Сэтгүүлч Г.Золжаргал: СОЛОНГОС КИНО хэрэгтэй

 

Өнөөдрийг хүртэл дэлхийг байлдан дагуулсан Солонгос савангийн дуурийн талаар мэргэжлийн салбарынхан нь дуугарч байсангүй. Сайн муу дээр талцдаг ч орой болохоор бүгд киногоо тухлан үздэг зуршилтай болоод байгаа. Тэгвэл МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал Солонгос киноны талаар жинтэй дуугарчээ. Бараг л амьдрал нь телевизийн урлагийн түүх гэж хэлж болох энэ хүний үгийг бид хүргэж байна.

...Намайг хойно сургууль төгссөн болохоор Базарсад гуай итгэж Орбитын программ орчуулсанаа шалгуулдаг байв. Энэ ах манай программ төлөвлөлтийн хэлтэст төлөвлөгч байсан юм. Миний шалгах гэж юу байхав, хааяа нэг киноны нэр ус тэрхнийг харна. Тэр үед Зөвлөлтийн Төв телевизээс өөр нүд тайлж үзэх юм байгаагүй. Долоо хоног бүрийн тав дахь өдөр дараа долоо хоногт гарах Оросын телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөр телетайпын аппаратаар манайд орж ирнэ,тэрнийг бүхэлд нь орчуулж сонинд өгөхөд бэлдэнэ. Ажил яваандаа гарт ордог болохоор удалгүй тэрнийг би хийдэг болж билээ. 

1987 оны сүүлчээр оросууд анх удаа гадаадын олон ангит кино гаргаж эхэлсэн. Энэ бол ил тод байдал Горбачёвыг өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэж эхэлсэнтэй холбоотой. Нийгэм улс төрийн сэдэвтэй хурц хурц баримтат киног Орбитаас хуулж авч хэдүүлээ орчуулаад дор дор нь үзүүлнэ. 
Тэр үед оросууд Мексикийн олон ангит уран сайхны "Богатые тоже плачут" гэдэг киног анх гаргав. Базарсад гуай программ бариад над руу ойртож энэнийг юу гэж орчуулах вэ гэхэд нь "Баян хүнийг балаг ч тойрохгүй" гээд хэлсэн нь мань хүн М.Чойжил даргад нэг үзүүлээд болно гэснээр Оросын төв телевизийн тэр киног монголчууд анх давхар үзэж эхэлсэн. Гуравдагч орны олон ангит киног анх үзсэн түүх гэвэл энэ л байх. Энэ кино дуусаад удалгүй "Изаура" гэж бас олон ангит кино гарч билээ. Манай телевиз явж явж 95 онд анх удаа Венесуэлийн "Халтар царайт" киногоор гадаадын сериал эхлүүлжээ. Тэрч ёстой дуулиантай байсан шүү. Хот сөнөсөн юм шиг анир чимээгүй, эзгүй болж байв. 

90 ээд оны эхэнд "Улаанбаатар телевиз "харин 96 оноос "Ийгл" телевиз өдөр тутмын нэвтрүүлэгтэй болж эхэлсэн. Ингэж Монголд олон телевиз хөгжих эхлэл тавигджээ. 

Би энд дотоодод хийсэн олон ангит киноны түүх ярихгүй ээ.

Харин телевизээр үзүүлдэг юмны юу юу нь чухал вэ ,энэ дотроос олон ангит кино ямар ач холбогдолтойн тухай товчхон саналаа хэлнэ. Телевизийн тухай ярихад хэрэв дотоод ажил руу нь орвол Программ төлөвлөлт, түүний эхэнд бодлого тодорхойлолт гэж мангас шиг аймаар том асуудал нуугдаж байдаг. Аль ч улсад телевиз нь өргөн нэвтрүүлэг цацаж эхлэх цагаас л юу үзүүлэх вэ гэсэн асуудал босч ирнэ. Энэ бол телевиз үүсгэн байгуулагсдын нэг нойморын асуудал. Яах гэж байгуулсан, хэнд юу үзүүлэх ёстой бэ гээд. Улс төр,эдийн засаг, соёл урлаг, спорт, байгаль дэлхий, шинжлэх ухаан, шашин мэдээлэл, бизнесс гээд бүгд телевизийн бодлогын суурь асуудлууд. Одоо бүр энэ чиглэлээр төрөлжиж дагнасан хэлбэрээр телевиз хөгжиж байна. Гэвч бүгдэд нь хэрэгтэй нэг л юм бий. Энэ бол кино. Киногүй телевиз тун ховор. Хэрэв кино гардаггүй бол телевиз байгаад яадаг юм гэсэн асуулт босч ирнэ.

