Б.Жавхлан: Ирэх дөрвөн жилд тогтолцооны шинэчлэл хийх хамгийн тохиромжтой үе

 

- УИХ-ын гишүүн Б.Жавхлантай цаг үеийн асуудлаар ярилцлаа -

 

-2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ бол ирэх дөрвөн жилийн хугацаанд хямралаас гарч чадах, эсэхэд хариулт өгөх хариуцлагатай төсөв. Та Засгийн газар хэр чамбай төсвийн төсөл өргөн барьсан гэж бодож байгаа вэ?

-Энэ оны төсөвт тодотгол хийхдээ төсвийн алдагдлыг 18 хувь байхаар баталсан. Харин ирэх оны төсвийн төсөлд 9.9, 2018 онд найман хувь, 2019 онд 5.5 хувь байхаар шат дараатай төсвийн алдагдлаа бууруулах төсөөлөл, төлөвлөгөөг Засгийн газар оруулж ирсэн. Энэ жил төсвийн алдагдал 18 хувь байхыг ирэх жил 9.9 хувь болгохоор оруулж ирсэн нь нэлээн боломжтой төсөөлөл гэж бодож байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч үүнийг зөвшөөрөх байх гэж бодож байна. Гэхдээ ирэх жил төсвийн алдагдал 9.9 хувь байна гээд баталбал үүнийгээ биелүүлэх нь л чухал. Төсвийн алдагдлаа төлөвлөсөн хэмжээндээ барьж чадвал бидний хамгийн эхний сайн үзүүлэлт. Төсвийг хэмнэлттэй батлах ёстой гэдэг. Хэмнэлт хийх нь зөв л дөө. Гэхдээ хөрөнгө оруулалтаа хэмнэнэ гээд бүх хөрөнгө оруулалтаа таначихаж болохгүй. Хөгжлийн чиг баримжаатай, хувийн сектрүүдээ дэмжсэн, хувийн салбарынхны орлогыг нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалтуудыг зайлшгүй хийх шаардлагатай. Харин төсөв данхайлгах хөрөнгө оруулалтуудыг хойш тавих хэрэгтэй. Энэ жилийн төсөв цаашид эдийн засаг ямар байх вэ гэдгийг тодорхойлох суурь болно. Эхний хоёр, гурван жилд эдийн засгийн идэвхижлийг сэргээх, уналтыг нь тогтворжуулах, цаашилбал эдийн засгийн өсөлтийн суурийг бий болгох чухал ач холбогдолтой дөрвөн жилийн гарааны төсөв, мөнгөний бодлого учраас маш хариуцлагатай байх хэрэгтэй.

 

-Төсвийн алдагдал өндөр байгаагийн хэрээр төсвийн орлогоо нэмэгдүүлэх ёстой. Засгийн газар 2016 оны төсвийн тодотголыг өргөн барихдаа татвар нэмж, орлого нэмэгдүүлэх санал оруулж ирсэн ч УИХ дэмжээгүй. Ирэх онд төсвийн орлогоо нэмэгдүүлэх ямар саналууд оруулж ирсэн бэ?

-Төсвийн орлогоо нэмэгдүүлж чадаж байна уу гээд харахаар бас асуудал байна. Төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх тал дээр хүндрэлтэй зүйлүүд байна. Харин зардал тал дээр өрийн эргэн төлөлтийн менежментийн асуудал байна. 2017, 2018 онд Чингис, Самүрай бондын эргэн төлөлт хийнэ. Энэ бүхнийг төлөх менежметийн асуудлыг боловсронгуй болгох хэрэгтэй. Ер нь Сангийн яамнаас оруулж ирсэн төсвийн төсөлд орлогоо нэлээн дайчилж, шавхсан байна. Гэхдээ бас өшөө боломжууд байна. Тухайлбал, Засгийн газрын өмнө нь олгосон зээлээ оруулах боломжтой. Засгийн газраас явуулж байсан хөнгөлөлттэй олон зээл, хөтөлбөр бий. Мөн 2008, 2009 онд зарим нэг банк дампуурсантай холбоотойгоор үүссэн авлага байгаа. Эдгээр авлагаа авбал тодорхой хэмжээний орлого нэмэгдүүлэх боломжтой.

