Бээжин хотын зах, дэлгүүрүүд

 

Эрдэнэс Эрдэнэ: ‎

 

Бээжин хотод маш олон зээлийн гудамж, худалдааны төвүүд бий. Шидан, Ванфүжин, Дундан, Мушиюань, Яаболу, Чиэнмэн зэрэг...Та эдгээр газруудаас сонирхсон зүйлээ авахдаа үнийг сайн хямдруулахгүй бол гадаад хүмүүст өндөр үнэ хэлдэг билээ. Мөн бараагаа сайтар шалгаж хуурамч бараа авахаас, хулгай дээрмээс ямагт сэрэмжлэх хэрэгтэй. Харин их дэлгүүр, худалдааны томоохон төвүүдэд үнийг хямдруулах боломжгүй ч SALE байнга зарладаг тул сайн хайж чадвал хямд бараа авч чадна.

Ванфүжин худалдааны гудамж - Хятадад төдийгүй дэлхийд алдартай түүхэн худалдааны гудамж юм. Бээжингийн цорын ганц машин явдаггүй эртний гудамж бөгөөд 810метр урт. Оросоор бол Арбат, манайхаар Урт цагаан юмуу даа. Энд хятад үндэстний хоолны гудамж, олон арван их дэлгүүрүүд байдаг учраас хүмүүсийн очих дуртай газруудын нэг. Энэ гудамжинд Шин Дун Ан плаза, Бээжингийн төв их дэлгүүр, Дун Фан Шинтиэнди (Oriental Plaza), Ванфүжин номын их дэлгүүр зэрэг томоохон их дэлгүүрүүд, төрөл бүрийн бараа бүтээгдхүүн худалдаалдаг өөрсдийн онцлог бүхий жижиг дэлгүүрүүд, гадаад дотоодын олон брэндийн салбар дэлгүүрүүд байдаг. Мөн шөнө дөл хүртэл ажиллах төрөл бүрийн хоолны газрууд их бий. Ванфүжин дэх гадаад номын их дэлгүүр нь 1958 онд байгуулагдсан 40 гаруй орны хэл дээрх олон сая номуудтай ба сүүлийн үеийн номнуудыг эндээс олж авах боломжтой.

Гуомау худалдааны төв - World Trade center. Эндхийн худалдааны төв нь дэлхийн алдартай брэндийг борлуулдаг албан ёсны төв бөгөөд мөсөн талбай, усан санд сэлэх, Хятадын бүх банкуудаар үйлчлүүлж, спортоор хичээллэх асар том танхимтай.

Жунляан худалдааны төв - Cofco plaza. Бээжингийн дээд зэрэглэлийн худалдааны төвүүдийн нэг ба өндөр чанартай бүх төрлийн бараа бий. Төвийн С танхимд италийн хамгийн сүүлийн үеийн загварын бараа зардаг. Тохилог кафе, гэр ахуйн бараа, уншлагын ба спорт танхим, гоо сайхны үйлчилгээ гээд л бүх л зүйл нэг дор байдаг.

Хэнжи худалдааны төв - Beijing Hengji center. Жунляан худалдааны төвтэй залгаа ба дээд, дунд зэрэглэлийн бараатай. Энд Бээжингийн хамгийн тансаг гэр ахуйн бараанууд байдаг ба 30 мянган метр талбай дээр 60 гаруй гадаад, дотоодын үйлдвэрлэгчдийн дээд ангиллын итөлийн алдарт Silik, францын Monalisa, меланы Melandis зэрэг тавилгууд, гэр ахуйн бараатай.

Свик худалдааны төв - Scitech plaza. Монголын элчин сайдын яамтай ойрхон ба 1992 онд анх нээгдсэн, Японы голдуу дээд зэрэглэлийн бараатай, жуулчдын хөл тасардаггүй төв.

Хонгконг зах - Silk road. Хотын төвд элчингийн дүүрэгт байрлалтай, Монголчууд ба гадныхан олноор очдог, худалдагч нар нь Орос, Англи зэрэг олон хэлтэй, зарим нь ч бүр Монголоор ярьдаг юм билээ. Анхаарууштай нь анхны үнээ маш өндөр хэлэх бөгөөд та сайн буулгах хэрэгтэй. Барааны чанар бусад захуудаас харьцангуй сайн.

Панасоник их дэлгүүр - Gui You store. Хонгконг захын хажууд байрлалтай, хятадын болон гадаадын олон фирмүүдийн дунд ба дээд ангиллын бараатай, өвөр Монголчууд танд хөнгөлөлтийн картаараа барааг тань хямдруулж авч өгдөг.

Ши Жи Мэн бөөний худалдааны зах - Xi zhi men market. Энэ хавьд бүх төрлийн бараа таваарыг бөөнддөг бөгөөд манай наймаачид олон төрлийн бараагаа бөөнддөг. Энэ зах өглөө 5-д онгойх ба үдээс хойш 2 цагт хаадаг. Энэ хавьд хувцасны бөөний 5 зах байдаг ба Дундин зах нь жижиглэнгийн худалдаа голчилдог, барааны үнэ өндөрдүү боловч загвар сайтай.