Оросын телевиз манай үзэгчдийг гуравдагч орны олон ангит киноны амтанд оруулсан 80 аад он шувтарч 90-ээд он гарахад манай улсад "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдлын тухай хууль" хэдийнэ гарчихсан, мэдээллийн хэрэгсэл хувьчлагдаж анх удаа хувийн арилжааны телевизүүд хэд хэдээр байгуулагдаж эхэлсэн байв. "Ийгл" телевизэд Программын бодлого боловсуруулж хэрэгжүүлэхэд амар байсан байх. Нэгд, хөрөнгө оруулагч нь далайн чанадаас, тэгэх мөртлөө шашны суртал нэвтрүүлгийн бодлоготой, харин хавсраад мэдээ бэлтгэх л зорилготой байлаа. Нөгөө "Улаанбаатар" болон "25-р суваг" телевизүүд амаргүй эхэлсэн. Улсын хэмжээний ах телевиз нь дэргэд нь данхайгаад байж л байдаг. Зэрэгцээд өрсөлдье гэхэд олон юман дээр хүч дутах. Наанадаж суурь архив байхгүй, боловсон хүчин хангалттай биш гээд зөндөө асуудалтай. Гэвч шантраагүй. Телевиз байгуулж өргөн нэвтрүүлэг эхлүүлэх үнэхээр амаргүй. Программ оршин тогтнож нэвтрүүлэг явуулахад хоёр үндсэн тулгуур байна. Нэгд мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, хоёрт кино. "Улаанбаатар телевиз" тэр үед их зориг гаргаж үндэсний олон ангит анхны кино хийсэн. Энэ бол "Эзэнгүй айл" Гэвч энэ нь хоёрхон долоо хоног гараад дуусах хэмжээний цөөхөн ангитай байсан. Үндэсний Телевиз 1968 оноос хойш Зөвлөлт болон социалист 9 орноос жил бүр олон ангит кино авч байсан учир овоо хадгаламжтай, тулж гал алдах явдал харьцангуй бага байв. Гэвч нийгэм орвонгоороо эргэж өөр нийгэм байгуулах болсон тул коммунист үзэл сурталтай кинонууд зоримжгүй болжээ. Хэдий тийм ч гаргаад л байв. 1997 онд 25-р суваг "Хуан Жу Гэг" Тайваны олон ангит кино үзүүлж үзэгчдийг байлдан дагуулж ирэхэд бусад телевиз ийм кино олж гаргахын чухлыг ойлгосон. Бид ч эндээ Программд ярилцаж яах вэ л гэж тал тал тийш сураг тавьж байв. "Халтар царайт"- аасаа" дутахгүй сайн кино яаж олох бэ гэж толгой гашилгаж байсан. Америкийн "World event pictures" компанийн олон ангит "Сансрын хамгаалагч Вольтрон" гарч хүүхэд залуучуудыг хэсэг байлдан дагуулсан байх. Энэ бол 97 он. тэгээд яалаа. Америкийн хулгайн кинонууд цувж эхэлсэн. Тэр үед энийг тоодоггүй, зохиогчийн эрхийн хуулийн тухай ярьдагчгүй байж. Өнөө Зөвлөлтийн хүчирхэг том төв телевиз гэж байхаа больж "Останкины Нэгдүгээр суваг" бусад нь" Россия" гэж дотроо гурван сувагтай өөр телевиз болон хуваагдав. Мөн "Рен ТВ"," НТВ" гэж арилжааны шинэ шинэ сувгууд гарч ирэв. Харин Мексик кино аажим үзэгдэхээ больж эхэлсэн.