 

-2018 оны нэгдүгээр сард Чингис бондын 500 сая ам.долларын эхний төлөлтийг хийнэ. Тиймээс үүний санхүүжилтийг төсөвт суулгах ёстой гэж Монголбанкны ерөнхийлөгч хэлсэн. Үүнийг ирэх оны төсөвт суулгахаар төсвийн алдагдал бүр нэмэгдэх юм биш үү?

-2018 оны нэгдүгээр сард Чингис бондын 500 сая ам.долларын эхний төлбөрийг хийнэ. Тиймээс үүний санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах хэрэгтэй. Засгийн газрын өргөн барьсан төсвийн төсөлд энэ зээлийн эргэн төлөлтийн санхүүжилтийг суулгаагүй. Төсвийн төсөл хэлэлцэх сарын хугацаанд энэ асуудлыг хэлэлцэх байх. 500 сая ам.доллар гэхээр нэг их наяд гаруй төгрөг шаардлагатай гэсэн үг. Энэ мэтчилэн ярилцах асуудлууд байгаа.

 

-2017 оны төсвийг ирэх дөрвөн жилийн ажлын эхлэл гэж та хэллээ. Гэтэл төсөв, мөнгөний бодлого нь уялдаагүй байна. Засгийн газар, Монголбанк хоёр нь ямар ч харилцаагүй ажиллаж байна гэсэн шүүмжлэл байгаа. Ер нь төсөв, мөнгөний бодлого хоёр уялдаж чадсан уу?

-Төсөв, мөнгөний бодлого ямар цэг дээр очиж уялддаг юм бэ гэдгийг зөв томьёолох хэрэгтэй. Энэ жил инфляци бага төвшинд байгаа учраас төв банк мөнгөнийхөө бодлогыг зөөлрүүлэх зорилготой байгаа. Гэтэл ийм боломж гарч ирэхгүй байна. Яагаад гэвэл валютын ханш өндөр, төлбөрийн тэнцэл, төсөв алдагдалтай байгаа үед төсвийн алдагдлыг бууруулах замаар хос алдагдлын эрсдэлийг макро төвшинд нийцтэй байх зорилго руу явах ёстой. Төсөв, мөнгөний бодлогын уялдааны цэг гэдэг нь энэ. Мөнгөний бодлого, төсөв хоёрыг зэрэг хэлэлцэж байх үед төсвийн алдагдал 9.9 хувьдаа байж чадвал болж байна.

 

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэлэлцээр хийж байна. Олон улсын валютын сангийнхан манай улсад ажиллаж байна. Энэ хөтөлбөрт хамрагдах нь зөв үү?

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн Олон улсын валютын сангийхантай уулзаад ирлээ. Ирээд хийсэн мэдэгдэлд маш чухал ач холбогдолтой нэг зүйл байгаа. Сангийн яамнаас ирэх гурван жилийн төсвийн төсөөллөө Олон улсын валютын санд танилцуулсан гэж байна. Үүнийг ОУВС-гийнхан нэлээд нааштай хүлээж авсан гэсэн. Энэ бол их чухал байр суурь. Одоо ОУВС-гийн багийнхан манай улсад ажиллаж байна. Мөн зээлжих зэрэглэлийг тогтоох агентлагууд ажиллаад эхэлсэн. Ер нь “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тийм сайн сонголт биш. Гэхдээ энэ удаагийн эдийн засгийн нөхцөл байдал гарцаагүй хэлэлцээрийн төвшинд аваачлаа. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан улс орнууд макро эдийн засгийн бодлогын шийдвэр дээрээ хараат, бие даасан төлөвшил тал дээрээ муу үнэлгээ авдаг. Ерөнхийдөө өөрсдөө асуудлаа шийдэж чадахгүй, төсөв нь алдагдалтай, төсөв мөнгөний бодлого нь хоорондоо уялддаггүй гэдэг шүүмжлэл дагуулдаг. Гэхдээ өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас нөхцлүүдээ сайн тохироод “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахас өөр аргагүй байна. Одоо ОУВС-гийн багийнхан ажиллаад манай улсын эдийн засагт үнэлгээ, дүгнэлт өгнө. Сангийн яам, төв банк өөрсдийнхөө бодлогын төвшинд ОУВС-тай гарааны хэлэлцээр хийсэн. УИХ дээр хараахан танилцуулаагүй байна.