Мү Ши Юан бөөний зах - Mu xu yuan. Энд бүх төрлийн бэлэн хувцас, гэрийн хэрэгсэл, хөшиг тюль зэргийг бөөнддөг, монгол наймаачид эндээс нэлээд бараа авдаг. Бөөний зах нь өглөө 4.30-д онгойгоод 10 цагт хаадаг, бараагаа зөвхөн бөөнөөр худалддаг. Бусад дэлгүүрүүд нь 9 цагаас орой 17 цаг хүртэл ажилладаг. Та сайн үзэж харж явж чадвал зарим нэг гайгүй загварын барааг олж болно.

Я Бао Лү худалдааны зах - Ya Bao lu. Энэ зах нь голдуу үслэг эдлэл, төрөл бүрийн булган шуба, бэлэн хувцас, гутал худалддаг бөгөөд энэ захыг голдуу Оросын бөөний наймаачдад зориулсан байдаг. Хажууханд нь ЛаоФанЖэ гэх жижиглэнгийн төвтэй. Монголчууд их үйлчлүүлдэг. Та Оросоор ярихад л хангалттай.

Я Шю худалдааны төв - Yashow center. Энэхүү зах нь ХонгКонгийн захтай зохион байгуулалтын хувьд төстэй, гадаадынхан их очдог тохилог орчин бүхий зах, худалдааны төвүүдийн нэг юм. Эндээс хамгийн сүүлийн үеийн загвар бүхий хэрэгцээт бараагаа худалдан авч болно.

Жүн Гуан Цүн компьютерийн зах - Zhong Guan Cun IT market. Энэ зах нь компьютер IT-ийн төвлөрсөн том төв болно. 3 том худалдааны төвтэй. Үүнд: Хайлүн-энэ нь Жүн Гуан Цүний яг төвд байрладаг 6 давхар компьютер, IT-ийн худалдааны төв юм. Мөн Тай Пин Ян, Динхау гэсэн дижитал барааны төвлөрсөн худалдаа байдаг бөгөөд сэлбэг голдуу байдаг.

Лай Тай цэцгийн худалдаа - Laitai flower market. Энд өннө өнгийн цэцэгтэй холбоотой бүх төрлийн худалдаа, үйлчилгээ байх ба цэцгийн үр, бөөний цэцгийн худалдаа байдаг. Эндхийн цэцэг баглах урлаг үнэхээр биширмээр шүү.

Люфтханза төв - Lufthansa center. Энэ дэлгүүр 90-ээд онд Герман дизайнаар баригдсан ба тухайн үед хятадууд эндээс л гадаадын тансаг брэндийг мэддэг болсон гэж хэлж болно. Энд дээд зэрэглэлийн тансаг 500 гаруй брэндүүд цугларсан, тохилог орчинтой төв юм.

Нью Рэн Жиэ буюу эмэгтэйчүүдийн гудамж - Women's street. Люфтханзагийн зүүн талд байдаг ба экспортын хувцас, гутал, цүнх болон бусад бараа зардаг. Мөн солонгос загварын хувцас, хонгконг бараа элбэг.

Шинжиэкөү - Xinjiekou street. Энэ худалдааны гудамжинд төрөл бүрийн зүйл зардаг ба хамгийн сүүлийн үеийн загварын бүхий л зүйлийг эндээс та олж чадна. Мөн дуу хөгжим сонирхдог залуучууд очиход илүүдэхгүй. Эндхийн CD, DVD, VCD-нүүд хамгийн сүүлийн үеийнх байдаг ба бүх төрлийн хоолны газрууд олонтой.

Шидан - Xidan. Хотын төвд байрлалтай томоохон худалдааны төвүүд төвлөрсөн газар. Орчин үеийн хамгийн сүүлийн загвартай, хэрэгцээний бүхий л зүйлс байдаг. Хуа Вэй болон Мин Жү дэлгүүрт үнийг хямдруулан хүссэн зүйлээ авч болно. Бусад их дэлгүүрүүд нь тогтмол үнэтэй боловч хямдрал байнга зарлаж байдаг. Мөн Шиданы томоохон дэлгүүрүүдийн дээд давхарт автомат тоглоомын газар, кинотеатр, хоолны газрууд олон байдаг ба цагийг зугаатай өнгөрөөж болно. Шиданы орйролцоо Жун Юу (Zhongyou Shopping mall), Жүнтай (Grand Pacific), Шидан төв их дэлгүүр (Xidan department Store), Мэйсоны загварын төв (Maison Moda times), Бээжингийн номын төв (Beijing Books building) зэрэг том том дэлгүүрүүдтэй.

Дажун электрон барааны дэлгүүр - Da zhong electronics. Бүх төрлийн чанартай цахилгаан барааг өргөн сонголттойгоор худалдаалдаг сүлжээ дэлгүүр юм. Бээжингийн бүх дүүрэгт 65 салбартай.

