэн. Тиймээс сонгууль болохоор ч, хуулиа батлахдаа ч гуравдагч хүчний эсрэг хамтарч ажилладаг. Энэ бодит үнэн. Манайд гуравдагч хүчний орон зай бий юу гэвэл, бий.
 
 Гагцүү дээр нь хоёр нам таг тавьчихаад байдаг. Тэр орон зайг нээх хэрэгтэй. Тэгвэл шинэ үзэлтэй, шинэ улс төрийн хүчин гарч ирж, олон түмнийхээ итгэл үнэмшлийг хүлээж чадах аваас байр суурь нь бодитой болно.  Одоогийн манай шинэ улс төрийн хүчнүүд тухайн ганц нэг асуудлаар дуугарч байна л даа.  ИХН, Ногоон нам гэхчлэн байна. Тэгэхээр жижиг намууд дотор бүгдээрээ биш ч  зарим хэсэгт төрийн тогоонд ойртох хүсэл эрмэлзэл цухалзаад байх шиг харагддаг. Энэ замаар  одоо ямар ч улс төрийн хүчин тодорч гарч ирэх боломжгүй. Монголын ард түмэн олон хууртахгүй.


 
-Бүх  шатанд мөнгөний уралдаан, тохиролцоо явж байна.  Боловсон хүчний мэдлэг чадвар, улс орны төлөө зүтгэх зүтгэлтэй, сэтгэлтэй хүн чадлаараа гарч ирдэг зүйл алга болчихжээ. Төрийн албан хаагчид ч адилхан. Өнгөрсөн сонгуулиудын тухайд та юу хэлэх вэ?
 
-Сонгууль баячуудын уралдаан болсон. Улсын наадам болоход баячуудын морь уралддаг. Сонгууль болоход баячууд нь уралддаг. Ийм л хоёр төрлийн гол уралдаантай боллоо, бид. Сүүлдээ уяачдын холбооныхон төрийн орой дээр гараад ирэхээр уралддаг морь, уяач хоёр нэгдэж байх шиг байна. Төрд ажиллах, төрийн жолоо барих, төр түших хүнээ бэлдэх нь  аль ч улс үндэстний хувьд маш хэцүү байдаг.
 
Магадгүй 1990 оноос хойш монголчуудын зовж зүдэрч байгаагийн нэг гол шалтгаан нь бид төрийн хүнээ бэлтгэж чадаагүй. Тэднийг төлөвшүүлж гаргаж чадахгүй байна. Улс төрийн намууд төрийн хүнийг төлөвшүүлэх асуудлыг шийдэж чадахгүй. Төр өөрөө үүнийг хийх ёстой. Улс төрийн намууд нэг л өнцгөөс, өөрийн эрх ашгийн үүднээс асуудалд хандана. Монголчууд төрт ёсны түүхийн анхны алхмаас эхлээд төрийн хүнийг бэлдэх гол асуудал байсан. Монголчууд түүхээ эргэж ярих дуртай. Зарим түүхэн сурвалжид бичсэнээр 1197 онд Их Монгол Улс байгуулагдахаас есөн жилийн өмнө Чингис хаан Хамуг Монголын хаан байхдаа төрийн хүнийг бэлдэх сургууль байгуулж байсан гэдэг юм.  Тэр нь явсаар Өгөөдэй хааны үед хоёр том сургууль байгуулсан бол сүүлд академи болж байсан түүхтэй.
 
Одоо бид тэр сайхан уламжлалаасаа салчихаад байна. Түүнээс болж биеэ бэлдэх юм байхгүй, сургууль төгсөөд хавтас  сугандаа хавчуулсан бол төрд зүтгэнэ гэдэг. Төрийн хүнийг шалгаруулах, бэлдэх, сонгох, хянах, дэвшүүлэх тогтолцоо Монголд төлөвшиж тогтсонгүй. Томоор хэлбэл, доройтох төр хүнээ олж чаддаггүй. Сэргэх, мандах төр хүнээ төрүүлж чаддаг, олж ч чаддаг. Энэ талаас харвал манай улс төрийн намууд төрөө доройтуулах чиглэлээр ажиллаж,  төрөө  шууд худалдчихаж байна.


 
-Мөнгө, танил харсан, дээр нь  хариуцлагагүй салан задгай нийгэмд монгол хүн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирч байна. Манжийн дарлалын үед ч юм уу, Халх голын дайны жилүүдэд гарч байгаагүй олноороо амиа алдаж байна. Хэн ч ярьж хэлэхгүй, ягуухан нэг тийм  чимээгүйхэн бид чинь хаашаа яваад байна даа?

