Ж.Батсуурь: 90 тэрбумыг сургалтын зээлд зарцуулна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа.

 

-Жилийн таван хувийн хүүтэй сургалтын зээлийг оюутнуудад олгох болж, Сургалтын зээлийн санг байгуулсан. Эх үүсвэрт хэчнээн тэрбум төгрөг суулгасан бэ. Хэчнээн оюутан зээлд хамрагдах боломжтой бол. Шалгуур нөхцөл тавигдаж байгаа юу?

-Энэ оны төсөвт 90 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор Сургалтын зээлийн санд төвлөрүүлэхээр  тооцсон. Шалгуурын тухайд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд баклаврын зэргээр суралцаж байгаа оюутанд сургалтын зээл олгоно. Магистр, докторт хамаарахгүй. Нэгдүгээр курст элссэн оюутанд сургалтын дүн гэж юу байх билээ, бичиг баримтаа бүрдүүлээд сургуулийнхаа нэхэмжлэхээр хандахад л арилжааны банкуудаар дамжуулан сургалтын зээлийг нь шилжүүлнэ. Цаашдаа дэвшээд суралцахаар сурлагын голч дүн нь 2-2.3 хувь байх шалгуур тавигдана. Олон оюутны зээл авах эрхийг нь хязгаарлахгүй байх. Зээлийг дотор нь хүү бууруулах болон богино, урт хугацаатай гэж ангилж байгаа. Хүү бууруулах гэдэг өмнө нь арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч сургалтын төлбөрөө төлсөн бол үүнийг оюутны хөнгөлөлттэй зээлд шилжүүлэх боломж бүрдэж байна гэж ойлгох хэрэгтэй.

Харин богино гэдэг нь нэг жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй зээл байх юм. Өөрөөр хэлбэл, тухайн оюутан нэг жилийн хугацаатай зээл авбал таван хувийн хүүтэй байна гэсэн үг. Мөн ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүй. Урт хугацаатай зээл байж болно. Сургалтын төлбөрийн зориулалтын зээлээ арав хүртэлх жилийн хугацаанд эргэн төлнө. Сургуулиа төгссөнөөс хойш 4-6 жилийн хугацаанд ажил хийж байж зээлээ буцааж төлнө гэсэн үг. Энэ хугацаанд таван хувийн хүүгээ жил бүр төлнө.

Зээлд хэр олон оюутан хамрагдах боломжтой тухайд асууж байна, 100 мянга орчим оюутан суралцдаг гэж тооцвол 70 хувьд нь зээл олгох боломжтой.

Ирэх оны төсөвт 100 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Эхний дөрвөн жилийн хугацаанд Зээлийн сан нь улсын төсвөөс санхүүжигдэнэ, түүнээс хойш эхний төлбөр буцаад төлөгдөөд эхлэх учраас цаашдаа Зээлийн сан өөрөө, өөрийгөө аваад явна.

 

-Нэг өрхөөс гурав болон түүнээс дээш хүүхэд суралцаж байгаа нөхцөлд нэг оюутаных нь төлбөрийг төр даах шийдвэр гарлаа. Шалгуур тавигдаж байгаа юу. Нийт хэчнээн оюутан хамрагдах тооцоо гарсан бол?

-Нэг өрхөөс гурван хүүхэд баклавраар суралцаж байгаа бол нэгийнх нь сургалтын төлбөрийг төр даана. Сурлагын чанар бол хамаарахгүй. Ойролцоогоор жилдээ 1500 орчим хүүхэд хамрагдах боломжтой тооцоо гарсан. Гэхдээ хичээлийн жил болгон тоо бага зэрэг өөрчлөгдөх болов уу.

 

-Сургалтын зээлийг олгоод эхэлсэн үү?

-Монголбанк арилжааны банкуудтай хамтарсан гэрээ хийгээд, Сургалтын төрийн сан дээр зээл авах хүсэлт материал ирээд эхэлсэн учраас олгоод эхэлнэ.

 

-Засгийн газрын тэтгэлгээр гадаадад оюутан сургах тоог шинэ оноос хумих сураг дуулдсан. Хэр хэмжээгээр багасгах вэ?

-Хөдөлгөөгүй шүү дээ, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадад оюутан сургах тогтолцоо үргэлжилнэ гэж ойлгох хэрэгтэй. Гадаадын их дээд сургуульд хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу тухайн орны зардлаар нь оюутнууд үнэ төлбөргүй суралцдаг. Тухайлбал, Туркт жил бүр 75 оюутан сургадаг. Цаашдаа 100 хүргэх боломжтой гэж тооцож байна. Туркээр хязгаарлахгүй хоёр хөршид, мөн Европын орнуудад Япон, Канад, Англи, Америк, БНСУ, Энэтхэг зэрэг олон оронд оюутан суралцаж байна.