Японы NHK телевиз манайтай холбоо сүлбээгээ бэхжүүлэв. Анх "Ошин" гэдэг олон ангит кино бэлэглэсэн. Ошины дараа "Сузуран" гарсан. Кино үнэхээр бэрх байлаа. Ер нь цаг үргэлж бэрх байсан. Шинэ телевизүүд кино яаж олох вэ гэсэн нэг л толгойны өвчтэй явсан биз ээ. Манай стратеги төлөвлөтөд гадаад орнуудаас олон ангит кино худалдаж авах тухай асуудал үе үедээ байсан ч дорвитой шийдсэн юм байгаагүй. гадаад зах зээлд орж чадахгүй явсан болов уу гэж бодогддог. Манай Телевиз олон жил Прагад төвтэй социалист орнуудын "Интервидени" байгуулагын гишүүн байсан. Гэвч 91 онд энэ байгуулалаг үндсээрээ байхгүй болсон. Манайхны харах зүг Ази боллоо. Ази тив маань өөрөө "Ази номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо" гэсэн байгууллагатай. Энэ байгууллагынхаа гишүүнээр их хожим элссэн юмдаг. Тэглээ гээд телевизийн олон ангит кино авах асуудал нэг мөр шийдэгдээгүй..Урд гарсан чихнээс хойно гарсан эвэр урт гэдэг. Шинэ залуу телевизүүд 2000 оноос эхлэн Солонгос кино гаргаж эхэллээ. Санаж байна.Аарилжааны нэг телевизээр "Өвлийн хайрын дууль" гэж кино гарсан даруйдаа л байлдан дагуулсан. Солонгосын соёлын байлдан дагуулалтын их аян 90-ээд оны сүүлчээр тэр улсын алсын хараатай эхэлсэн төрийн бодлого байжээ.Асар их хүчээр наашаа чиглэсэн байв. Гэхдээ яг Монголыг гэж албан ёсоор онилоогүй. Манайхан хаа явсан газраасаа юм шүүрч босдог овсгоотой. Хямд үнэтэй юм шүүрээд авсан нь монгол мэт жижиг жараахай тэдний торонд өөрөө явж орсон хэрэг болжээ. 2003 он гэхэд Солонгосын олон ангит киног хоёр сая төгрөгөөр нийлүүлдэг хэсэг ченжүүд хэдийн бий болсон тухай дуулдаж байв. Түүнээс хойш хэний ч зохицуулалтгүй хар аяндаа бий болсон энэ явц жижиг монголыг бүрхэж, шинээр байгуулагдсан телевиз болгон нэвтрүүлэг бэлдээд бэлдээд дийлдэггүй их цагаа нөхөж Солонгос драмаар бөглөв. Эхэндээ дасахгүй аягүй харж байв. Яахав залуусын хайр сэтгэл,гэр бүлийн явдал өвчин зовлонд нэрвэгдсэн хэцүү асуудлыг өрөвдөөд үйл явдалд нь ордог л байв. 

Нэг мэдсэн 15 жил өнгөрчээ. Арван таван жил тасралтгүй Солонгос кино үзнэ гэдэг нэг бодлын бахархмаарч нөгөө бодлын аймшигтай. Дэлхийн улс орнууд ялангуяа Төв болон зүүн Азийн улс орон "Кореа мания"-д өөрөөр хэлбэл Солонгос соёлын довтолгоонд автахгүйн тулд сөрөг арга хэмжээнд оров. Ядаж байхад залуусыг уургалсан" К-поп" гараад ирсэн.Энэ ч бүр Америкийг байлдан дагуулах шахав. Олон улс хууль боловсруулж эхэлсэн. 

Телевиз бүр өдөр тутамдаа 16-22 цагийн өргөн нэвтрүүлэг цацаж байна. Гурван сая хүн амтай улсад ийм олон телевиз өдөр тутмын 18 цагийг дүүргэнэ гэдэг яаж ч бодоод бодын шийр дөрөв . Алив өргөн нэвтрүүлэгтэй телевизийн Программд кино 29 хувь эзэлж байж цаг нь зохистой бөглөрдөг. Өдөрт 6 шинэ нэвтрүүлэг явуулбал их юм. Сондгой тоотой цаг бүхэнд арван минутын мэдээ явуулаад явуулаад тал өдрийн талын талд ч хүрэхгүй. Манайхны хүчин чадал мэдээлэх зах зээлийн үйл явдлын багтаамж ямар билээ. Хөдөө явдаг телевиз хуруу дарам цөөн. Шилэн кабельиар өдөр тутам хорин нэгэн аймгаасаа дүрс авдаг нь бараг нэг юм уу хоёр .Авлаа гээд мэдээлийн багтаамж нэр төрөл хэд өөрчлөгдөх билээ. 

Ингээд яахав. Киногоор л бөглөнө.

