Ховдын хамар хашааны хоёр, холын нутагт нэг сургуульд


 

Ховдын цэнхэр хязгаар мөн ч хол нутаг байж билээ. Тэр үед байгаль цаг агаар нь хүртэл өвөл нь өвөл шиг, зун нь зун шиг болно. Хүн амьтан амгалан тайван хариуцсан ажил төрлөө хийсэн шиг хийнэ.
 
Хоорондоо эвтэй найрсаг амьдарцгаана. Хэрүүл шуугиан, хулгай дээрэм ховор, амьдрал хэвийн тайван үргэлжилнэ. Хүүхэд бид ах зах хүнээс айна, маш дуулгавартай, хичээл сургуульдаа явна. Худал ярих, хулгай хийнэ гэдгийг мэдэхгүй мөн ч дэгтэй хүмүүжлийг ахмад үеийнхэн маань тархи толгойд минь бат суулгаж өгсөн байгаа юм.
 
Аймгийн төвд Буянт голын гүүрийн доохно хоршоодын холбооны харьяа ноосны хэрэм гэж ноос угааж дэлгэж хатаадаг газар байх, ноосны ажилчид улирлаар ажилладаг зуны гурван cap голын усан дотор зогсч ноосоо гараараа угааж ажиллана. Ажил хүнд гэсэн үг яриа үл гаргана, би улсын ажил хийж байна үнэн сэтгэлээсээ сайн ажиллах ёстой гэсэн ухамсрыг биедээ шингээж чадсан хүмүүс ажилладаг. Хатаасан цав цагаан их ноосоо цагаан нуурын дамжлага баазаар Зөвлөлт улсад гаргадаг байлаа.
 
Тэр үед манайх Буянт голын урд Ховдын "Хөдөлмөр" сонины газар, баруун хамар хашаанд утасны хорооны /холбооны газар/ Аюуш гуайнх, Норов гуайнх, Загдсүрэн, Дамдин, Цэндсүрэн гэдэг хүүхдүүдтэй их тохитой сайхан айлууд байж билээ. Тэр үед Загдсүрэн гуай зун ноосны газар ажилладаг байж байгаад 45-46 оны үед аймгийн клубт жүжигчин болж жүжиглэн дуулах авьяас нь тодорч 1950 онд Улсын Төв Театрын шинэ байрны нээлтэд уригдан дуулж говийн мэргэжлийн багш нарын анхааралд орж Монголын дуулаачийн урлагийн их замд гараагаа эхлэж байсан үе байлаа. 
 
Удалгүй 1953 онд Монголын урлагийн том хэсэг БНХАУ-д тоглолтоор явж оролцоод тэр жилдээ Румын улсын Бухарест хотноо болсон Дэлхийн Залуучууд Оюутны III их наадамд дуулж, их наадмын шагнал хүртэж, өвөл нь төрсөн нутагтаа очиж улсын нэгдүгээр зэргийн дуучин Аюушийн Загдсүрэнгийн концерт тоглоно гэсэн зарлал хязгаар нутгийн бөглүү газар цуурайтах нь нэн сонин учрал байх бөгөөд бурхнаас илгээсэн их дуучнаа төрөлх нутгийнхан нь амьсгаа даран чагнаж, хүндэтгэлийн их хайраа ханцуйдаа залбиран өргөж Алтайн их уулс, ус савдаг нутгийн охиныхоо алсын харгуйд ивээлээ шивнэж байсан буй заа. 1953 он Загдүрэн гуайд бурхан хишиг буянаа хайрласан жил байлаа. 
 
Тэр жилийн намар Зөвлөлтийн жүжигчид манай улсад айлчлан тоглолтоор ирж хөдөө явахад нь Загдсүрэн гуай хамт явж тоглолтод оролцож дуулсан нь Зөвлөлтийн жүжигчдийн анхааралд өртөж түүний хоолойны өнгө чадал нь үнэхээр агуу ховор, байгалиас заяасан тансаг өгөгдөхүүн байсныг олж харж одоо дуулах арга ухааныг суулгаж өгвөл ёстой Монголын алтан гургалдай төрнө хэмээн ярьцгааж, тоглолтын аялалаа өндөрлөснийхөө дараа Улаанбаатарт ирж Ю.Цэдэнбал даргад “Танайд ирээдүйн дуулаач ховор эрдэнэ байна” хэмээн дуулгажээ. 