 

-Засгийн газрын тэтгэлгээр гадаадад суралцаж байгаа оюутныг Монголд хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр сургаж чадаж байгаа юу, эсвэл тухайн улс орноос тавьж байгаа нөхцөлөөс болоод хязгаарлагддаг уу?

-Тийм мэргэжлээр сургана, ийм мэргэжлээр сургахгүй гэдэг нөхцөл шаардлага тавьдаггүй. Мэдээж иргэн хүний өөрийнх нь хүсэлт гол байр суурь эзэлж таарна. Ер нь бол сүүлийн жилүүдэд залуучууд, эцэг эхчүүд эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг сонирхож, тэр мэргэжлийг эзэмшихийг гол болгодог болсон байна билээ.

Нэг хэсэг инженерийн мэргэжлээр түлхүү суралцах сонирхол байсан бол уул уурхай, барилгын инженер, архитектур мэргэжлээр суралцдаг болсон. Зах зээлийн шаардлага, эрэлт хэрэгцээнд үндэслэж суралцах хандлага их болсон.

 

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилд хэчнээн оюутан гадаадад сургах зорилт тавьсан бэ?

-Оюутны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ гэж заасан.

 

-Их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх асуудал сүүлийн арваад жилд яригдсан ч дорвитой өөрчлөлт гарахгүй байна. МУИС, УБИС эхний хоёр жилдээ дунд сургуулийн хичээл үзэж байна гэх шүүмжлэл дагуулах боллоо. Гэтэл хувийн дунд сургуульд суралцдаг хүүхдүүд их, дээд сургуульд заадаг хичээлийн хөтөлбөрийг хэзээний үзээд судалчихсан байдаг. Ирэх дөрвөн жилд энэ асуудал хэр цэгцрэх юм болоо?

-Дээд боловсрол, тусгай дунд боловсролын сургалтын хөтөлбөр нь олон улсын стандарт жишгээрээ зааг ялгаатай.

Дунд сургуулийн хувьд сонгон суралцаж байгаа гээд математикийг гол болгоод их, дээд сургуульд үздэг хичээлийг заагаад явчих юм бол бас болохгүй. Ерөнхий боловсрол, бүрэн дунд боловсрол олгож байгаа сургалтын хөтөлбөр бол хот хөдөөгүй адил төвшинд, бүх хичээлийг үзэж судлах ёстой. Яагаад гэвэл гадаадын аль ч их, дээд сургуульд элсэн суралцах, дээд боловсрол эзэмших үндсэн суурь нөхцөлийг хангаж өгөх учиртай.

Тэгэхдээ ерөнхий боловсролын сургуульд өөрийнхөө үзэх ёстой хөтөлбөрийг үзэж судлаад хэр зэрэг өндөр төвшинд мэдлэг эзэмшсэн бэ гэдгээс шалтгаалаад дээд сургуулиудын сургалтын чанартаа нөлөөлдөг.

Тийм учраас суурийг нь сайн бэлдэж өгөх шаардлагатай учраас ерөнхий боловсролын сургуулиудын хөтөлбөрийг сайжруулах, сурах бичгийн агуулгыг сайжруулах, багш сурагчдын харьцааг сайжруулах, хичээл дээрээ гар утас хэрэглэхгүй байх, сургалтандаа гол анхаарлаа хандуулах гэх мэтчлэн олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага байгаа.

Цаашдаа ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, зааж байгаа багш нь хичээлийнхээ хөтөлбөрийг аль болох өндөр төвшинд бүх сурагчиддаа эзэмшүүлэхэд онцгой анхаарал хандуулна.

Их, дээд сургуулиудыг оюутан залуучууддаа хүмүүжил төлөвшил олгох, ар гэртэй нь харилцаа холбоо тогтоож, ангийн багштай болгох шаардлага тавигдана.

Бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын чанарыг сайжруулж байж, их, дээд сургуулиудад суралцаж байгаа, мэргэжил эзэмшиж байгаа хүмүүс маань чанартай мэргэжилтэн болж бэлтгэгдэж гарна. Нөгөө талдаа өөрөө чин сэтгэлээсээ суралцах хүсэл эрмэлзэлтэй түүндээ эзэн болж байж үр дүн гарна шүү дээ.

 

-Их, дээд сургуулиуд элсэгчдийнхээ тоог жил бүр нэмж байна. Мөнгө л олж байвал оюутан нь төгсөөд ажилтай байна уу, ажилгүй сууна уу, их, дээд сургуулиудад ер хамаагүй болж хувирч байна. Эрэлт нь ханасан мэргэжил дээр элсэгчдийн тоонд хязгаар тавих уу, цаашдаа?