 
-Нэг жишээ аваад үзье. Монголын хүн амын 40 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Нийслэлийн агаар, хөрсний бохирдол  1.4 сая хүний уушгийг хордуулах орчин болж байна. Иймд  хүргэсэн нь төрийн хариуцлагын асуудал. Би төрийн өндөр албаны зарим нөхөдтэй уулзахдаа “Улаанбаатарын утаа, бохирдол генноцидийн түвшинд хүрчээ” гэж хэлдэг. Хүмүүсийн оюун ухаан ямар байж, яаж ажиллах вэ, эрүүл мэнд ямар байх вэ гээд бодоход ойлгомжтой шүү дээ.
 
Нийгэм өөр болж байна. Монголчууд гурван саяулаа гэж бид ярьдаг. Энэ чамгүй тоо. 1959 онд манай хүн ам 807 мянга байсан. Одоо түүнээс бараг дөрөв дахин өслөө. Бид олуулаа болж байна гэж баярладаг. Тэр хүний боловсрол, эрүүл мэнд огт өөр асуудал. Энэ чиглэлд бид юу хийж чадаж байна гэдгээ анхаарах ёстой. Сүүлийн үеийнхнийг би мэдэхгүй байна. Хоёр жилийн өмнө арванхоёрдугаар анги төгссөн бүх хүүхдээс тооны шалгалт авахад 96 хувь нь тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарч байсан. Монгол хэл маш их  бохирдож байна.  Монгол хүний үнэт зүйл олон хүчин зүйлээс хамаарч, Монгол Улс бүрддэг.
 
Монгол хүний эрхэмлэн дээдлэх зүйл тусгаар, тогтнол, аюулгүй байдлын асуудал. Хувь хүн дээр очвол хувь хүний амьдралын аюулгүй байдал юм. Улс нь, иргэн нь аюулгүй амьдрах ёстой. Иргэн хүн амьдралаа аваад явах хариуцлагатай байх учиртай. Хүүхдээ багаас нь зөв хүн болгож хүмүүжүүлбэл аяндаа амьдрал тэгшрээд явна.  Хүүхдээ багаас нь мөнгө шүтэх үзлээр хүмүүжүүлбэл алсдаа тэд эх орон гэдгээ ч ойлгохгүй, монгол үндэстэн гэдгээ ч ойлгохгүй, Монгол Улс юу вэ гэдгийг ч ойлгохгүй. Дэлхий дээгүүр тэнэж гараад гуйлгачин болоод явна. Нөгөө талаас монгол хүний үнэт зүйл гэхээр  төр нь иргэнээ өмгөөлдөг, хамгаалдаг  байх ёстой. Боловсрол, эрүүл, мэнд, амь насыг нь эхлээд хамгаалах хэрэгтэй. Соёлоо хамгаалах хэрэгтэй. Ингэж байж төр үүргээ биелүүлнэ.


 
-Мөнгөний нийгэм тогтлоо. Баян ядуугийн ялгаа их боллоо гээд ярихаар  зарим хүн хувьчлал, таны гаргасан 20 дугаар тогтоол идэж уух гэсэн хүмүүст боломж олгосноос эхлэлтэй гээд шүүмжилдэг юм билээ?
 
-20 дугаар тогтоол гэдэг одоо надад хөгц ханхалсан тогоотой адил санагддаг. Тэр тогтоол баян, ядуугийн  ялгааг нэмээгүй. Тиймээс ингэж ярьж буй хүмүүсээс хөгц ханхлах шиг болдог юм. Манай Засгийн газрын үед өмч хувьчлалыг шийдсэн. Ингэхдээ хуульд үйлдвэр аж ахуйн газрыг хувьчлахад хамт олон нь хувьчилж авах эрхтэй гэсэн заалт оруулсан.
 
Дараагийн Засгийн газар, тухайн үеийн МАХН /МАН/-ынхан  энэ заалтыг хасч байсан. Ингээд эрхийн бичгийн үнийг унагаагаад ирэхээр нэг айл гурван машин авах эрхийн бичгээрээ өрөөсөн гутал ч авч чадахгүй байдалд хүрсэн. Энэ бол тэр үеийн МАХН /МАН/-ын  явуулсан далд явуулга, хуучин нийгэм рүүгээ зүтгэсэн хамгийн том муухай алхам байсан. Одоогийн нийгэмд байгаа тэгш бус байдал түүнээс үүссэн.


 
-Одоо өнөөдрийн сэдэв болж байгаа Эрдэнэт үйлдвэрийн тухайд таны байр суурийг сонирхоё? 

 
-Ч.Сайханбилэгийн Засгийн газар хоёр орны хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг УИХ-аар, магадгүй  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ч  оруулаагүй гэж ойлгож байгаа. Саяхнаас  яриад эхэлж байх шиг. Удахгүй тодорхой болох биз.
 


-Улс төр, нийгэм, төр, засгийн байдал гээд олон сэдвээр ярилаа. Энэ бүхний эцэст Монголын эзийн засагт та ямар онош тавьж байгаа вэ?
 
