”Бурзай, бурзай” гэж бичээд та баян болохгүй !!!

 

Сүүлийн үед цахим ертөнцөд “Бурзай, бурзай, Итгэмээргүй юм би үүнийг шэйрлээд мөнгөтэй болчихлоо, Та бас шэйр хийгээрэй, Та харангуутаа шэйрлэвэл мөнгөтэй болно” Гэх постууд газар авсан. Бараг л хүн бүр иймэрхүү зүйлд итгэж, шэйрлэдэг болсон гэхэд хилсдэхгүй. Арга ч үгүй биз. Эдийн засгийн хямрал газар авч, иргэдийн амьдрал туйлдсан учраас иймэрхүү зүйлд итгэж, азанд найддаг болсон. Гэтэл үүний цаана цахим хуудасныхаа лайкыг өсгөх гэсэн хүмүүс тэдний сэтгэхүйгээр тоглож байдаг.

Өөрөөр хэлбэл, бид “нээрээ мөнгөтэй болчих болов уу гэж” “сохор” азанд итгэж тухайн постыг нь шэйрлэснээр өөрийгөө бус өөрийн тань сэтгэл зүйгээр тоглож, хуурамч пост оруулж байгаа хүнийг мөнгөжүүлдэг.

Харин жиргээнд залуухан охид бүсгүйчүүдийн зурагтай хаяг нээж охидуудын хагас нүцгэн зураг оруулах, эсвэл +18-аас дээш яриагаар жиргээчдийг татан дагагчдаа өсгөдөг.

Хэрэв та анзаарсан бол зарын сайтуудаар тэдэн мянган дагагчтай хаяг, дал гаруй мянган дагагчтай хаяг гэх мэд олон дагагчтай хаягууд зарна гэсэн зар их явж байдаг. Энэ хаягуудын цөөн хэд нь дагагчаа автоматаар нэмэгдүүлдэг бол ихэнх нь дагагчаа иймэрхүү байдлаар нэмэгдүүлж, хэрэгтэй хүн болон байгууллагад зарж мөнгө олдог байна.

Зарим хүмүүс үүнийг уншаад “Ямар сонин юм бэ, би шэйрлээд мөнгөтэй болсон” гэж бодож магадгүй. Гэхдээ бид энэ талаар судалж, иймэрхүү зүйлд итгэдэг хүмүүстэй ярилцаж үзсэн. Тэднээс “Үүнийг шэйрлээд мөнгөтэй болсон уу” гэхэд, ихэнх нь “Мэдэхгүй мөнгө орж ирдэг юм байх гэж бодоод л шэйр хийсэн. Одоогоор мэдэгдсэн юм алга” гэж хариулсан. Харин цөөн хэд нь “Үнэн юм шиг байна лээ. Ирэх ёстой мөнгө хурдан ороод ирсэн, тооцоолоогүй мөнгө гэнэт орж ирсэн” гэх хариултыг өгсөн юм.

Гэхдээ би дээрх цөөн хэдэн хүмүүст мөнгө орж ирэхэд “Бурзай, бурзай” гэсэн пост нөлөөлсөн гэж бодохгүй байна. Зүгээр л тухайн хүнд орж ирэх ёстой мөнгө нь л орж ирсэн байх. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа нь л тэгж таарсан гэсэн үг юм.

Мөн тухайн постыг шэйрлэж байгаа хүмүүсийн дийлэнх нь Монголын маань ирээдүй болсон залуучууд байгаа нь харамсалтай. Өнөөдөр ид хийж бүтээх насандаа яваа залуу хүн “Бурзай” хэмээн биччихээд “Үүнийг шэйр хийвэл үнэхээр мөнгө дууддаг юм байна. Энэ зургийг шэйр хийхгүй бол хэдэн жилдээ хэтэвч чинь мөнгөгүй байх болно. Бурзай, бурзай, бурзай” хэмээн бичицгээж байгаа нь сүүлийн үеийн залуучууд ямар залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болсныг харуулж байгаа байна.