2014
04/20
Хөтөч
Архив
[2013-50-6 7:50:57]
-09.00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зохион байгуулах “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл, Олон улсын туршлага ба Монгол Улс дахь нөхцөл байдал” сэдэвт зөвлөлдөх уулзалт Төрийн ордны “В” танхимд болно.
 
-11.00 цагт: Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд тангараг өргөнө
 
-11.30 цагт: Нутгийн удирдлагын танхимд Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудын удирдлагатай ээлжит цахим хурлаа хийж, цаг үеийн асуудлуудаар мэдээлэл сонсч, үүрэг чиглэл өгнө.
 
-12.00 цагт: ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл,  яамны зарим удирдлагууд театрын музейн удирдлагатай уулзана.
 
-12.30 цагт: Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Төрийн ордны Иргэний танхимд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийнэ. Тэрбээр шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй эдийн засгийн бодлого, төлөвлөгөө болон Чингис бондын асуудлаар нээлттэй ярилцах аж.
 
-14:30 цагт: “Мишээл экспо” төвд болж буй "Цагаан сар-Монголд үйлдвэрлэв 2013" үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод шагнал гардуулна.
 
-15:00 цагт: Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эрүүл мэндийн яаманд хэлэлцүүлэг хийж, өнгөрсөн 7 хоногийн турш эрүүл мэндийн салбарт ажиллахдаа хүлээн авсан саналуудыг суурь шинэчлэлийн бодлогод тусгах, тодорхой асуудлуудыг ойрын хугацаанд хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг энэ үеэр хөндөнө.
 
“Монгол Ньюс”-ын Мэдээллийн төвд:
 
-12.00 цагт: Монголын уламжлалт харваачдын холбооноос монголчуудын оюуны биет өв болох нум сум, түүний хэлбэр хийц, дэг ёс, холбогдох бөөгийн тахилгын зан үйлийг сэргээх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Мөн нум сумны олдвор танилцуулна.

-13.00 цагт: Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос Төмөр замын дарга асан М.Энхсайханд мэдэгдэл хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
 
-Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийн сургалт Эрүүл мэндийн яамны хурлын зааланд үргэлжилнэ.
 
[2013-31-5 22:31:6]

Энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Хууль зүйн сайдын 12 тоот тушаалаар ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвөөс иргэний тодорхойлолт гаргуулах эрх бүхий байгууллагуудын жагсаалт батлагдсан байна.

Уг жагсаалтад хууль сахиулах болон шүүх байгууллагаас эхлээд орон нутгийн Засаг дарга, Монголбанк, СЕХ, татвар, цэргийн хэлтэс, гэрээт хамгаалалтын алба, хянан шалгах болон төрийн бус байгууллагууд зэрэг нийгмийн эрх, хариуцлага бүхий 20 бүтцийг багтаажээ.

Дээрх байгууллагууд хуулиар хүлээсэн үүрэг, олгогдсон эрхийнхээ хүрээнд Тодорхойлолт авах юм. Цагдаагийн байгууллага албан бичгээр тавьсан хүсэлтийн хариуд иргэний ялтай эсэхийг судлан үзээд, хувийн мэдээллийг хүргүүлэх ажээ.

Я.Баяраа
[2013-29-5 22:29:29]
Монголын байлдан дагуулал нь 700 орчим сая тонн нүүрстөрөгчийг агаар мандалд хаягдахаас урьдчилан сэргийлж чадсан тухай шинэ боловч нэлээд маргаантай судалгаа хийжээ.

Чингис хаан болон түүний залгамжлагчдын XIII зуунд явуулсан байлдан дагуулал нь асар өргөн хүрээтэй байсан нь уур амьсгалын анхны бодитой өөрчлөлт гаргахад хүргэсэн байж магадгүй юм гэсэн дүгнэлтийг Карнегийн хүрээлэнгийн дэлхийн экологийн хэлтсийн явуулсан шинэ судалгаанд хийсэн байна.

 

[2013-25-5 22:25:58]

Он цагийн босгыг 70 жил элээсэн ч  нас өндөр болсон гэж зүгээр суулгүй  жилд нэг шинэ юм сэтгэж, түүнийгээ хийж бүтээхийг  зорьж яваа улсын аварга тариаланч В.Гомботой ярилцлаа. Тэрбээр энэ жил утаагүй зуухны “жор” шинээр гаргаж, бодит ажил болгоод байгаа юм.

[2013-19-5 22:19:32]

"Оюу Толгой" ХХК, "Соёлын өвийн хөтөлбөр", ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэн Ж.Сүхбаатарт хадгалагдаж байсан уртын дууны гар бичмэлээр ном, цомог гаргажээ. Говь нутгийн уртын дууны гар бичмэл, цомгийн нээлт өнөөдөр Монголын үндэсний музейд боллоо.