 

-УИХ-ын дарга БНХАУ-д айлчлах үеэрээ Хятадаас хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл авахаар тохиролцсон гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?

-Хятадаас зээл авах, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хоёр сонголт байгаа гэж ярьж байна. Энэ хоёр бие биеэ нөхөх эсвэл аль нэгийг нь авах хоорондоо ямар ч хамааралгүй зүйл биш гэж бодож байна. Хоёулаа зээл боловч “Стэнд бай” хөтөлбөрийн зээл нь бодлогын нөхцөлтэй богино хугацааны зээл. 1-2 жилийн хугацаатай байдаг. Харин Хятадаас авахаар ярьж байгаа зээл нь бага хүүтэй урт хугацаатай, хөрөнгө оруулалтын шинжтэй, бизнесийн агуулгатай зээл. Тиймээс эхний ээлжид “Стэнд бай” хөтөлбөртөө ороод амсхийж аваад, төсөв мөнгөний бодлого хоёроо уялдуулсны дараа дараагийн зээлүүдийг авах боломж бүрдэнэ. Гэхдээ “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсаны дараа үргэлжлүүлээд яах вэ гэдгээ одоооноос бодох хэрэгтэй.

 

-“Стэнд бай” хөтөлбөрөөс яг хэдий хэмжээний зээл ямар үе шаттайгаар авах вэ. 1.5 тэрбум ам.долларын зээл авна гэж яриад байгаа нь үнэн үү?

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах талаар манай улс гурав дахь удаагаа ярьж байна. 1.5 тэрбум ам.доллар гэдэг бол гурван их наяд төгрөг. Энэ нь манай эдийн засагт дутагдаж байгаа мөнгөний гуравны нэг нь гэсэн үг. Гэхдээ хэмжээ чухал биш. Хамгийн гол нь хэлэлцээрээ зөв хийгээд, зээлээ зөв ашиглаад богино хугацаанд хүндэрлээс гарах нь л чухал юм.

 

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдлаа гэхэд яг ямар салбаруудад зарцуулах вэ. Ганцхан өрөө төлөөд л дуусах юм уу?

-Ерөөсөө л 2017, 2018 оны төсөвт шаардлагатай нэмэлт санхүүжилт болох юм. Нэг үгээр хэлбэл, төсвийн алдагдлыг нөхөх л санхүүжилт.

 

-Хэрвээ “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал Япон улс тусална гэсэн байр суурь илэрхийлсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Мөн Хятадаас зээл авбал “Стэнд бай”-д хамрагдах боломжгүй болно ч гэсэн мэдээлэл гараад байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Олон улсын валютын сангийн үйл ажиллагаа гишүүн орнуудынх нь хооронд явагддаг. Япон улс бол ОУВС-гийн гол санхүүжүүлэгч. Тиймээс ОУВС, Япон улс хэн хэнийхээ байр суурийг сонсох нь гарцаагүй. Япон улс манайд туслах сонирхол байгаа ч, ОУВС-гаас манай улсын эдийн засагт өгөх дүгнэлт чухал. БНХАУ-ын тухайд ч ялгаагүй. Саяхан ОУВС- гийн багцад БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт багтсан. Энэ хэмжээгээр Хятадын нөлөө ихсэнэ гэсэн үг. Тиймээс Хятадаас авах зээлэнд ч ОУВС-гийн дүгнэлт чухал хэмжүүр болно. Харин ч “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал Хятад улс манай улсад зээл өгөх илүү итгэлтэй болох байх.

 

-Мөн Азийн хөгжлийн банк болон “JICA”-гаас хоёр тэрбум ам.долларын зээл авах талаар ярьж байгаа гэсэн, энэ үнэн үү?

-Энэ их олон жил ярьж байгаа асуудал. Одоогоор шийдэгдээгүй байна.

 

-Гаднын банк оруулж ирэх асуудлыг сүүлийн үед ярьж байна. Ер нь гаднын банк оруулж ирэх нь зөв үү?