Одоо хямдхан кино олон улсын яармаг, зах зээлээс авна гэвэл хямдын хямд нь 150 доллар. Энэ нь нэг л анги кино. Дундаж үнэ хэлэлцвэл киноны нэг анги нь 450 долларт хэлбэлзэнэ. Хэрэв 30 ангийг авбал хэд болох вэ. Гучин анги кино хэд хоног гараад дуусгах вэ. Цаана нь чилийсэн 49 долоо хоног үлддэг. Тэрийг юугаар бөглөх билээ. Ядуу улсын телевизүүдэд бараг үнэгүй олдож эхэлсэн Солонгос кино ингэж л манай оюун санааны хил хязгаарт өргөн фронтоор нэвтэрсэн. Ямарч хяналт шүүлтүүргүй орж ирэн 15 жил тасралтгүй явлаа. Арван хэдэн телевизээр гарахад бид бараг Солонгосоор ярих шахлаа шүү дээ. хөдөөний хүүхдүүд дотуур байранд өдөржин Солнгос кино үзсээр Тэ Жу И гэдэг хааныг ээж аавынхаа намтараас илүү мэддэг болсон доо. 

Оросын бүх телевизүүд Төрийн бодлогын зохицуулалтаар үндэсний соёл урлагаа дэмжиж Америкийн дээврээс хамгаалахын тулд маш олон кино бүтээл ном товхимол хийж эхэлсэн. Өргөн фронтоор довтолсон. Одоо гадаадын олон ангит савангийг дуурь тэдний телевизээр гардаггүй. Манай Үндэсний Телевиз арав гаруй нэрийн олон ангит цувралыг 60 ангиар хэд хэдэн удаа хийхдээ хамаг байдгаа шавхсан. Сүүлдээ мөнгө олдохоо болив. Таван телевиз зэрэг зэрэг кино хийхэд өнөө жүжигчид дуусав. Арай л өөрсдөө тоглосонгүй. За браг тоглсон биз дээ. Одоо өнөө хэдээ давтаад лав дөрөв дэхь эргэлтэндээ орж байх шиг байна. Бусад телевизүүд зөндөө оролдлого хийсэн ч жилдээ нэг нэрийн 20-иод анги хийгээд л хэлээ унжуулж байна. Бидний хүчин чадал мөхөсддөг. Энэ хооронд юу болов.Солонгос соёл аж төрөх хэвшил үзэл санаа нэвтэрч хөвгүүд нь хавчигнуур, охид нь хүүхэлдэй шиг будмал, авгай хүүхнүүд хов хорын тулам руу аажим боловч эрэгэлтгүй гулгаж эхэлсэн. Хаа сайгүй Солонгос хоолны газрууд нээгдэж одоо тэрэнгүйгээр өнгөрдөг өдөр үдшийн зоог байхгүй болжээ. Үр дүн нь энэ. Тэр сүлжээ болон төлөвлөгөөний олон цаг нь дүүрч өгдөггүй телевизийн хөтөлбөрт Солонгос кино л чухам аврал нь байсан учир хэрэгтэй. 

Монголын Төр юу бодов, ямар арга хэмжээ авав. Өдөр бүр гарч байгаа Солонгос кино Монгол хүнийг өөрчилж байна. 

Одоо албан ёсны зөвшөөрөлтэй Телевиз бүр Төрд хандаж кино худалдаж авах мөнгө нэхэгүй бол цаашид энэ байдал урсгалаар явж болохоо болилоо. Үндэсний аюулгүй байдал ч яригдаж мэднэ. Яагаад улсаас мөнгө нэхнэ гэж. Хувьдаа бизнес эрхэлдэг тэрүүгээрээ ямарч олон ангит кино өлхөн худалдаж авдаг баян захиралтай Телевиз хэд билээ. Ядарснууд нь цалин, байрны түрээс, зардлаа арайхийж нөхөж байна. Хааж боож болохгүй. Өнөө ардчилал яалаа гэх. Монголын төр дэлхийн киноны зах зээлээс хүнд хэрэгтэй сайн, зөв киног худалдаж авахад телевизүүддээ туслахгүй бол хямд Солонгос кино орж ирсээр бид зохицуулалтгүй бодлоггүй үзүүлсээр нэгэнт уусч орхивол яанам билээ. Арьс мах, цус ясаараа уусдаггүй юм гэхэд шинэ тутам өсч байгаа залуу үе энэ улсын юм бүхнийг өнгөц дууриах өвчинд нэрвэгдвэл хэзээ засах вэ, засагддаг уу гээд олон асуудал бодогдох л байх.