 


 
Ю.Цэдэнбал дарга тэр их авьяасыг нь дэмжиж 1954 оны намар Загдсүрэн гуайг Москвад П.И.Чайковскийн нэрэмжит консерватори /хөгжмийн их сургууль/-д суралцуулахаар явуулжээ. Дэлхийд хөгжмийн сургалтаараа хүлээн зөвшөөрөгдсөн, их авьяастнуудын цугларал болсон эрдэмтэн багш нараар дуулахуйн ухааны нарийн арга билгийг заалгаж ур ухаанаа хөгжүүлж суралцсаар цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч эх орондоо дуулах эрдмийн их ухааныг эзэмшсэн Монголын мэргэжлийн дээд боловсролгой анхны эмэгтэй дуучин болж ирээд, 1950 онд Төв театрын шинэ байрны нээлтэд Ховдын театраас уригдан дуулж байсан бол 1963 онд Улсын дуурь бүжгийн театр байгуулагдан нээлтээ хийхэд П.И.Чайковскийн “Евгений Онегин” сонгодог дуурийн гол дүр Татьяанад дуулж эх орондоо дэлхийн сонгодог урлагийг хөгжүүлэх үйлст биечлэн оролцож байсан гавьяа зүтгэлтэй уран бүтээлч билээ.
 
Сурч мэдсэнээ хойч үедээ сэтгэлээ, авьяасаа үлдээж олон арван авьяаслаг шавь төрүүлснээс УГЖ Д.Баадайжав, УГЖ Д.Болормаа / Ховд/, УГЖ Т.Дарьзав /Эрдэнэт/, УГЖ Оюунцэцэг /Говь-Алтай/ нарын зэрэг олон олон шавь нар нь эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явна. Загдсүрэн гуай эелдэг даруу ааш, шударга үнэнч зангаараа үлгэрлэсэн сайхан ээж эмээ, эгч байсан юм.
 
Тэр үед би гэдэг хүн хамар хашааныхаа эгчийн нэр алдар, дуулж буйг нь харж ямар мундаг юм бэ гэж гайхшран санана. Нөгөө ноосны газрын ноос угаадаг эгч лав биш бололтой. Хэрдээ хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр хамар хашааны эгч гэдэг нэрээр нь бахархана. Манай хамаатан гэж худлаа ярих нь дутна даа. Хүний хувь төөрөг, тавилан, авьяас билэг их сонин учиртай байдаг юм билээ.
 
Нэг мэдэхнээ 1956 онд хамар хашааныхаа эгчийн суралцдаг Москвагийн нөгөө алдарт сургуульд очиж суралцах хувь надад тохиож тунгалаг Буянт голын хөвөөнд хамар хашаанд айл байсан жирийн амьдралтай хоёр айлын охин, хүү хоёр аль ертөнцийн тэртээ хол дэлхийд данстай сургуульд хамт суралцаж дуулаачийн урлагийн нарийн мэргэжлийн алсын аянд эгч, дүү болон буянт эгчийнхээ хишиг буяныг хүртэж нэг үйлсийн төлөө явж ирсэн азтай сонин ховорхон тохиолдлыг бахархан дурсч сэтгэлдээ мөнхлөн авч явна даа.
 
Олон жил голын хүйтэн усанд өвдгөө хүртэл хөл нүцгэн зогсч ажилласан хүн их дуучин болсныг нь гайхаж ёстой л буянт голын тунгалаг ус олон жил дуулах хоолойг нь хөглөж, урсгалынхаа хөг аялгууг суулгаж өгсөн байх хэмээн бодож их голоо сүслэн залбирч Тунгалаг буянтаа мөрөн болтол Хар ус нуураа далай болтол дуулах юмсан... гэж сэтгэлдээ шивнэн, ханцуйндаа залбирч явна даа нутгийн хүү чинь.


 
Та монгол түмний их дууч Таныг монгол түмэн мартахгүй ээ ..


Б.Зангад /Монгол Улсын Хөдөлмөрийн баатар. Ардын жужигчин дуучин/