-Товчхон хэлэхэд, сэхээн амьдруулахад ороод байна. ОУВС-ийн “Стэндбай” хөтөлбөрт хамрагдах асуудал үндсэндээ шийдэгдчихсэн шүү дээ. Хамгийн хүнд асуудал дааж давшгүй өрнөөсөө яаж гарах вэ гэдэг л байна. Энэ асуултад манай төр, засаг хариулт өгч чадахгүй байна.


 
-Манайх дотооддоо ийм байдаг. Гэтэл гаднынхан Монгол  хөгжиж байгаа гэж дүгнэдэг юм билээ. Улс маань уруугаа яваад байгаа нь  юутай холбоотой вэ. Эсвэл манайд улсаа аваад явчих лидер алга уу?
 

-Хөгжиж байна гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Өсөлт бол хөгжил биш. Нэг хүрз нүүрс гаргаж байснаа хоёрыг гаргадаг болчихоор хөгжчихөж байгаа юм биш. 2010 оноос хойш манайхан Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дагуулж төсвөө сэргээсэн. Тэр баялаг бүтээлт биш. 2011 онд Австралид үер болоход Хятад руу нүүрс гаргах экспорт жаахан нэмэгдсэн ч дараа нь унасан.
 
Монголын төрийн одоог хүртэл баримталж ирсэн бодлого Хятад гэж том трактор байна. Түүний араас  зүүсэн банзан чиргүүл дээр байхад болчихно гэсэн ойлголтоор явж ирсэн. Хөгжлийн найрыг хүний трактор, банзан чиргүүл дээр хийхгүй. Монголын эдийн засаг өөрөө хөдөлгүүртэй байх ёстой. Лидерийн хувьд манай Үндсэн хууль бусад улсынхаас өөр. Төр ард түмний гарт байгаа бол ард түмэн төрд ажиллах хүмүүсээ хянах, ажиллах боломжийг олгодог байх ёстой.


 
-Та түрүүнд  дэлхий хурдтай  өөрчлөгдөж байгааг тэмдэглэсэн.  АНУ, ОХУ-ын хооронд дэлхийн III  дайн халуун зэвсэгт хүрч  магадүй  гэлцэх  юм. Узбекистаны Ерөнхийлөгч нас барснаас хойш лалын шашинтай орнуудад  байдал эвгүйдэх  нь  гэлцдэг. Нөхцөл байдал эвгүйдвэл  сүүдэр  нь  манайд яаж тусах бол?
 
-Дэлхий амар тайвангүй бол манайд сүүдэр тусахгүй өнгөрнө гэж үгүй. Дайн сөргөлдөөн болвол бас л сүүдэр тусна. Сэтгэл зовох юм их бий. Бид бордоон дээр байгаа үхэр аятай бүх зүйл хамаагүй гэсэн аятай асуудалд хандаж болохгүй.
 
Би түрүүн хэлсэн, АСЕМ-ын уулзалтаас дэлхий ертөнц түгшүүртэй байна гэсэн дүгнэлт гарч байгаа бол бид адаглаад өөрсдийн  баялгаа зарцуулах, амьдралаа тэтгэхэд хүчээ зангидах ёстой. Төсвөө хэмнэх ёстой. Хүнд нөхцөлд өөрийгөө бэлдэх учиртай. Гэтэл манайх байдлаа ойлгохгүй байна.  Дэлхий ертөнцийн байдлыг хэлэхэд одоо маш хүнд байгаа. Нэртэй эрдэмтэд дэлхийн III дайн эхлээд хэдэн жил болж байна гэж дүгнэдэг. Энэ бол буу зэвсэг агсдаг дайн биш. Цэрэг, улс төрийн сөргөлдөөн, эдийн засгийн, үзэл суртлын, мэдээллийн дайн явж байна. Нөлөө нь Монголд тусч байгаа. Эдийн засгийн бодлого үүнийг харуулж байна. Цаашилбал, Европын байдал хүндэрлээ.
 
Лалын ертөнц тэр чигээрээ босчихлоо. Монгол гурван том соёл, иргэншлийн  уулзварт оршдог. Энд л маш хариуцлагатай байх ёстой. Сөргөлдөөнд орвол махны машинд тээрэмдүүлэхтэй адил. Энэ талаар төр, засгаас, судалгаа шинжилгээний байгууллагуудаас, хэвлэл мэдээллийнхний зүгээс ч маш их зүйл хийх учиртай. Харамсалтай нь их л чимээгүй байх юм даа.


 
-Эцэст нь асуухад Монгол маань хэзээ бүх зүйл нь тэгширч сайхан болох бол?
 
-Монгол  төр  иргэдийнхээ эрх ашигт үйлчилдэг болсон цагт  л сайхан болно.
 
Ч.Үл-Олдох

Зууны мэдээ