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай үед ирэх жил тэчнээн мэргэжилтэн хэрэгтэй гэдэг тоо гарч, түүндээ тааруулж, хүмүүсээ бэлтгэдэг байсан. Нийгэм өөрчлөгдсөн учраас боловсролын бодлого үйл ажиллагааны үндсэн зарчим ч өөрчлөгдсөн.

Зах зээлийн тогтолцоогоороо зохицуулагдана. Тийм учраас сургуулийг нь хаана гэдэг ч юм уу, сургах мэргэжилтнийг нь тоогоор хязгаарлана гэдэг бол зах зээлийн нийгэмд байдаггүй зүйл л дээ. Боловсролын байгууллагын үндсэн зарчим бол шал өөр чиг хандлагатай болсон. Хаа, хаанаа ойлгох хэрэгтэй.

 

-Дунд сургууль, цэцэрлэгүүдийн хувьд анги танхимын хүрэлцээ муу, нэг багшид 35-40 хүүхэд ногдсон хэвээр байна. Ийм нөхцөлд багшийг буруутгаж, хүүхдэд хичээлээ зааж чадахгүй байна, ойлгуулж чадахгүй байна гэж буруутгах аргагүй. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?

-Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ зарим хороодод ачаалал нэлээн өндөр байгаа нь үнэн. Улаанбаатар хотын хэмжээнд 36 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Нийслэл болон аймгийн төвийн хэмжээнд анги дүүргэлт улсын дунджаас хоёр дахин их байгаа судалгаа гарсан. Тиймээс анги дүүргэлт хэт их  сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох, гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжийнх болгохыг зорьж байгаа.

Саяхан Засгийн газрын хуралдаанаас 32 сургуулийг өргөтгөх, шинээр барихаар болж Концессын хуулийн дагуу тогтоол гаргасан. Энэ онд бэлтгэлийг нь хангаад ирэх онд эхлүүлэх, болж өгвөл онд нь багтааж дуусгах зорилт тавьж байгаа.

Мөн баригдаж байгаа цэцэрлэгийн барилга 70 гаруй бий, энэ оны эцэс, ирэх оны эхээр ашиглалтад орно. Ирэх жил Япон, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл гээд урьд өмнө нь Концессын хуулиар батлагдсан тогтоолуудаа хэрэгжүүлээд явах юм бол нэлээд олон сургууль, цэцэрлэг шинээр баригдана. Тийм учраас энэ дөрвөн жилд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлнэ, сургууль бүрийг хоёроос илүүгүй ээлжээр хичээллүүлэх зорилтдоо 2020 оны төвшинд бүрэн хэрэгжүүлсэн байх боломж бүрдэж байгаа.

 

-Боловсролын салбарт өр хуримтлагдсан тухай сонсогдсон. Юуны өр юм бол?

-Тийм ээ, манай салбарт өнгөрсөн хугацаанд нэлээд их хэмжээний өр хуримтлагдсан байсан. Сургуулийн өмнөх болоод ерөнхий боловсролын сургуулийн төвшинд хуримтлагдаад байсан өрийг барагдуулсан. Төсвийн тодотголд нийтдээ 17 тэрбум төгрөгийг суулгаснаар салбар өргүй болсон.

 

-Спорт гэдэг том айл танай салбарт харьяалагдах болсон. 2020 оны олимп удахгүй л хаалга тогших байх. Үүнд хэр анхаарал хандуулж байна вэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт спортыг дэмжих, хөгжүүлэх асуудал яаж туссан юм бол?

-Тамирчдын маань дараагийнхаа олимпод бэлтгэх бэлтгэл эхэлсэн байна. 2020 онд Япон улсад олимп болно. Бэлтгэл ажил болгож, Япон улсын зарим мужуудтай хамтын ажиллагаагаа сайжруулахаар ажиллаж байна. Энэ оны сүүлээр тамирчдын бэлтгэлийг хангах гэрээ хэлцэл хийхээр тохиролцсон. Хамтарч ажилладаг зарим мужууд манай тамирчдад спорт цогцолбороо үнэ төлбөргүй ашиглуулах, бэлтгэл хийх зарим зардлыг хариуцах зэргээр хамтран ажиллах юм. Тиймээс ирэх 2020 оны олимпийн бэлтгэлийг одооноос хангаж эхэлжээ гэж ойлгож болно.

Мөрийн хөтөлбөрт  тусгагдсан биеийн тамир, спортыг хөгжүүлэх сан байгуулагдаж байгаа.

Энэхүү сангийн төсөв 2017 оны төсвийг батлахад сууна. Уг сангаар дамжуулан спортыг хөгжүүлэх, багш, дасгалжуулагчдын ур чадварыг сайжруулах, сургалтад хамруулах зэрэг маш олон асуудлыг шийдэх юм. Цаашдаа тамирчид маань олимпоос олон олон медаль хүртэх байх гэж найдаж байна.

 

 

Сэтгүүлч  Г.Дарь