Соёлын өвийн чухал баримт бичгийг илрүүлж, хээрийн болон эх бичгийн судалгаагаар нягтлан, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж ном болгон хэвлүүллээ хэмээн зохион байгуулагчид нь ярив. Уг номонд нутгийнхны дунд судалгаа шинжилгээ явуулж дуунуудын ая дан, үүх түүх, гарал тархацыг нягтлаж оруулжээ. Түүнчлэн Улсын архивын сан хөмрөгөөс гар бичмэлд буй ховор дуунуудын аялгууг цуглуулан цомогт багтаасан байна.

Нээлтийн үеэр ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуун ярихдаа, “Энэ гар бичмэлд нийт 28 уртын дуу байгаагийн 10 нь бидний мэдэх, харин дийлэнх нь огт дуулагдаж байгаагүй ховор уртын дуу юм. Говь нутгийн төдийгүй Монгол түмний соёлын чухал өв мартагдахаас сэргийлэн баяжигдаж олон түмэндээ хүрч, эрдэм шинжилгээ, урлаг соёлынхон, уртын дуу, Монголын соёлыг сонирхогч хүн бүрт хүрэх болсон нь олзуурхууштай. Энэхүү ном, цомог хэвлэгдэж гарснаар үнэт өв судалгааны эргэлтэд орох ач холбогдолтой” хэмээн онцлов.

Б.Заяа
[2013-14-5 22:14:51]

"Морин хуур-2012" хөгжмийн наадмын тэргүүн шагнал "Гран-при"-г Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав "Аминаас үнэтэй газар шороо мину" дуугаараа хүртлээ.  Энэ нь түүний хувьд "Морин хуур" наадмын гурав дахь шагнал нь юм. Тэрээр  "Гран при" шагнал болох мөнгөн морин хуур, ивээн тэтгэгчийн шагнал гурван сая төгрөгийг гардан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг оны шилдэг дууны хөгжмийн зохиолчийг шалгаруулах “Морин хуур-2012” наадам өчигдөр 26 дахь жилдээ болж уг наадамд 80 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс 2012 онд шинээр зохиосон шилдэг 27 уран бүтээлийг шигшин “Морин хуур-2012” наадмын гала концертод оролцуулсан юм.

Гала концертод төрийн хошой шагналт,  Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Арвайн тал”, Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын “Аминаас үнэтэй газар шороо мину”, УГЗ  Б.Бямбабаярын “Дуун дээвэртэй Монгол”, УГЗ Т.Сэр-Одын “Монголоо санасан сэтгэл” зэрэг эх орны сэдэвт бүтээлүүд зонхилж байв. “Морин хуур” наадамд урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баттөмөр жил алгасалгүй орж байгаа бөгөөд 26 дахь удаагийн наадамдаа тэрээр “Хунгийн чуулган” дуугаа сойсон юм.

Хөгжмийн зохиолчдын бүтээлийг амилуулдаг дуучдын хувьд Ардын жүжигчин А.Долгор,  МУГЖ Б.Сарантуяа, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга нарын ард олондоо алдраа дуурсгасан шилдгүүд оролцсон. Оны шилдэг дууны хөгжмийн зохиолч шалгаруулах наадмыг Ардын жүжигчин П.Хаянхярваа, УГЗ Д.Цэвээнравдан, Н.Энхбаяр, хөгжим судлаач Р.Ганбаатар, Д.Энхцэцэг нар шүүн тунгаав. Харин хөгжмийн зохиолч, Б.Бямбабаяр “Дуун дээвэртэй Монгол” тэргүүн байр, Т.Сэр-Од “Монголоо санасан сэтгэл” дуугаар удаах байрыг, Х.Мөнх-Ертөнц “Үгүйлэн санахын романс” бүтээлээрээ гутгаар байрыг тус тус эзэлжээ.

Ж.Болор
[2013-11-5 22:11:3]

Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/ уламжлал ёсоор сар шинийн өмнө ахмад хөлбөмбөгчдийн футзалын цомын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн тэмцээнийг МХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ахмад хөлбөмбөгчин спортын мастер Равсалын Энхбаярын нэрэмжит болгон хүндэтгэл үзүүлж зохион явуулсан юм. 2013 оноос эхлэн ахмадын тэмцээний насны ангилалд бага зэрэг өөрчлөлт оруулж, 40 наснаас эхлэн ахмад тамирчдын эгнээнд орж байхаар болжээ. Нийт дөрвөн насны ангилалд 34 багийн 340 гаруй ахмад тамирчин таван өдрийн турш хурд, хүчээ үзэн ур чадвараа сорилоо.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Дэлхийн хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны Хөгжлийн хорооны гишүүн, Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, AFC-ийн "Президент кап", "Челленж кап" тэмцээний ЗБХ-ны дэд дарга, МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболд, МХБХ-ны УЗ-ийн гишүүн, хөгжлийн программын захирал Д.Ганбат, МХБХ-ны УЗ-ийн гишүүн М.Амарбаясгалан, Ш.Жаргалсайхан болон ахмад хөлбөмбөгчин Р.Энхбаярын үр хүүхэд, ах, дүү нар оролцлоо.

Энэ үеэр  60 болон 70 наснаас дээш настай Хөлбөмбөгийн ахмад тамирчдаа хүндэтгэн МХБХ-ны Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулан урт удаан насалж, удахгүй болох сар шинийн мэнд дэвшүүлэн, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөлөө. Ахмад хөлбөмбөгчин Р.Энхбаярын ар гэрээс шилдэг тамирчид болон хамт нэг багт тоглож байсан "Сүлд" багийн ахмадуудад нэрэмжит шагнал гардуулав. Хаалтын ёслолд "Замчин" багийн тамирчин, хөлбөмбөгийн спортын мастер Буян-Өлзий ахлагчтай УБТЗ-ын "Хувьсал" хамтлаг хүрэлцэн ирж, ая дуугаа өргөн ахмад тамирчдаа болон хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.

Тэмцээний шилдэг багуудаар дөрвөн насны ангилалд 56-аас дээш насанд Хаан хүнс, Баянзүрх, Эрчим баг эхний гурван байрт шалгарсан бол 51-55 насанд Сансар, ЭБЦТС, Замчин багууд тодорлоо. Харин 46-50 насанд Замчин, Соёмбын барсууд, Оюутан-3 багууд нэг, хоёр, гуравдугаар байрын эзэд болж, 40-45 насанд Оюутан-1, Gepro, Дархан багууд эхний гурван байрт шалгарлаа.

Д.Өлзий
[2013-8-5 22:8:48]

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийн хоёр өдрийн сургалт өнөөдөр эхлэж байна.      Эрүүл мэндийн яамны хурлын зааланд хоёрдугаар сарын 5-6-нд болох тус сургалтаар эрүүл мэндийн байгууллагуудыг стандарт, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хэрхэн дүгнэж, магадлан итгэмжлэх талаар шинжээчдийг мэргэшүүлэх юм.

Эрүүл мэндийн сайдын 2012 оны 11 сарын 30-ны өдрийн "Журам, зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай" 404 дүгээр тушаалаар эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам шинэчлэн батлагдсан. Шинэчилсэн журмаар Эрүүл мэндийн хөгжлийн төв нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын албаны үүргийг гүйцэтгэж байгаа юм.

Д.Өлзий
[2013-5-5 22:5:22]

Монголын оюутны спортын “Универсиад” III их наадам спортын 15 төрлөөр улс орон даяар зохион байгуулагдаж байна. Цана, тэшүүрийн тэмцээнүүд амжилттай явагдаж өндөрлөсөн бол өчигдрөөс эхлэн шатрын шигшээ тэмцээнээр үргэлжилж байна.  Шатрын шигшээ тэмцээнд нийслэл, баруун, зүүн, хангай, төвийн бүсээс шалгарсан нийт 20 гаруй их, дээд сургууль, коллежийн 50 гаруй оюутан шатарчид оролцож ур ухаанаа сорьж байгаа юм.

Тэмцээн ганцаарчилсан, багийн төрлөөр явагдана. ОУОСХ-ны дүрмийн дагуу багийн дүнг өндөр оноо авсан эрэгтэй, эмэгтэй гурван тамирчны онооны нийлбэрээр гаргана. Тэмцээнийг 9 өрөгт багтаан швейцари системээр явуулж, тоглолтын үеийн цагийн хяналт 1 цаг 30 минут, нэмэлт нүүдэл бүрт нэмэгдэл 30 секундээр тооцох юм. Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчид ОХУ-ын Казань хотноо зохиогдох зуны 27 дугаар Универсиад наадамд оролцох эрхтэй болно.

Ж.Болор
[2013-1-5 22:1:37]

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, Захирагчийн албаны дарга Х.Бааст, НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм нар “Дархан орон сууц”-ны газар байгуулах тухай асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.

Орон сууц ашиглалтын газар байгуулагдсанаар халаалт, цэвэр усны  хангамж сайжран, бохир усны татан зайлуулалт жигдэрч, цахилгаан угсралтын ажлын засвар үйлчилгээ хийж байгаа одоогийн олон гүйцэтгэгчийн ажлыг зөвхөн нэг хариуцагчийн мэдэлд шилжүүлснээр нийтийн эзэмшлийн өмч эзэнтэй болж нэг цэгийн үйлчилгээнд төвлөрнө. Ингэснээр СӨХ болон Дархан Ус Суваг, Дулааны сүлжээ хувьцаат компанийн хооронд гардаг байнгын зөрчил, маргааныг бүрэн арилгаж ажлынх нь ачааллыг хөнгөвчлөх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

“Орон сууцны дундын эзэмшлийн тухай хууль” гарч Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан тэр цагаас л эхэлж одоо хүртэл оршин суугчдын гомдол тасардаггүй, мөнхийн сэдэв болсоор өдий хүрч ирсэн ч бүрэн шийдвэрлэгдэж чаддаггүй. Иймээс энэ асуудлыг нэг мөр болгон эцэслэх нь зүйтэй гэдэг саналыг асуудал боловсруулагчид баримтаар нотлож тайлбарлав. Хэрвээ “Дархан орон сууц” орон нутгийн өмчит газар байгуулагдсан тохиолдолд СӨХ-үүд юу хийх вэ гэдэгт тайлбар өглөө. “СӨХ-д нь зөвхөн орон сууцны барилга засварын ажил, тухайлбал дээвэр, орцны засвар, цонх, хаалга, орц болон гадна талбай, орчны хог хаягдал, ногоон байгууламж, хогийн сав зэргийг хариуцаж ажиллана” гэдгийг НААҮГ-ын ерөнхий инженер Д.Нямхүү танилцуулав.

Шинээр байгуулах “Дархан орон сууц” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах уг асуудлыг нарийн төлөвлөж байж шийдвэрлэх нь зүйтэй гэж зөвлөлийн гишүүд үзээд тусгай ажлын хэсэг байгуулан дахин судлан тооцоолж эргэж хэлэлцэхээр тогтлоо.

Дархан-Уул аймаг    Б.Норовсамбуу
[2013-59-5 21:59:11]

Олон нийтийн сонирхлыг татаж, шуугиан тарьсан хоёр хэрэг энэ долоо хоногт прокурорын хяналтаас шүүхийн шатанд шилжлээ.

    УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг газрын зөвшөөрөл гаргаж өгнө гэж бусдаас их хэмжээний мөнгө залилсан хэрэгт буруутган, 10-15 жил хорих яллах дүгнэлт үйлдсэн бол, гадаадын иргэний амь насанд шунахайн сэдлээр халдсан гэх  Ч.Баттуулд эмэгтэй хүн гэдгийг нь харгалзан үзэж 25 жилийн ял төлөвлөн шүүхэд шилжүүлжээ.

     Д.Дондогийг УИХ-ын гишүүн байх үеэс нь шалгаж, нийслэлийн Прокурорын газраас бүрэн эрхийг нь эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д удаа дараа тавьж байсан ч хүлээж аваагүй юм. Харин түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болоход холбогдох хэргийг өнгөрсөн зунаас эхлэн дахин шалгаж эхэлжээ.

    УИХ-ын гишүүн асан Д.Дондог нь 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилсан. Энэ мөнгөө тухайн жил болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгаандаа ашигласан гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд он гармагц шилжүүлсэн. Түүний залилангийн хэрэгт туслах Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байгаа талаар Нийслэлийн прокурор Ё.Сагсай мэдэгдэж байна.

    Түүнийг "Эрүүгийн хууль"-ийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр  буруутгаж буй юм.

    АНУ-аас дагуулж ирсэн, багш гэх залуугаа шунахайн сэдлээр буудан хөнөөсөн гэх Ч.Баттуулын хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаж дуусаад,  харъяалал тогтоохоор Улсын дээд шүүхэд шилжүүлжээ. Хуулийн дагуу Ч.Баттуулын үйлдсэн хэрэгт цаазын ял оноох учиртай аж. Гэвч эмэгтэй хүнд цаазаар авах ял оноодоггүй тул 25 жил орчим хорих ял төлөвлөв.

    Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад буй Ч.Баттуул нь, “Надад ямар нэгэн гомдол байхгүй. Хийсэн гэмээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа” гэж мэдүүлжээ.

Я.Баяраа
[2013-57-5 21:57:26]

Монгол Улсын иргэнийг бүлэглэн зодсон БНХАУ-ын иргэдийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүж, 5 сар 20 хоног баривчлах ял оноожээ. Шүүхийн тогтоолд гэмт этгээдүүд хохирогч залуугийн биед учруулсан гэмтлийг эмчлэх төлбөрийг бүрэн төлсөн гэдгийг анхан шатны шүүх харгалзан үзсэн талаар дурьдсан байна.


Өнгөрсөн оны тавдугаар сард БНХАУ-ын иргэн Ли Вэн Бө, Ли Хун Вей, Ян Лү Жүн, Хан Бён, Ли Дун Чин нар нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ард талд баригдаж буй   “Шангрилла” зочид буудлын барилга  дээр хөдөлмөр эрхэлж байх үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас зэвсгийн чанартай төмөр хэрэглэн, Монголын иргэн "Б"-гийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан.   Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.2-т зааснаар буруутган, ял шийтгэжээ.

Я.Баяраа
[2013-56-5 21:56:4]

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өчигдрийн хуралдаанаар бүлгийн ажлын албаны даргаар С.Дэмчигийг томилсон байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Б.Болдбаатар нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон учраас С.Дэмчиг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албыг удирдах болов.

С.Дэмчиг 1986 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн. Тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар томилогдох хүртлээ УИХ-ын Тамгын газарт ажиллаж байжээ.

Н.Туяа
[2013-51-5 21:51:31]

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх үед УИХ-ын гишүүн М.Батчимэг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8-д заасны дагуу Үндэсний дата төвийн болон улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг 2013 оны нэгдүгээр улиралд багтаан баталж мөрдүүлэх, Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооноос боловсруулан дээрх хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан юм. Энэ саналыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн.

Энэ удаагийн хуралдаанаар хуулийн төсөл болоод Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталья гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гаргаж, гишүүдийн олонх дэмжлээ.
 
Н.Туяа
[2013-49-5 21:49:40]

Монголын Үндэсний  МОНЦАМЭ агентлаг нь өдөр тутмын мэдээллийн "Цаг үе, үйл явдал" нэртэй цэнхэр, ногоон бэсрэг сэтгүүлийг уншигчиддаа хүргэдэг байв. Эл сэтгүүлийнхээ суурь дээр шинээр "МОНЦАМЭ ТОЙМ" сар тутмын сэтгүүлийг энэ оны эхнээс гаргаж эхлээд байна.

    "МОНЦАМЭ ТОЙМ" сэтгүүл нь сар тутам Монгол Улсын анхаарал татсан улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан нэг сэдвийг сонгон авч асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл, тойм нийтэлж байх зорилготой юм. Тус сэтгүүлийн 2013 оны нэгдүгээр сарын анхны дугаарт Газрын тосны асуудлыг    хөндсөн тоймууд, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл зонхилох байрыг эзэлсэн байна. Монгол улсын нэртэй нийтлэлч Ч.Эрдэнэ, түүхч, судлаач Т.Мандир, МОНЦАМЭ агентлагийн ахмад тоймч, сэтгүүлч Ц.Даваажав, Ц.Сүрэнжав, залуу тоймч Ш.Батболд, Б.Адьяахүү нарын нийтлэлүүд уншигчдын анхаарлыг татахаар болжээ.

    Монголын бодлого баригчид, төр засгийн удирдах ажилтнууд болон эрдэмтэд, улс төрчид, эдийн засагчид гээд оюунлаг уншигчдын хүртээл болох олон нийтлэлээрээ ялгарах "МОНЦАМЭ ТОЙМ" сэтгүүлийн  Хоёрдугаар сарын  дугаарт Монголын Төмөр замын асуудлыг хөндөх юм. "МОНЦАМЭ ТОЙМ" монголын элит уншигчдын захиалгад орохын төлөө ажиллаж байна.

Ж.Батсайхан
[2013-43-5 21:43:34]

Оны шилдэг гэрэл зургуудыг багтаасан "Mongolian Press photo-2012" гэрэл зургийн цомог хэвлэлтээс гаргалаа.    

Энэхүү гэрэл зургийн цомогт мэргэжлийн болон сонирхогчдын авсан нийт 150 орчим бүтээлийг багтаасан юм. Гэрэл зургийн хэлээр үйл явдлыг маш өгүүлэмжтэйгээр, тухайн агшныг ямар нэг эвлүүлэггүйгээр фото хальснаа буулгаж чадсанаараа эдгээр бүтээлүүд 400 гэрэл зургаас шалгарч уг цомогт багтжээ. Цомогт улс төр, нийгэм, соёл урлаг, спорт, хүрээлэн буй орчны салбарт 2012 онд өрнөсөн томоохон үйл явдлууд, тэдгээрийн алдаа оноо, сургамжтай талыг гэрэлтэй болоод сүүдэртэй талаас нь харуулснаараа онцлог юм. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас гаргаж буй уг цомог уламжлал болон хэвлэгдэх бөгөөд жилээс жилд гэрэл зурагчдын тоо өсөн нэмэгдэж, тэдний ур чадвар сайжирч байгаатай уялдуулж цомгийн дараа дараагийн чанарт ихээхэн анхаарч ажиллах аж.  

Үндэсний гэрэл зургийн танхим, "Монголын гэрэл зураг мэдээлэл" сэтгүүл, Фото мэдээллийн "Inet.mn" сайттай хамтран бүтээсэн уг цомог Монгол улсын гадаад сурталчилгаанд зориулагдсан бөгөөд мөн Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд гаргаж байгаа юм. Шилдэг зургуудаар айгуулагчид Төрийн ордны Баганат танхимд "Press photo-2012" нэрийн дор нэг сарын хугацаатай үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болгоод байна.
 
"Mongolian Press photo-2012" гэрэл зургийн цомгийг удахгүй номын худалдаагаар борлуулах юм.

Б.Туул

 

[2013-38-5 21:38:58]

Зам тээврийн яам, БНСУ-ын Тээврийн аюулгүй байдлын газар хамтран тус улсаас Монгол Улс руу гарах тээврийн хэрэгсэлд тухайн улсын техникийн хяналтын дүгнэлт гаргуулж байж  хилээр нэвтрүүлэх тухай Санамж бичгийг ирэх гуравдугаар сард байгуулах гэж байна.

Хэдийгээр хуучирсан машиныг хилээр нэвтрүүлэхийг хязгаарлах хууль журам гарган хэрэгжүүлж үүний дүнд хуучин машины импорт зургаан хувиар буурсан хэдий ч долоогоос дээш настай машины тоо 80 шахам хувийг эзэлж байна. Энэ тухай Зам тээврийн дэд сайд Х.Ержан өнөөдөр болсон УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаанд мэдээллээ.

 

[2013-35-5 21:35:9]

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагддаг Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны анхны хуралдаанаар өнөөдөр утаагүй түлшний хангалт, шинээр баригдах түлшний үйлдвэрийн төслийн явцын талаар хэлэлцлээ.

    Агаарын бохирдлыг бууруулахад бодит үр дүн авчрах нэг ажил нь утаагүй түлшний үйлдвэр байгуулах юм. Тиймээс "Дулааны цахилгаан станц 2" ТӨК-ийг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлээд, барилгын ажлыг гүйцэтгэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ үйлдвэр ашиглалтад ороогүй, бүтээгдэхүүнээ гаргаж эхлээгүй байгаа бөгөөд энэ асуудлаар өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны гишүүд холбогдох мэргэжилтнүүдээс тодруулав.

    Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид энэ тухайд "2009 оноос агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих зорилт тавьж эхэлсэн. Гэхдээ гол төлөв түүхий нүүрсийг нунтаглан барьцалдуулах замаар шахмал түлш үйлдвэрлэж байсан. Харин хагас коксжсон утаагүй шахмал түлш нь түүхий нүүрс шатаасантай харьцуулахад 85-95 хувь утааны хорт бодисыг бууруулдаг гэдэг судалгаа байдаг. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахын тулд хагас коксжсон утаагүй түлшний үйлдвэр байгуулах зорилт тавин, "Дулааны цахилгаан станц 2" ТӨК-ийг түшиглэн 250 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн" гэлээ.

    Энэ төслийн тендерт "Аморе интернейшнл" ХХК, ОХУ-ын "Сиптермо" ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарч, 2010 оны долдугаар сарын 9-нд ЭБЭХЯ-тай /хуучнаар/ гэрээ байгуулж, үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна. Гэрээний нийт өртөг 16.9 тэрбум төгрөг бөгөөд төсөлд шаардагдах Шингэн шилний үйлдвэр байгуулах төслийн өртөг 1.2 тэрбум төгрөг аж.

    Төслийг хэрэгжүүлэгчид 18 удаа зуухны галлагаа хийсэн ч горим нь таарахгүй байгаа учир өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна гэж Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид тайлбарлалаа.  Үүний учир нь үйлдвэрлэлд хараахан нэвтрээгүй байгаа технологийг манайд тавьсан юм байна. Энэ төслийн хүрээнд уур, цахилгаан, кокс гэсэн гурван зүйлийг гаргах ёстой ч аль нэгийг нь үйлдвэрлэхэд нөгөөх нь хүчрэхгүйд хүрч байгаа нь гол асуудал гэв. Өөрөөр хэлбэл коксжсон нүүрсээ үйлдвэрлэхэд дулаанаа ялгаруулж чадахгүй, дулаанаа гаргахад цахилгаан доголдох гэх мэт асуудал байгаа аж.

    Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд нарын гишүүд асуулт асууж, санал бодлоо хэлэв. Тус дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг "Сайжруулсан түлшний үйлдвэрлэл ашиглах боломжгүйд хүрвэл буруутай этгээдэд заавал хариуцлага тооцно. Гэхдээ одооноос эхэлж дараагийн үйлдвэрийн асуудалд анхаарлаа хандуулж, ажлаа эхлүүлэх хэрэгтэй байна" гэв.

    УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан "Энэ дэд хороо 2011 онд байгуулагдсан ч тодорхой улс төрийн шалтгаанаас хуралдаж амжаагүй байсаар өнөөдөр анхны хуралдаанаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр хийж байна. Дэд хорооны хариуцах асуудлын хүрээ зөвхөн агаарын бохирдлоор хязгаарлагдахгүй" гээд энд асуудлаа танилцуулахаар ирсэн холбогдох албаны хүмүүст хандаж, хийсэн ажлаа тайлагнахаас илүүтэй хийж байгаа ажилд тань учирч байгаа саад бэрхшээл, хүндрэл байвал ярихыг зөвлөж байв. Түүнчлэн "Байнгын хорооны хуралдаанд бид “Цэвэр агаар” сангийн гэхчлэн олон асуудлын талаар танилцуулга сонссон. Ихэвчлэн хийсэн ажлаа тайлагнаад нэг л зүйлийг яриад байдаг. Гэтэл хамгийн гол зүйлээ бид орхигдуулаад байдаг гэмтэй, бодит тодорхой зүйлийг ярих ёстой" гэсэн юм. Тэрбээр, Засгийн газар энэ өвөл нүүрс олгож, тараасан нь хэдийгээр ард иргэдэд хэрэгтэй ажил байсан ч нийслэлийн утааны бохирдлын байдалд ташуур өгсөн сөрөг арга хэмжээ болсон гэдгийг дурдаж, хэрэв дараа жил ийм байдал давтагдвал УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны зүгээс шууд зогсоохоос өөр аргагүй гэдгийг ч хэлж байлаа.
 
    Г.Баярсайхан гишүүн цааш нь, сайжруулсан түлшний үйлдвэр цаашдаа бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж чадах боломж бий эсэхийг лавлаж, хэрэв төсөл гүйцэтгэгчид чадахгүй байгаа бол өөр гүйцэтгэгчийг судалж үзэх хэрэгтэйг хэлж байв. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хийн түлшний хэрэглээг өргөжүүлэх, түгээх нь илүү үр дүнтэй байх боломжтойг онцлоод энэ талаар судалгаа, боломж гарцыг олж тогтоохыг даалгалаа.

    Түүнчлэн хуралдаанд МУИС-ийн эрдэмтэн С.Лодойсамба саналаа хэлсэн бөгөөд тэрбээр хагас коксжсон нүүрс үйлдвэрлэсэн ч агаарын бохирдлыг дорвитой бууруулж чадахгүй гэлээ. Өөрөөр хэлбэл зуухны асаалт сайн байхгүй цагт ямар ч "сайн" түлш түлсэн үртсэн шахмал түлшээр асаах шаардлага гарна, тиймээс утаа хэвээрээ байна гэж байв. Харин хийн түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлснээр утаа 100 хувь хүртэл буурах боломжтой онцгойлон хэлсэн юм.

Н.Гантуяа
[2013-14-5 16:14:17]
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Инфляцын хүлээлт эерэг байгааг харгалзан бодлогоо зөөлрүүлэн Монгол банкнаас 2009 оноос хойш анх удаа хүүгийн хэмжээгээ буурууллаа.

Монгол Банк 13,25 хувь байсан бодлогын хүүгээ 12,5 хувь болгон бууруулснаар энэ жил инфляцаа зорилтот найман хувьд хүргэж чадна гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Энэ тухай тус банкны Ерөнхий эдийн засагч С.Болд утсаар ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Л.Урангуа
[2013-12-5 16:12:21]

 

СИНГАПУР. /РОЙТЕРС/. Монголын нүүрс олборлолтын хувийн томоохон компани болох "Mongolian Mining" компанийн /MMC/ В1 зэрэглэлийг бууруулахаар олон улсын чансааны "Moody's" компани шалгаж байна.

2013 онд нүүрсний үнэ 155-165 ам.доллар байна гэж таамаглаж байгаа "Moody's" MMC-ийн хөрвөх чадвар нь улам сулрах төлөвтэй байна. Түүнчлэн Монголын уул уурхайн шинэ хууль ММС-д эрсдэл учруулж болзошгүй байгаа юм.

Хоёрдугаар сарын сүүлээр гарах "Moody's"-ийн үнэлгээнд MMC-ийн олборлолтын төлөвлөгөө, харилцагчдын гэрээ, хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөгөө, гэрээ байгуулах санал, хөрвөх чадварыг тооцож үзэх юм.

Л.Урангуа
[2013-9-5 16:9:33]
Австралийн Квинсленд мужид үер буусан нь коксжих нүүрсний үнийг өсгөж болох талтай. Хоёр жилийн өмнө болсон үерийн үеэр дэлхийн хамгийн том нүүрсний үйлдвэр болох Квинслендийн уурхай усанд автаж тонн нүүрсний үнэ дээд цэгтээ хүрсэн бол энэ удаад яагаад ч 300 ам.долларт хүрэхгүй бололтой.

Харин өнгөрсөн гурван жилд тонн нь 80 ам.доллар болтлоо буураад байсан төмрийн хүдэр өнгөрсөн сард 150 доллар болон өссөн бол коксжих нүүрсний үнэ сүүлийн хэдэн сарын хугацаанд 150 орчим доллар байна.

Нүүрсний хамгийн том хэрэглэгч болох Хятад улс Монголоос 2012 онд өмнөх оноос 4,9 хувиар бага буюу 19 сая тонн коксжих нүүрс импортлон авчээ. Тэгвэл Австрали улс 2012 онд өмнөх оноос 35 хувиар илүү буюу 13.9 сая тонн нүүрсийг Хятадад нийлүүлсэн ажээ.

Монголын нүүрсний экспортын хэмжээ багассан нь "Эрдэнэс Тавантолгой" компани Хятадын "Чалко" компанитай байгуулсан алдагдалтай гэрээг шинэчлэх оролдлоготой холбоотой байж болох юм.

Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт зогсож, Монгол ч нийлүүлэлтээ зогсоохоор сүрдүүлж байхад Хятадын нүүрсний эрэлт сүүлийн дөрвөн сард хоёр дахин нэмэгдээд байгаа энэ үед нүүрсний үнэ өсөх болов уу?

Л.Урангуа
[2013-7-5 16:7:32]
КИЕВ. Украины Аюулгүй байдлын зөвлөлийн шинэ дарга Александр Якименко 1970-аад онд Монголд ирж, Налайхын ойролцоох цэргийн хотхонд аж төрж байжээ.

…Бид долдугаар ангидаа Налайхын уурхайтай танилцаж, наймдугаар ангидаа Улаанбаатарын цирк үзэж байлаа.

З.Амгалан
[2013-3-5 16:3:51]

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн тушаалаар Бүх цэргийн их хар сүлдний өргөөнд зочид оруулах журмыг шинэчилж, иргэдэд нээлттэй болгов.


   
[2013-0-5 16:0:30]

Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэгийн багш Сүхбаатарын Эрдэнэтуяатай ярилцлаа.


[2013-55-5 15:55:8]

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Хуулийн төсөлд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал, 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг нарийн мэргэжлийн эмч, боловсролын болон нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэрээр тодорхойлон тогтоож байхаар зохицуулжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг тодруулах зорилгоор ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагч нарт үдийн хоол өгч байхаар, мөн дотоодын рашаан, сувилалд сувилуулахаар явж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нэг талын унааны болон эрхийн бичгийн үнийн зардлыг 100 хувь нөхөн олгохоор тус тус тусгав.  Харин санал хураалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сувилуулахад дараалал харгалзахгүйгээр үйлчлэх  заалтыг хуулийн төсөлд нэмж оруулах нь зүйтэй гэсэн  УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн саналыг гишүүдийн олонхи дэмжсэн юм.
 
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжиж, чуулганаар хэлэлцэх боллоо.

Н.Гантуяа
Паралимпийн тамирчны хувцсыг “Говь”-д үйлдвэрлэжээ
Сочид болсон цагаан олимпийн дараа паралимп эхлэх гэж байна.
1 сарын өмнө
Хууль зүйн яамыг толгойлох болсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин салбартаа олон шинэчл...
1 сарын өмнө
Б.Цолмон: Иргэд хурууны хээгээр 15 секундийн дотор хил нэвтрэх боломжтой
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын тэргүүн дад дарга Б.Цолмонтой ца...
1 сарын өмнө
 Оршуулгын газар 20 саяд хүрсэн нь иргэдийг бухимдуулж эхэллээ
"Монголын топ 100 тэрбумтан" баячуудын жагсаалт дундаас хамгийн баян бизнесмэн б...
1 сарын өмнө
 Татвар төлөгчдөөсөө бадар барьсан засаг хоёр сайдаараа туг тахина
Татварын  ерөнхий газраас томоохон татвар төлөгчиддөө хандаж албан бичиг ил...
1 сарын өмнө
Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж байна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-нд болсон хуралдаанаар Авто ху...
1 сарын өмнө
Барак Обама Афганд хатуу анхааруулга өгөв
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама афган хамтрагч Хамид Карзайтай холбогдон, энэ оны...
1 сарын өмнө
Валют “олох” журмыг батлав
Монголбанк арилжааны банкуудтай валютын своп хэлцлийн гэрээг гурваас дээш жилийн...
1 сарын өмнө
Улаанбаатарт 13-15 градус хүйтэн байна
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-1...
1 сарын өмнө
 Тогтвортой засгийн газар байгуулсны дараа хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй
КИЕВ. /Ukrinform/. Украин улс шинэ Засгийн газраа байгуулсны дараа Европын Холбо...
1 сарын өмнө
 Пхенчханд Олимпийг явуулахад Сочигоос тав дахин бага зардал гаргана
Өмнөд Солонгосын Пхенчхан хотод 2018 онд 13-р өвлийн Олимп нээлтээ хийх бөгөөд т...
1 сарын өмнө
 Д.Дорлигжав: Удахгүй ард түмэн гомдол мэдүүлээд эхлэх вий гэхээс санаа зовж байна
Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай ярилцлаа.-Прокурорын дэргэдэх мөрдөн байца...
1 сарын өмнө
“СЭХЭЭНД ХЭВТСЭН” УУЛ УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
0.76 хонконг доллар. Энэ бол Тавантолгойн ордын Ухаахудагийн хэсгээс нүүрс олбор...
1 сарын өмнө
Украйн мандтугай
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “OРТ 1” телевизээр Украйны ард ...
1 сарын өмнө
 Тэтгэврийн насыг уртасгах нь зардал бууруулна
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /ХАХНХЯ/, Нийгмийн даатгалын ерөнхий га...
1 сарын өмнө
 Шинэ махны нийлүүлэлт зогсоно гэсэн нь худал яриа байжээ
Энэ хаврын cap урт, махны хэрэгцээ их, хажууд нь шүлхий гарч хөдөөнөөс мах нийлү...
1 сарын өмнө
Шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн...
1 сарын өмнө
 ИНЕГ-ын удирдлагуудыг салбартаа тогтворгүй байдал үүсгэсэн гэжээ
ИНЕГ-ын удирдлагууд ажилтнуудаа хууль бусаар халж, салбарын мэргэжлийн бодлогыг ...
1 сарын өмнө
 Улаанбаатар 6 хэмийн хүйтэн байна
Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад ...
1 сарын өмнө
УБТЗ оросуудын байрны түрээсэд жилд хоёр тэрбум гаруй төгрөг төлдөг байна
БНСУ-ын Элчин сайдын яамны баруун талд “Diplomat apartment” гэх нэрт...
1 сарын өмнө
Санал асуулга
Улсын цэцэрлэгүүдийг 17 цагаас хойш тодорхой хэмжээний төлбөр авч цагийг нь уртасгавал та дэмжих үү?
Ажил 18:00 цагаас хойш тардаг учраас дэмжиж байна
Төлбөрийн хувьд бага байх шаардлагатай
Дэмжихгүй
Бусад
Vр дvн | Санал: 35 | Cэтгэгдэл: 1
banner
Дээшлэх