-Гаднын банкны салбар нээх тухайд бол энэ нь тогтолцооны шинжтэй асуудал. 1990 оноос хойш бид хөрөнгийн зах зээл, үнэт цаас, даатгалын зах зээл буюу банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх гэж нэлээд хүчин зүтгэсэн. Гэсэн хэдий ч өнөөдөр эдийн засгийн өсөлт, хувийн секторуудын өсөлтийн хэрэгцээг хангаж чадахгүй тийм цэгт хүрээд байна. Санхүүгийн зах зээлийн 95 хувьд нь банк ажиллаж, үлдсэн таван хувьд нь банкнаас гадуурхи санхүүгийн байгууллагууд ажиллаж байна. Тиймээс санхүүгийн зах зээлийг нээлтэй болгох хэрэгтэй. Нээлттэй болгож байна гээд дотоодын банкны зах зээлийг хямрааж болохгүй. Тиймээс тодорхой зохицуулалтыг хийх боломжтой. Тухайлбал, манай банкуудын гол өрсөлддөг хадгаламжийн зах зээл дээр банкууд орж ирж, хадгаламжийн хүүг өсгөж, жижиг зах зээлийг булаацалдахгүй байх гэдэг ч юм уу зохицуулалт хийх хэрэгтэй. Харин эсэргээрээ банкуудад банкны зах зээл дээр эх үүсвэр нийлүүлэх боломж нээж өгч болно. Гаднын банк оруулж ирнэ гэхээр ганцхан “Bank of China” гэж яриад байдаг. Гэтэл хэдэн зуун олон улсын банк байна. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. 2011, 2012 онд эдийн засгийн өндөр өсөлттэй байх үед ч гаднын банкууд манай улсад орж ирэх сонирхолтой байсан. Гэтэл одоо бол байдал өөрчлөгдсөн. Тиймээс санхүүгийн зах зээлээ нээлттэй болгож байна гэсэн төрийн мессэж нь гаднын хөрөнгө оруулагчдад их чухал байна. Ганцхан банк биш хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын банкууд гээд маш олон институт байгаа. Тэдэнд нээлттэй болж байна гэдгийг ойлгуулж, уриалан дуудах хэрэгтэй.

 

-Төсөв мөнгөний бодлогоо хариуцлагатай батлах ёстой гэж байна. Мөн олон төрлийн зээл авахаар ярьж байна. Гэхдээ ганцхан жилийн төсвөө сайн баталж, гаднаас зээл авлаа гээд эдийн засаг сайжрахгүй. Ямар бодлого хэрэгжүүлбэл эдийн засгийн хямралыг хурдан хугацаанд даван туулах боломжтой вэ.

-Хямралыг зөвхөн мөнгөний бодлого, төсөв, зээл аваад давна гэж байхгүй. Бид тогтолцоогоо, системээ өөрчлөх шаардлагатай. Хамгийн түрүүнд төсөв, мөнгөний бодлогоо дунд, урт хугацаанд тогтмол, тогтвортой, уялдаатай байлгах нь чухал байна. Бид гаднын хөрөнгө оруулагч нарыг таатай орчинд урина гээд байдаг. Түүнээс илүүтэйгээр дунд, урт хугацаанд тогтмол, тогтвортой, уялдаатай байлгах нь чухал байна. Бид гаднын хөрөнгө оруулагч нарыг таатай орчинд урина гээд байдаг. Түүнээс илүүтэйгээр санхүүгийн тодорхой, тогтвортой байдал чухал. Мөн улс төрийн тогтвортой байдал чухал байна. Бодлого нь хоорондоо уялдаатай, хуулиуд нь тогтвортой, Засгийн газрын бүтэц нь тогтвортой байдлыг гаднын хөрөнгө оруулагч нарыг урих хэрэгтэй. Ирэх дөрвөн жилийг системийн өөрчлөлт, шинэчлэлт хийх ёстой хугацаа гэж үзэж байгаа. Ард түмэн энэ даалгаварыг өгөөд нэг улс төрийн хүчинд бүхэл бүтэн 65 суудал өглөө шүү дээ. Парламентад улс төрийн хүчнүүд ойролцоо суудалтай тохиолдолд өөрчлөлт, шинэчлэлт хийж болдоггүй. Тиймээс нэгэнт МАН 65 суудал авсан байгаа ард түмнийхээ итгэлийг хүлээгээд тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай.

 

 

 Лхагважаргал ОДОНЧИМЭГ

Эх сурвалж: Itoim.mn сайт