Шуналд автсан бренд

 

"Сэтгэлгээний хямрал" цуврал-04


 
"Бид нас бие гүйцэн ухаажих тусмаа 300$ болон 30$ -ын цаг зүүх нь ямар ч ялгаагүй, цагийн зүү ижил тоо заадгийг, 300$ болон 30$ -ын хэтэвч, ямар ч цүнх хэрэглээд доторхи мөнгөний хэмжээ өөрчлөгдөхгүйг, 30 м\кв байранд амьдраад, 300 м\кв байранд амьдраад ч ганцаардал өөрчлөгдөхгүйг аажмаар анзаарч мэддэг". Энэ дэлхийд буй материаллаг зүйлсээс дотоод сэтгэлийн жинхэнэ аз жаргалыг мэдэрч чадахгүй, харин хамт суун ярилцаж, инээж, дуулж, уйлах аав ээж, ах эгч, анд найз нартай байна гэдэг нь жинхэнэ аз жаргал болохыг ойлгоно. (Фэйсбүүкийн бичлэгээс)
Монголчууд бидний хэр хэмжээнээсээ хэтэрсэн "брендийн өвчлөл"-ийг хууль бус аргаар баяжсан улстөрчид, дарганцаруудын эхнэрүүд, "нууц амраг"-ууд бий болгож, атаархагчид болон зусардагч тэнэгүүд өгдөөн дэвэргэжээ. Энэ солиорол нь жирийн иргэдийн өөртөө таалагдсан энгийн хувцсыг боломжиндоо таацуулан худалдан авч өмсөх "эрх чөлөө" нд хүртэл халдаж, сэтгэл зүйн хувьд дарамт болгон хувиргаж байна. Хүмүүсийг мэдлэг мэргэжил, оюун ухааны чадамж, авьяас билэг ур чадвараар нь бус, өмссөн зүүсэн бренд хувцсаар нь ялгаварлан гадуурхдаг тэнэглэл нь өнөөгийн Монгол дахь эдийн засгийн ч, сэтгэлгээний ч хямралын нэгэн шалтгаан. Бусдад дарамтлуулахгүйн тулд таалагдсан эс таалагдсан, зохисон эс зохисон, хэрэгтэй эс хэрэгтэй үнэтэй брендийн бүтээгдэхүүнүүдийг өр зээл тавиад ч болов авч өмсөхийн донд олон гэр бүлүүд хэрэлдэн маргалдаж, олон бүсгүйчүүд нулимсаараа зовлонгоо зуурч буй. Зохиогүй, таараагүй, дурлаагүй брендүүдийн дотроос өр зээлэндээ шаналсан нүд, өрөөл бусдад гайхуулах гэсэн хуурамч инээмсэглэл, баярхаж жүжиглэсэн ядмагхан царайг анзаарч болно.
Үйлдвэрлэгчдийн бий болгосон бренд бүтээгдэхүүнүүд чанартай, загвар сайтай байх хэрээрээ үнэтэй байх боловч заавал хүн болгон авч өмсөх хуультай ч биш. "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх" зарчмаар хүн болгон өөртөө таарсан, таалагдсан,  биедээ эвтэй ямар ч хувцсыг сонгож өмсөх эрхтэй. Тэглээ гээд хэн нэгэнд гадуурхагдах ёсгүй. Хэрэв хүний өмссөн хувцас, зүүлт сэлт, эдэлж хэрэглэж байгаа хэрэглэлээр нь ялгаварлан гадуурхаж байгаа бол энэ нь гэмт хэрэг. Гэтэл монголчууд бид яагаад брендийн солиорлоор бие биенээ гадуурхаж байгаа юм бол? Олон олон гэр бүлүүдийн өр зээлүүдийн шалтгааныг эндээс олж болно. Бренд бүтээгдэхүүн хэрэглээгүй гээд оюун ухаан нь самуурлаа юу? мэдлэг чадвар нь дутлаа юу? авьяас билэг нь мөхлөө юу? Монголчууд бидний энэ тэнэглэл, солиорол, галзуурал тань бидний үр хүүхдүүдэд "халдварлаж", дунд , дээд сургуулиудын хэмжээнд ялгаварлан гадуурхлыг бий болгон, ядруухан багш нарын амь зогоох "авилгал"-ын шалтгаан нь болж буй. Харин бид харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг хажуугаар нь хяламхийн өнгөрч, өөр хоорондоо л шивэр авир хийн халаглана. Бид амт нь гашуун ч, цаас нь гоёмсог чихрийг худалдан авч байгаатай адил.
Өөрийн хэр хэмжээнээс давсан бренд хувцас, бренд машин, бренд хэрэглээнд шунасан шуналын өрсөлдөөн нь монголчууд биднийг эдийн засгийн хувьд ч сэтгэлгээний хувьд ч асар ихээр доройтуулж байна. Брендийн шуналаа гүйцэлдүүлэхийн тулд хууль бусаар хулгайлж, бусдыг луйвардаж, биеэ үнэлж, өөрсдийн мөн чанараа худалдацгааж байна. Үгүй гэж үү? Эргэн тойрноо хар даа. Мобикомын 9911.... тэй дугаарыг хэдэн арван саяар, азын тоотой машины дугаарыг хэдэн арван саяар үнэлж бие биедээ гайхуулдаг тэнэглэл Монголоос минь өөр оронд бий гэж үү? 9911... дугаартай утсаар харь гариг руу ярих уу? азын тоотой дугаартай машинаар тэнгэрт нисэх үү? Бид зүгээр л өөрсдийн мөн чанараа алдаж, өнгө мөнгөний боол болон хувирцгааж байна. Харамсалтай биш гэж үү? Бид өөр хоорондоо шал тэнэг зүйлээр өрсөлдөцгөөж, өөр бусад үндэстэнгүүдийн элэг доог болж буйгаа анхаарах ч сөхөөгүй. Зүгээр л өөрсдийнхөөрөө амьдарцгаая л даа монголчууд аа. Өөрийнхөөрөө цэвэрхэн хувцаслаж, гар утас, машин, орон сууцаа "хэрэглээ" хэмээн тооцож, өөрсдийн оюун сэтгэлгээ, хөгжил дэвшилдээ анхаарах цаг болжээ. "Бренд хэрэглэсэнгүй" гэж ялгаварлан гадуурхаж буй тэнэгүүд рүү зүгээр л нулимж орхи. Өөрийнхөөрөө амьдарч сураа. "Алтан шаахай углавч алцан майга нь хэвээрээ" гэдэг зүйрлэл байдаг даа.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах