Хар дарсан амьдрал руу бүү яар

 

Одоо мартаж сэтгэл минь уужирч л байна. Амьдралдаа үзсэн хар дарсан зүүд шиг амьдрал руу битгий яараарай. Анх найзыгаа дагаад очдог байсан нэг удган байсан юм. Бүх зүйлээ асууж, үйл хөдлөл бүрээ даатгаад л тэр юу гэж хэлнэ, яг л түүний үгээр болоод л яг л толгойгүй хүн шиг байсан юм. Ирэхгүй бол ирсэнгүй гэж гомдоллодог болохоор нь байнга очно. Очих бүрт ийм ч юм иддэг тийм ч юм иддэг гээд л тэрийг ч авчир энийг ч авчир гээд л, гэрт чинь бууна гээл идээ будаа мөнгө төгрөг гээд л за даа зөндөө юм шаардаад л, тийм ч хүнтэй суу, ийм ч хүнтэй суу, тэр чинь болохгүй, тэрнээсээ сал гээд л за бүгдийг өөрийнхөө болгодог байлаа.

Нэг өдөр очдогоороо яваад л очлоо. Гэтэл онгод тэнгэртэйг минь хэлдэг юм байна. Эхнэр маань үр хүүхэдтэй болдоггүй болохоор үүгээр минь дөрөөлж, за авахгүй бол хайртай хүмүүс чинь үхнэ, за тэгээд хамгийн сүүлд чи тарчилж зовж үхнэ гэлээ. Хэтэрхий их итгэдэг болохоороо за авъя даа, үнэхээр л надад онгод тэнгэр гэж байдаг бол, тэгээд ч миний өвөө эмээ гээд удам угсааны дээдэс буух юм бол яадгийм, ингэж их зовж байгаа юм бол би үргэлжлүүлж зовоомооргүй байна /онгод чинь маш их ядарсан, туйлдсан, эцсэн тэгэхээр чамайг яаж зүгээр байлгадгын гээд л байнга хэлнэ/ гэж бодож хэлсэн үгээр нь бүгдийг хийсэн юм. Ийм юм тийм юм гэсээр 5 сая төгрөг боллоо, тэгээд зүгээргүй байнга л үнэт эдлэл нэхнэ. За бараг зардал нь хэд болсныг бүү мэд, зээл авч, байгаа бүхнээ шавхаж, хамаг юмаа зарж байлаа, хамгийн гол нь ажил хийхэд маш хэцүү байнга л хүссэн цагтаа дуудна.

Хэлсэн ёсоор нь бүгдийг бэлтгэж тэр чанар гээд байгаа газар луу явлаа. Хэдэн шавь нь гэсэн хүмүүс дагаж явсан бөгөөд бүгд хулгайч, хов жив гэж аймаар, аргачгүй биз дээ, нэг нэгнийгээ матаж, нэг нэгнийгээ доош нь хийж, нэг нэгнээсээ хулгайлж, нэг нэгнийгээ хараадаг байсан, одоо бодохнээ бүгд боловсролгүй хүмүүс байсан юм байна лээ.

За тэгээд нөгөө онгод дээдэс гэдэг нь байдаг бол буумаар үйлийг минь үзэж, бүгдээрээ зодож, багш гээд байгаа хүүхний ах эгч ээж аав гээд бүгд хүссэнээрээ зодож, хайртай хүмүүсийг минь сүрдүүлж, үхнэ хагацна гээд л. Хоол унд байтугай хар ус уулгалгүй 10 хоносон. 10 хонохдоо унтсангүй, 10 хонохдоо өдөр бүр зодуулж, тэсэхээ байхаараа эхнэрээ тэврээд л. Авчирсан зүйлсийг минь бүгд нийлж хэрэглэн, бүх зүйлээ хайртай хүмүүсээр минь хийлгэдэг байлаа. За тэр багш гээд хүүхэн хатан хаан. Царай зүсээ харуулахгүй, хэдэн шавь нь намайг хүссэнээрээ зодож /модоор/ байлаа. Тэр дээдсүүд нь бууж ирээд л элдвээр доромжлоод л чадахгүй бол амийг чинь авна гээд л, хүссэн юмаа шиднэ, тамхины үнсээр түлээл, тэгээд л хөөрхий тэр хэцээ цохиод л хагалахаараа чиний амийг хамгааллаа гээд л ер нь их жүжиг байж дээ. Мэдээж энэ бүгдийг ямар хүн тэвчихэв дээ. Гэр бүлийнхэн маань явцгаана яаж ингэж хүүхдээ зовоодог юм гээд явах гэхээр бид та нарыг л бодож байна, одоо эндээс явбал тэр хүүхэд чинь тэгэж үхнэ гээд л хэдэн залуус нь барьчихаад явуулахгүй үйлийг чинь үзнэ дээ.

За яалтчгүй бие хөнгөрөөд нэг өвөө буулаа. Гэтэл өвөө маань бууж ирээд л удмынхаа хүмүүсийг дуудаж, одоо жаахан тэсчих, тэгээд л сайхан болно гэдэг байгаа. Ингээд нэг юм боллоо гэтэл багш гээд хүүхэн дээдэс буулгасан тийм ч юм өг ийм ч юм өг гээд л үнэт эдлэлээ нэхнэ дээ, бас болоогүй өгөхдөө уйлж дуулж, үнэн сэтгэлээсээ баярлалаа гэж хэлдэг гээд л эхэллээ дээ. Хөөрхий ээж дүү нар минь нүүр тахалсан даа.  Тэгээд дахиад мөчөөгөө өгөхгүй буулгасаар. Өглөө 4-өөс эхлээд л орой 12 хүртэл буулгана гээд л.

Чанараасаа буцаад шууд багш гээд хүүхнээсээ саллаа. Бүх хэрүүлийн буруутангаа намайг болгож хүссэн үедээ зоддог боллоо, эр эм гэлтгүй бүгд гар хүрнэ. Хүн яаж тэсэхэв. Гэртээ ирээд буулгатал маш сайхан буусан, яагаад тэгсэн бэ гэхээр дээдэс буулгаж байгаа хүн сэтгэл санаагаа төвлөрүүлж, маш тайван, ямарч сэтгэл хөдлөлгүй болгосны дараа /ер нь бясалгал хийсний дараа буулгах маш сайн/ буулгадаг ёстой байсныг ойлгосон доо. Багш гэдэг хүнээсээ салах боломжтой, үүнээс битгий ай.

Би тэгээд болоогүй ээ. Багшаасаа салаад явахад элдвээр хэлүүлж, сэтгэлээр унасан хүн айж байлаа. Заавал багштай болох ёстой юм шиг. Тэгээд сайн бөө гэх зайран удган дээр очиж үзтэл за даа 10 хүний нэг нь  онгод дээдэс юм уу даа гэж бодогдсон. Жүжиглээд архи ууж өөрсдөө согтоод, ам дагуулж худал яриад, өөрийнхөө хоолойгоор байж эмгэн болоод байгаа залууг ч хүртэл харлаа. За даа ер нь их судалсан даа. Чамаас хэдэн төгрөг авах санаатай эсвэл чамаар архиа авахуулах санаатай архичид хүртэл зөндөө байдаг, итгэлийг чинь олоод мөнгө зээлээд алга болох луйварчид хүртэл байдаг. Гэхдээ луйварчид гэхээсээ бас л хүний үгэнд хууртсан хохирсон хүмүүс л юм даа.

 

Эцсийн эцэст би өөртөө итгэх ёстойг ойлгосон.

1.      Эргээд харахад бүх асуудлаа өөрөө шийд. Энэ чиний л амьдрал

2.   За тэгээд онгод дээдэстэй гэж байгаа бол шавь нарыг нь хараарай, тэдэнтэй адил хувцас хэлдэг. Энэ нь худал бөгөөд нэг галынхан ихэвчлэн ижил хувцастай байдаг нь их эргэлзээтэй. Өвөг дээдэс гэдэг өөр өөрийн ёс заншил, жаяг, өмсгөл хувцастай. Ер нь бол торгоны дэлгүүрт ороход чи тэр олон өнгөнөөс ялгаж чаддаг, тэгэхээр өөрөө мэдрээд үз. Ер нь улаач нь чи мөн л бол өөрөө хувцас хэрэглэлээ бэлдэх ёстой. Хагас дутуу хэдхэн харсан мэдэхгүй хүн чинь чиний дээдсийг харж чадахгүй. Мэдрэмжээ дага.

3.      За тэгээд хүний хувь төөрөг гэж өөр шүү дээ. Үхнэ хагацна гэсэн үгэнд бүү итгээрэй. Тэдний хэлдгээр би одоо амьд байхгүй байх байлаа.

4.      Нэг бөөг бүү дагна. Олон хүн дээр оч. Тэднийг сорь. Сорьж болдоггүй юм, бурхан минь гэдэг, яагаад тэгдэг вэ гэвэл хүмүүс өөрсдөө бөө дээр очиж үзүүлэх гэж байж өөрсдөө бүх зовлонгоо ярьчихдаг, харах шаардлага байхгүй, тэгээд л амыг нь дагуулна даа. Үнэхээр онгод бол чамайг яагаад сориод байгааг асууна. Аан бас бөө нар чи намайг муулаад яваад байна уу ч юм уу сориод сонирхоод явна уу гэдэг, энэ бол ер нь тулгаж асууж байгаа улаач хүн байдаг. Тэрэнд сорьж байсанч бүү сандар.

5.      Яахав мэдээж дээдэс буулгахад чамд чиглүүлэгч хэрэгтэй. Яахав ядраадаг л даа, гэхдээ чамд гар хүрэх, доромжлох эрх тэдэнд байхгүйг сайн санаарай. Хүсвэл орхиод явж болно. Тэр ганцхан удган зайран биш шүү дээ.

6.      Хүсвэл багш гээд байгаа хүнээсээ сал. Ер нь хараад байхад багш нь шавь нараа хүссэн үедээ дуудаж, хүссэн юмаа хийлгээд байдаг. Ийм байж болохгүй. Тэр хүн чиний онгодыг буулгасан ачтан болохоос чиний эзэн биш. Дээдэс буулаа. Өөрийгөө хангалттай авч явж чадна. Зөвхөн дээдсээ сонс.

7.         Нетээс бүү сайн бөө хай. Яваад үзэхээр зүгээр л бусдын адил хохирсон хүмүүс байдаг.

8.     Зөвхөн өөртөө итгэ. Дээдсээ буулгасан бол ажлаа хий. Зүгээр л өөрийнхөө амьдралаар амьдар. Хэт бөөг хөөж амьдралаа алдсан хүмүүс зөндөө байдаг. Эхний удаад 7 хоногтоо 4 өдөр буулгах цаашлаад багасгаад байхад болдог. Дээдсүүд буух болохоороо чамд мэдрүүлнэ. Ам чинь цангаж, зүрх чинь догдлоод буулгахгүй удахаар уур хүрээд байдаг юм.

9.      Хамгийн гол нь зуландаа суулгачихаад сэтгэлээсээ дээдэстэйгээ ярилц. 5 минут бясалгал хий. Зүгээр л дуудлагаараа дуудаад бай. Зарим хүмүүс толгойгоо сэгсэр гээд байдаг. Энэ бас л худлаа. Хэт сэгсрээд байвал чиний толгой өвдөнө. Тиймээс онгодоо зүгээр л тахилын зулынх нь өмнө хуягласны дараа магтаад дуудаад л бай. Онгод чинь өөрөө толгой сэгсрэх, өөрөө яаж орж ирэхнүү, түүнийг хараарай.

10.     За тэгээд дээдсээ буулгахгүй 10 хоноод үз. Нүдэнд чинь харагддаггүй юмаа гэхэд чиний зүүдэнд харагдаж чамтай ярилцах ёстой. Энэ үед л буулгаарай. Хүнээр тоглож, дээл өмсүүлээд онгод чинь ороод ирлээ гээд итгүүлчихсэн, тэрэндээ итгээд өөрөө хүмүүстэй ярьж суудаг хүн маш олон.

11.     Дээдсээр үйл хийлгүүл гэдэг. Хэзээ ямар үйл хийх, хийхгүйг зөвхөн чиний дээдэс л хэлнэ, хийнэ. Тиймээс хүний үгээр явбал чи дээдсийнхээ урдуур орж өөрөө ч мэдэхгүй юм хийж эхэлнэ.

12.     Үнэхээр дээдэстэй бол азна. За тэгээд буулгахаас өөр ямар арга байгааг судал. Хуураар холбогдож болдог. 2 жил магадгүй 3 жил азнаад сайн бод. Шалга. Сорь. Дээдэстэйгээ ярилц.

Үүнийг бичих болсон шалтгаан гэвэл ойлгомжтой байхаа. Заавал миний зөв, ийм байх ёстой гэж би хэлсэнгүй. Танд шүүмжлэлтэй зүйл ч их гарах байх. Гэхдээ л хохирч яваа, эсвэл хохирох гэж яваа, өөрөө ч мэдэлгүй хүн хохироож яваа хүмүүс нэгийг бодоосой гэсэндээ бичиж байна. Та бүү яараарай.