Икеа гэр ахуйн барааны дэлгүүр - Ikea. Европын нэртэй гэр ахуйн барааны олон улсын брэнд дэлгүүр ба дэлхий дээрх хамгийн том салбар нь Бээжингийх.

Япон дэлгүүр - Hua tang. Энэ дэлгүүрийг Монголчууд япон дэлгүүр гэж нэрлэдэг боловч бараа бүтээгдхүүний хувьд бусад их дэлгүүрүүдтэй ижил юм. Дэлгүүрийн хувьцаа эзэмшигч нь Япон компани ба ихэнх бараа нь Японоос ирдэг. Дэлгүүрийн онцлог нь тасаг бүрт ээлжилж хямдрал ихээр зарладаг тул хямд, чанартай барааг авах боломжтой.

Жү Ран Жи Жиа тавилгын дэлгүүр - Хятадын болон гадаадын шилдэг брэндүүд худалдаалдаг. Эндхийн үнэ бусад тавилгын захуудаас үнэтэй боловч чанар 100%. Бээжинд олон салбар дэлгүүрүүдтэй.

Хунчиао буюу сувдны зах - Hong qiao Pearl market. Тиан Тан цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойно орших энэ зах нь дээр үед гол гатлах улаан модон гүүртэй байсан бөгөөд "улаан гүүр буюу Хунчиао" нэртэй болжээ. Голдуу сувд болон далайн гаралтай гоёлын бараа ихтэй, торго, цүнх, хувцас, цахилгаан бараа зэрэг бүх төрлийн барааны бөөний зах болсон. Мөн хуучин бараа ихээр зардаг ба хуурамч бараа элбэг байдаг.

Шазикөү хүүхдийн хувцасны зах. Sha zi kou market. Энд хүүхдийн хувцас, хүүхдийн гуталны бөөний худалдаанаас гадна бичиг хэрэг, гэрлийн бүрхүүл өргөн сонголттой.

Шилихө машины сэлбэгийн зах - Shilihe market. Машины сэлбэгийн том зах ба гэр ахуйн тавилга, барилгын томоохон захууд оршдог.

Юү Чүэн Ин зах - Yu quan ying market. Барилгын материал болон тавилгын бүх төрлийн бараа бүтээгдхүүн байдаг бөөний зах. Энд мөн гэрийн болон албан байгууллагын дотоод ба гадаад тохижилтыг төлөвлөж өгдөг.

Чэнвайчэн тавилгын зах - Cheng wai Cheng market. Гэр ахуй болон албан тасалгааны бүх төрлийн тавилгын төрөлжсөн зах юм. Энд мөн гэрийн болон албан байгууллагын дотоод ба гадаад тохижилтыг төлөвлөж өгөх ба таны хүссэн загвар, өнгөөр захиалга авч хийж өгнө. Бээжин хот дотроо үнэгүй хүргэлттэй.

Ү Дау Көү - Wu dao Kou. Их сургуулиудын дунд оршдог тул оюутнууд ихээр үйлчлүүлдэг. Солонгос загварын хувцас ихтэй, үсчин, хоолны газрууд нь дан солонгосчууд байдаг. Мөн кафе, номын сан, баар цэнгээний газар олонтой.

Чиэн Мэн гудамж - Qian Men street. Эртний худалдааны гудамжуудын нэг ба торго, бөс бараа, хувцас, хятадын ардын эм тан, цай, шаахай зэргээс гадна хоолны газрууд олонтой. Үнэ харьцангуй боломжийн.

Пан Жиа Юан эртний эдлэлийн зах - Pan jia Yuan market. Бүх хятаддаа хамгийн томд ордог гар урлал, эртний эдлэл, төрөл бурийн цуглуулгаа зардаг, солилцдог зах юм. Эндээс хятадын онцлог бүхий гар урлал, сонин содон гэрэл зураг, хуучны эдлэл бүгд бий. Мөн хуучин номын зах ажилладаг ба ховордсон номууд, гадаад номууд ч байдаг.

Гуо Дү гэрийн тэжээвэр амьтны зах - Маш том талбайтай, гэрийн амьтад тоглох, зугаалахад зориулсан талбайтай, худалдааны том зах бүхий цогцолбор.

Ма Лиэн До цайны гудамж - Ma lian dao. Бээжин төдийгүй Хойд хятадын хамгийн том, маш олон төрлийн цайны зах. Та энд цай уунгаа хямд, үнэтэй төрөл бүрийн цай авах боломжтой.

Лью Ли Чан соёлын барааны зах - 800 метр үргэлжилдэг эртний эдлэл, эртний ховор хөгжмийн зэмсэгүүд болон хятадын соёлтой холбоотой уран бичлэг зэрэг олон дэлгүүрүүд бий. Энэ гудамж нь хятаддаа төдийгүй дэлхид алдартай бөгөөд гадаадынхан олноор очдог. Юм худалдаж авбал Сувдны зах, Пан жиа Юан зах илүү хямд...